Элчин сайд А.Төмөрийн санаачилгаар Тайландын Чонбури мужид Жанрайсиг бурхны дүрийг бүтээн залжээ
Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Төмөрийн санаачилгаар тус улсын Чонбури мужид Жанрайсиг бурхны дүрийг бүтээж залах ёслол өвлийн адаг сарын шинийн 4 буюу 2026 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр болжээ.
Энэхүү Жанрайсиг бурхан нь ойролцоогоор 16 метр өндөр, 30 орчим тонн жинтэй, байгалийн нар, салхи, ус чийгийн нөлөөнд тэсвэртэй байлгах үүднээс тусгай зориулалтын материалаар урлан бүтээжээ. Монгол Улсын түүхэнд анх удаа буддын шашинтай гадаад улсад Жанрайсиг бурхныг дуурайлган, цогц байдлаар бүтээн байгуулсан энэ аж.
Тус бүтээлийг Монголын бурхны шашинтны төв – Гандантэгчэнлин хийдэд орших Жанрайсиг бурхантай ижил загвараар бүтээхийг зорьж, олон тооны гэрэл зураг, жижиг загвар дээр үндэслэн, хэдэн сарын турш Тайландын найрсаг ард түмний дэмжлэг, хамтын оролцоотойгоор урлан бүтээсэн байна.
Жанрайсиг бурхан нь цаашид буддын шашны сургаал, энэрэн нигүүлсэхүйн үзлийг сурталчлан түгээн дэлгэрүүлэх, Монгол–Тайландын шашин, соёлын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, шашны аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна хэмээн тус улсад суух Элчин сайдын яамны цахим хуудаст танилцуулжээ.
Гандантэгчэнлин хийдийн Аграмба лам А.Баасанням, Гунгаачойлин дацангийн Их унзад лам М.Базаргүрэв нар шинийн 4-ний билэгт сайн өдрийн морь цагт Жанрайсиг бурхныг аравнайлан адистэд оршоох зан үйлийг гүйцэтгэжээ.


