Г.Отгонтуяа: Монголд шударга ёс гэж байдаггүйг харлаа
Эх сурвалж: Zuv.mn
Бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан 16 болон 32 настай эмэгтэйн хэргийн шүүх хурал болж өндөрлөлөө. Шүүхээс Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноосон бол хэрэгт холбогдогч гурван иргэнийг цагаатгаж суллаад байна.
Шүүхийн шийдвэр гарсны дараа хохирогч охины ээж Г.Отгонтуяа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Энэ гэмт хэрэгт холбоотой гурван шүүгдэгч байсан. Нэг шүүгдэгч нь хуулийн дагуу хариуцлагаа хүлээж ял авлаа. Үлдсэн хэрэгт холбогдсон яллагдагч нар цагаадлаа.
Өнөөдрийн мөрдөн байцаах алба, хяналтын прокурор нарын хариуцлагагүй үйлдлээс болоод хэрэгтнүүд цагаадаж байна. Миний охины хэрэг дээр 15 мөрдөгч ажилласан.
Шүүхийн шийдвэрийг бичгээр авсныхаа дараа зохих байгууллагад гомдлоо гаргана. Би тэр Э.Ган-Эрдэнийн ээжээс гарч ирсэн гэх тэр бичлэгийг холбогдох байгууллагад өгсөн. Дараагийн байгууллагад би хандана. Шүүх шударга байгаа. Шүүх юунд үндэслэж шийдвэрээ гаргадаг вэ гэхээр, мөрдөн байцаах алба, прокурор, хяналтын прокурорын бүрдүүлж, үдсэн баримтыг үндэслэж шийдвэр гаргадаг.
Хэрэг гарах үед хийгдсэн 14 минутын бичлэгийг шүүх хурлын үеэр тавьж үзүүлсэн. Өнөөдөр тэр бичлэгийг олон нийтэд үзүүл л дээ.
Үхсэн хүн үг хэлэх биш гэж, гараас хөтлөх ганц үрийг минь энэ хоёр хоногийн хугацаанд тэр шүүх танхимд… Би асар их гомдолтой байна…
Охины минь хэрэг үнэн зөвөөр шийдэгдтэл би хөлөө хүрэх газар хүртлээ явна. Монгол Улсад шударга ёс гэж байдаггүй гэдгийг харлаа. Гараас хөтлөх ганц үрийг минь яаж байгаа юм бэ. Би асар их гомдолтой байна” гэлээ.