Танилц: Тэгш ойтой аймаг, сумдын баяр наадмын тов
Үндэсний их баяр наадмын комиссоос гаргасан шийдвэрийн дагуу долдугаар сарын 10-13-н хүртэл бүх нийтээр баяр наадмыг тэмдэглэдэг уламжлалтай. Тиймээс аймгууд сумдын баяр наадмын хуваариа гаргаж эхэлжээ. Энэ жил 100 жилийн ойтой аймаг, сумдын мэдээллийг нэгтгэн хүргэж байна.
АРХАНГАЙ АЙМГИЙН 100 ЖИЛИЙГ ДОЛДУГААР САРЫН СҮҮЛД ТЭМДЭГЛЭНЭ
Архангай аймгийн тухайд улсын их баяр наадмыг бүх нийтээр тэмдэглэх шийдвэртэй холбоотойгоор сумдын наадмыг ч нэгдсэн зохион байгуулалттай тэмдэглэхээр болжээ. Тус аймаг нийт 19 сумтай бөгөөд аймгийн 100 жилийн тэгш ой энэ онд тохиож байгаа. Архангай аймаг байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх, бэлтгэл ажлыг зохион байгуулах зургаан салбар хороог аймгийн Засаг даргын захирамжаар байгуулжээ. Тус аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид зургаан салбар хороог бүрэн бүрэлдэхүүнээр нь хуралдуулж тодорхой үүрэг, чиглэлүүдийг өгч баярын товоо гаргажээ. Тодруулбал, тэгш ойтой дараах зургаан сумын баярыг ижил өдөр зохион байгуулах аж. Үүнд:
- Ихтамир,
- Тариат,
- Хашаат,
- Хотонт,
- Цахир,
- Цэнхэр зураг сумын тэгш ойг долдугаар сарын 16-18-нд,
- Өндөр-Улаан сумын ойг ирэх сарын 16-17-нд зохион байгуулах аж.
Харин аймгийн 100 жилийн ойг долдугаар сарын 26-28-нд тэмдэглэхээр болжээ.
Архангай аймгийн хувьд наадмаа ойгоос өмнө буюу ирэх сарын 10-11-ны өдөр зохион байгуулж, цол, чимгийг олгох, сумдын баяр наадмыг нэг өдөр зохион байгуулах юм байна. Мөн аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмаар Хангайн бүсийн хурдан морины уралдааны хамт хийх саналаа Засгийн газарт хүргүүлжээ.
БАЯНХОНГОР АЙМАГ ТАВАН СУМЫН ТЭГШ ОЙТОЙ
Баянхонгор аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 81 жил, Хангайн бүсийн хурд, Монгол Улсын Арслан Пагамын Аюушийн мэндэлсний 101 жил, Доктор, профессор Сономын Лувсанвандангийн мэндэлсний 91 жилийн ойн баяр наадам ирэх сард тохионо. Ойн баяр наадамд улс, аймгийн алдар цолтой 128 бөх зодоглох бөгөөд бусад хөтөлбөрийг наадмын комисс хэлэлцэж байгаа аж. Тэгш ой тохиож байгаа таван сумын хувьд:
- Баян-Өндөр,
- Бөмбөгөр,
- Галуут,
- Хүрээмарал,
- Эрдэнэцогт сум бөгөөд наадмаа ирэх долдугаар сарын 19-21-нд хийхээр төлөвлөжээ.
БУЛГАНЫХАН ХОЁР СУМЫН ТЭГШ ОЙГОО ИРЭХ САРЫН 25-30-НД ХИЙНЭ
Энэ жил Булган аймгийн Бүрэгхангай, Хишиг-Өндөр сумын тэгш ой тохиож байна. Бүрэгхангай сумын ойн наадам долдугаар сарын 28-30-нд болох бол Хишиг-Өндөр сумын ойг ирэх сарын 25-27-нд тэмдэглэхээр товложээ. Мөн олон улсын “Алтаргана” наадам ирэх жил Булган аймагт болно. Өнгөрсөн онд ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаарт зохион байгуулсан Буриад түмний олон улсын “Алтаргана” наадамд аймгийн урлаг, спортын 40 төлөөлөгч оролцож, 2024 оны наадмыг аймагтаа зохион байгуулах эрхийг авсан юм.
Аймгийн ИТХ-ын шийдвэрээр “Алтаргана” наадмыг зохион байгуулах ажлын багийг аймгийн Засаг даргаар ахлуулан байгуулаад байгаа аж.
Одоогоор тэгш ойн баяр наадмын хөтөлбөрийн төлөвлөгөө хараахан батлагдаагүй байгааг юм байна.
ДУНДГОВЬ АЙМГИЙН 5 СУМЫН ТЭГШ ОЙ ТОХИОНО
Дуу хуур, өв соёлын өлгий Дундговь аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 81 жилийн ойн баяр цэнгэл наадам ирэх сард болох бөгөөд тэгш ой тохиож буй таван сумын баярын товыг гаргажээ. Тодруулбал,
- Эрдэнэдалай, 07.19-07.20
- Дэлгэрцогт, 07.20-07.21
- Хулд, 07.22-07.23
- Дэлгэрхангай, 07.24-07.25
- Сайхан-Овоо, 07.26-07.27-нд болох аж.
Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Ардын хувьсгалын 102 жил, Дундговь аймаг үүсэж хөгжсөний түүхт 81 жилийн ойн баяр наадмын үйл ажиллагааны хөтөлбөрийг баярын комиссоос гаргаж байгаа юм байна.
ЗАВХАН АЙМГИЙНХАН ДОЛДУГААР САРЫГ ДУУСТАЛ НААДНА
Завхан аймгийн баяр наадам ирэх сарын 10-12-нд болох бол тэгш ой тохиож байгаа сумдын баяр наадам долдугаар сарын 19-21-нд нэгэн зэрэг болно. Түүхэн тэгш ой тохиож буй:
- Завханмандал,
- Их-Уул,
- Нөмрөг,
- Тосонцэнгэл,
- Яруу сумдын ой улсын наадмаас хойш болох хуваарийг тус аймгийн Засаг дарга гаргажээ.
Харин аймгийн 100 жил долдугаар сарын 30-31-нд болох аж.
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН СУМД 28-30-НД ЗЭРЭГ НААДНА
Өмнөговь аймаг ойн хүрээнд ирэх сарын 28-30-нд хурдан морьдын уралдаан болоод бусад арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ үеэр мөн жуулчны бүсүүдэд тусгай үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байгаа аж. Тэгш ойтой сумдын тухайд:
- Баяндалай,
- Ноён,
- Сэврэй,
- Хүрмэн,
- Мандал-Овоо зэрэг сумд бөгөөд ирэх сарын 28-30-нд тухайн сумдын наадам болох юм.
ТӨВ АЙМАГ ДОЛООН СУМЫН ТЭГШ ОЙТОЙ
Төв аймгийн 100, Зуунмод хотын 81 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөх зодоглох аж. Тус аймгийн баяр наадам зохион байгуулах комиссоос сумдын наадмын тов болон аймгийн 100 жилийн ойг тэмдэглэх өдрүүдийг товложээ. Тухайлбал,
- Баяндэлгэр, 07.10-07.12
- Баянжаргалан, 07.10-07.12
- Дэлгэрхаан, 07.21-07.23
- Заамар, 07.21-07.23
- Мөнгөнморьт, 07.10-07.12
- Эрдэнэсант, 07.21-07.23
Харин аймгийн 100 жилийн ойг ирэх сарын 27-29-нд тэмдэглэх юм байна.
ХЭНТИЙН 100 ЖИЛИЙН ОЙН НААДАМ ДОЛДУГААР САРЫН 27, 28-НД БОЛНО
Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмын тов болон тэгш ойтой сумдын баярын өдрийг зохион байгуулах комиссоос баталжээ. Тодруулбал,
- Баян-Адрага,
- Баян-Овоо,
- Биндэр,
- Галшар,
- Дадал,
- Жаргалтхаан,
- Мөрөн,
- Өмнөдэлгэр зэрэг тэгш ойтой сумдын наадам долдугаар сарын 19-20-нд болно.
Хэнтий аймгийн 100 жилийн ойн баяр наадам ирэх сарын 27-28-нд болох юм байна.
ХӨВСГӨЛ, ХОВД, СҮХБААТАР АЙМГУУД СУМДЫН НААДМАА 7-8 ДУГААР САРД ХИЙНЭ
Дээрх аймгуудаас гадна Сүхбаатар аймгийн тэгш ой тохиож буй Мөнххаан сум долдугаар сарын 19-21-нд, Ховд аймгийн Манхан сум наймдугаар сарын 10-12-нд, Хөвсгөлийн Жаргалант долдугаар сарын 8-10, Рашаант сумын тэгш ой ирэх сарын 17-19-нд тус тус болохоор товлогджээ.