УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БИРЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ЖУРМУУДЫГ БАТАЛЛАА

0

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Энэ удаагийн хуралдаанаар хэд, хэдэн чухал асуудал хэлэлцсэний нэг нь уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаатай холбоотой журмуудыг баталсан явдал юм. УИХ-аас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталсан бөгөөд энэ сарын 30-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Үүнтэй холбогдуулж уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр дамжуулан арилжаалахад арилжаа, төлбөр тооцооны бэлэн байдлыг хангуулж, бирж болон брокерийн үйл ажиллагааг зохицуулах, үүсмэл санхүүгийн хэрэгслийг биржээр арилжаалах эрх зүйн зохицуулалтын орчныг бүрдүүлэх зорилгоор “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн болон биржийн арилжааны зуучлагч /брокер/-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, түүнд хяналт тавих журам”, “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа төлбөр, тооцоо хийх ерөнхий журам”, “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны болон ханшийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, ашиглах, мэдээллийг нийтэд хүргэх журам”, “Үүсмэл санхүүгийн хэрэгсэл гаргагчид тавих нөхцөл, шаардлага, шалгуур болон үүсмэл санхүүгийн хэрэгслийн стандарт, түүнийг арилжих журам”-ыг тус тус баталлаа. Эдгээр журмыг баталснаар бирж болон брокерийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг зохион байгуулах, арилжаанд зуучлах үйлчилгээг үзүүлэхтэй холбоотой тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргах нөхцөл бүрдэж, арилжаа, төлбөр, тооцоо, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэгч талуудын үүрэг, хариуцлага тодорхой болохын зэрэгцээ уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа олон улсын жишгийн дагуу шударга, ил тод, нээлттэй явагдах суурь эрх зүйн орчин бүрдлээ. Түүнчлэн УИХ-аас Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсантай холбогдуулж Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2011 оны 274/240 тоот хамтарсан тушаалаар баталсан “Бизнесийн үнэлгээ хийх аргачлал”-ыг олон улсын жишигт нийцүүлэн “Бизнесийн үнэлгээ хийх журам” болон “Бизнесийн үнэлгээ хийх аргачлал” болгон шинэчилсэн бөгөөд уг журам, аргачлалыг хуралдаанаар танилцуулж, СЗХ-ны даргад хамтарсан тушаалаар батлах зөвшөөрлийг олголоо.

Мөн хуралдаанаар “Сайн дурын даатгалын хэлбэр”-т өөрчлөлт орууллаа. УИХ-аас Даатгалын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиудад даатгагч нь холбогдох этгээдээс бусад этгээдэд баталгаа, батлан даалт гаргах боломжийг бүрдүүлсэн нэмэлт өөрчлөлтийг оруулж баталсан. Ингэснээр даатгалын компаниуд тендерийн баталгаа, урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгаа гаргах боломжтой болсон бол төрийн болон орон нутгийн өмчит байгууллагууд, хувийн хэвшил, олон улсын төсөл хөтөлбөрүүдийн хувьд тендерийн үйл ажиллагаандаа банкны баталгаанаас гадна даатгагчийн баталгааг ашиглах боломжтой болсон. Энэхүү нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор хуралдаанаар “Сайн дурын даатгалын хэлбэр”-т өөрчлөлт оруулж, Даатгалын тухай хуулийн 4.1.13-т заасан даатгагчийн баталгааны шинж чанарыг агуулж буй “Итгэлцлийн даатгалын хэлбэр”-т хамаарах “Гүйцэтгэлийн баталгааны даатгал”-ын бүтээгдэхүүнийг тус хэлбэрээс хасахаар шийдвэрлэлээ.Тодруулбал даатгагчийн баталгаа гаргахтай холбоотой бүхий л харилцааг “Даатгагчийн баталгаа гаргах журам”-аар зохицуулах боломжтой болж байна. Даатгагчийн баталгаа нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд учирч буй санхүүгийн хүндрэлийг илүү эдийн засгийн үр өгөөжтэй байдлаар шийдвэрлэх, санхүүгийн салбарт зөв өрсөлдөөнийг бий болгох, мөнгөн урсгалын эргэлтийг нэмэгдүүлэх, даатгалын салбарын эрэлт нийлүүлэлтийг өсгөж, хамрах хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх санхүүгийн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ юм.

Түүнчлэн хуралдаанаар нэг компанийн гаргаж буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэхээр, нэг компанид үнэт цаасны дилер, хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нэмж олгохоор, мөн нэг компанид мөнгөн хөрөнгийн орлого, зарлагын номинал данс эзэмших зөвшөөрөл нэмж олгохоор шийдвэрлэсэн бол нэг хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичиг, нэг хувийн хөрөнгө оруулалтын сангийн дүрмийн өөрчлөлтийг тус тус бүртгэхээр шийдвэрлэв. Мөн хоёр компанид даатгалын байгууллагад аудит хийх эрх, банк бус санхүүгийн гадаад валют арилжаа эрхлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшгөөрлийг нэг компанид, банк бус санхүүгийн зээл олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг гурван компанид мөн банк бус санхүүгийн факторингийн үйлчилгээ эрхлэх болон банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг компанид нэмж олгохоор тус тус шийдвэрлэв.

Харин үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр компанид олгохоор мөн энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан хоёр компанийн тусгай зөвшөөрлийг сэргээхээр, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн санхүүгийн тайланд аудит хийх хуулийн этгээдээр нэг компанийг бүртгэхээр шийдвэрлэлээ

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *