“Шинжээч эмчийн дүгнэлт гарсны дараа хариуцлага тооцно”
Жирэмсэн эхнэр, таван настай хүүгээ зодсон хэрэг /2023.05.31/гарсан талаар иргэн цахим хуудастаа мэдээлсэн. Тодруулбал, хойд эцэг болох 29 настай эрэгтэй нь хоёр сартай жирэмсэн эхнэр болон 70 настай төрсөн эцгийгээ зодож, таван настай хүүхдийг хүнд гэмтээсэн байдаг. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн учир эрүүлжүүлэх байранд тухайн хүнийг хүргэсэн ч хорих заалтгүй учир сулласан. Цагдаагийн ерөнхий газраас энэ талаар тодруулахад “Ар гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн учраас эрүүлжүүлэх байранд оруулсан. Гэр бүлтэйгээ уулзаж, заналхийлсэн үйлдэл байхгүй. Ээж, хүү хоёрыг түр хамгаалах байранд хүргэе гэсэн ч татгалзсан, гэртээ байгаа. Мөн хорооны хамтарсан багтай хамтран ажиллаж байна. Шүүх шинжилгээний байгууллагаас шинжээч томилогдож, гэмтлийн зэргийг тогтоохоор ажиллаж байна. Одоо шинжээч эмчийн дүгнэлт гарахаар хэрэг бүртгэл нээж, шалгана” гэв.
Гэмтлийн зэрэг гарсан бол гэр бүлийн хүчирхийлэл гэхгүйгээр шууд хүний биед санаатайгаар гэмтэл учруулсан гэж эрүүгийн хэрэг үүсгэдэг. Харин гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл өгсөн бол шүүхээс 7-14 хоногийн хугацаатай баривчлах шийтгэл оногдуулдаг хуулийн зохицуулалттай.
Таван настай хүүгийн ээжийн хэлснээр “Тухайн хүнтэй хамтран амьдраад дөрвөн сар болж байгаа. Тавдугаар сарын 31-ний орой гэр бүлийн маргаан гарч, биднийг зодсон. Гэрээсээ гарч зугтаасан ч араас гүйцэж ирээд хүүхдийг маань зодож, намайг мөн цохисон.
Өмнө нь нэг удаа гэр бүлийн хүчирхийлэл хийж үйлдэж байсан ч цагдаад өгөөгүй.
Өмнө нь гэмт хэрэгт холбогдож, ял шийтгэл эдэлж байсныг нь мэдэж байсан ч хүчирхийлэл үйлдэнэ гэж бодоогүй” гэх тайлбарыг өгчээ. Хүүгийн гэмтлийн зэргийг шүүх шинжилгээний эмнэлэг хийж байгаа бөгөөд шинжээчийн дүгнэлт гарсны дараа тухайн этгээдэд хариуцлага тооцохыг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.