ҮНДСЭН ХУУЛИЙН АРААС БАТЛАГДАХ ГОЛ ХУУЛИУД…
Монгол улсын үндсэн хуульд өөрчлөлт орлоо. Парлиамент сайн муу хэлэгдэж, сайхан нийгмийн төлөө гэж зүтгэсээр ҮХ-д өөрчлөлт оруулж, ирэх сонгуулийн дараа Монгол улсын их хурлын 126 гишүүн гэх нэртэй болохоор болов. Салхи эргэж, ирэх 30 жилийн тоглоомын дүрэм өөрчлөгдлөө гэгдэж байгаа ҮХ-ийн энэ өөрчлөлтийн араас буюу наадмаас өмнө батлагдах гол хуулиудын талаар товч мэдээлье.
Сонгуулийн тухай хууль
Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор дагаж өөрчлөгдөх номер нэг хууль нь Сонгуулийн тухай хууль. Тус хуулийн гол өөрчлөлт нь сонгуулийн тогтолцооны өөрчлөлт байх болно. Өөрөөр хэлбэл Үндсэн хуульд нэг парлиаменттай, 78 гишүүн тойргоос, 48 гишүүн жагсаалтаар сонгогдоно гэсэн өөрчлөлт орсон учраас Сонгуулийн тухай хуульд холимог тогтолцоотой байна гэсэн заалт орж ирнэ. Түүнчлэн хуучин байсан 76 тойрог дээр 2 мандат нэмэгдэж байгаа учраас бас өөрчлөлт хийгдэнэ. Монгол улсын үндсэн хуульд дараагийн сонгууль болохоос өмнө жилийн дотор өөрчлөлт хийж болохгүй гэж заасан байдаг учраас тус хууль энэ сарын 30-наас өмнө батлагдах учиртай.
Улс төрийн намын тухай хууль
2023.04.14-ний өдөр УИХ-ын даргад ЕТГ-ын дарга Я.Содбаатар өргөн барьсан. Энэ хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хэд хэдэн томоохон өөрчлөлтүүд хийгдэж байгаа. Тухайлбал УИХ-ын хоёр сонгуульд дараалан оролцохгүй бол тухайн намыг идэвхгүй байдал руу шилжүүлэх, хариуцлага тооцох, Улс төрийн нам нь улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах шаардлагатай, Улс төрийн намын санхүүжилтийг ил болгож, аудит оруулаагүй тохиолдолд хариуцлага тооцдог тогтолцоог бий болгох, Улс төрийн намыг бүртгэх, байнга хяналт тавих чиг үүргийг Сонгуулийн Ерөнхий Хороо(СЕХ)-нд өгсөн. Мөн төрөөс улс төрийн намуудад санхүүжилт олгох зэрэг хэд хэдэн онцлог заалтууд туссан.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль
Өнөөдөр монголын улс төр ямар хэмжээнд бохирдсоныг сүүлийн жилүүдэд олон нийт мэдэх болсон томоохон хулгай луйврууд гэрчилж буй. Нүүрсний хулгай, ЖДҮ, Сангуудын луйвар, тендерийн мангасууд гээд өнөөгийн улс төрчдийн оролцоогүй авлига, хулгайн хэргүүд бараг үлдсэнгүй. Тэгвэл энэ хуулийн төсөл батлагдсанаар Монголын улс төр цэвэршихэд ихээхэн үүрэг гүйцэтгэнэ гэдгийг эрх баригч намын дарга цохож буй. Тус хуулийн төсөлд тусгаж байгаа гол заалт нь УИХ-ын гишүүд, сайд, дарга нар, тэдний хамаарал бүхий этгээдүүд тендер, хөнгөлөлттэй зээл, тусламж, батлан даалтад хамрагдахыг хориглож буй. Ингэснээр нэг бол бизнесээ хий. Эсвэл нийтийн албанд зүтгэх бол бизнесээ хойш тавь гэсэн сонголтыг тулгаж буй.
Төрийн албаны тухай хууль
Төрийн албаны тухай хуулийг 2017 онд шинэчилсэн найруулгаар баталж, төрийн улс төрийн болон тусгай албан тушаал эрхэлж буй этгээдийн ёс зүйн хэм хэмжээг хууль тогтоомжоор тогтоохоор, төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлж буй төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтоохоор зааснаар төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлыг журамлан зохицуулж байна. Гэвч 2017 оны энэ хууль өнөөдөр хэрэгжилт, үр дүн нь хангалтгүй байгааг хуульчид хэлж байгаа. Хэдийгээр Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар хууль, дүрэм цөөнгүй боловч төрийн албаны бүх түвшинд ёс зүй, хариуцлагын арга хэмжээ дэндүү сул байгаа гэж иргэд шүүмжилж буй. Улс орон даяар зохион байгуулсан Зөвлөлдөх санал асуулгад оролцсон иргэдийн 94.5 хувь нь төрийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх ёстой гэж үзсэн.