Монгол инженерүүдийн ур ухаанаар баригдаж буй Багахангайгаас Хөшигийн хөндий хүртэлх төмөр зам

0b7511ca-bf96-4c1e-9646-dda2b5688fcb

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажил 2025 оны тавдугаар сараас эхэлсэн. Монгол инженерүүдийн гүйцэтгэж буй энэхүү төслийн барилга угсралтын ажил одоогоор 95 хувьтай үргэлжилж байгаа аж. Тэгвэл уг төслийн ажлын явцыг сурвалжлахаар бид Улаанбаатар хотоос Багахангай өртөөг зорилоо. Сурвалжилгын үеэр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн инженер Л.Идэрбат бүтээн байгуулалтын ажлын явц болон бусад мэдээллийг өгөхөөр хамт явсан юм. Учир нь энэхүү төмөр замын ажлыг олон улсын стандарт, шаардлагад нийцүүлэн барьж байгуулах ажлыг “Монголын төмөр зам” ТӨХК хариуцан ажиллаж байгаа аж.

“Багахангай-Хөшигийн хөндий” чиглэлийн салбар төмөр замыг хоёр үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд нэгдүгээр шатанд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн “Багахангай” өртөөнөөс салбарлан Төв аймгийн Сэргэлэн сумын урдуур болон ”Чингис хаан” нисэх онгоцны буудлын урдуур чиглэн Хөшигийн хөндий хүртэл 87 километр, хоёрдугаар үе шатанд Хөшигийн хөндий -Шувуун фабрикийн чиглэлд 15.6, нийт 102.8 километр үргэлжлэх аж.

22 метр өндөр гүүрэн байгууламж

Цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор төмөр замын талбайн ажлыг түр зогсоожээ. Харин ирэх гуравдугаар сарын 15-наас барилгын ажлыг дахин эхлүүлэх юм байна. Бид Улаанбаатар хотоос Багахангай өртөө чиглэл рүү нэг цаг орчим явсаар нэгэн гүүрэн байгууламж дээр ирлээ. Энэ бол галт тэрэг зорчих бетонон гүүр ажээ. Сонирхуулахад, Монголд баригдаж байгаа хамгийн өндөр гүүр гэв. Өндөр нь 22 метр, урт нь 176 метр. Энэхүү гүүр нь захын болон завсрын нийт найман тулгууртай, 14 ширхэг I хэлбэрийн 25 метр дам нуруутай, М650 маркийн өндөр бат бэхийн бетон ашигласан анхдагч бүтээн байгуулалт болж байгаа гэнэ.

М650 маркийн бетоныг ашигласнаар гүүрний насжилт уртсаж, засвар арчилгааны давтамж буурах, мөн эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, санхүүгийн зардлыг хэмнэх зэрэг олон талын ач холбогдолтой гэлээ. Газар хөдлөлт болон динамик ачааллын нөлөөллөөс хамгаалах зорилгоор тусгай дампер суурилуулсан нь манай улсад анхдагч технологийн шийдэл аж.

Ийнхүү уг төслийн гүүрэн байгууламж нь монгол инженерүүдийн шинэ шийдлийг нутагшуулсан, Монгол Улсын төмөр замын салбарын шинэ түвшний бүтээн байгуулалтын нэг болж байгаа гэдгийг Л.Идэрбат инженер онцолж байлаа. Газар шорооны ажил бол улирлын чанартай байдаг. Үүнтэй адил гүүрэн байгууламж ч улирлын чанартай гэлээ. Энэ тухай тэрбээр “Гүүрний бетон хийцлэлийг цутгаад 28 хоногийн дараа бүрэн бэхжилтээ авсан гэж үздэг. Үүнээс наана хийж дуусгачхаад дээгүүр нь галт тэрэг явуулж болохгүй. Далан хийхийн тулд хүртэл инженерийн нарийн тооцоолол хэрэгтэй” гэсэн юм.

Мөн энэхүү төслийн хүрээнд инженерүүд ямар судалгаа хийсэн талаар үргэлжлүүлэн ярилаа. “Энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд манай компанийн инженерүүд өөрсдөө зургаа зурсан. Инженер-геологийн судалгаа, гидрогеологийн судалгаа, ус зүйн судалгаа гэх мэт нарийн судалгаанууд хийгдэж байж төслийн зураг зурагддаг. Жишээ нь, ухмал ухаж байхад доороос нь ус гарч ирэх, эсвэл далан барьж байхад усны урсац их байвал үүнийг нь тодорхойлоод хоолой, гүүр төлөвлөх зэргээр газрын онцлогоос шалтгаалж зураг төсөл нь зурагддаг. Энэ зураг төслийг манай компанийн шилдэг инженерүүд болох Э.Жавхлан, Б.Золбаяр нар маань зурсан. Ер нь “Монголын төмөр зам” ТӨХК-ийн төлөвлөж байгаа төслийн зургуудийг бүгдийг нь энэ хоёр инженер маань зурдаг” гэсэн юм.

“Хотын төвөөр аюултай ачааны тээвэрлэлтийг арилгаж, замын түгжрэлийг шийдвэрлэхэд бодитой хувь нэмэр оруулна”

Ийнхүү замын турш бүтээн байгуулалтын талаар ярилцаж явсаар бид төмөр замын эхлэл цэг буюу Багахангай өртөө рүү явлаа. Бидний замд далан, ухмал, гүүр, хоолой зэрэг инженерүүдийн бүтээн байгуулалтууд олон харагдаж байв. Тухайлбал, 33 метрийн гүнд ухсан ухмал байгууламжтай ч таарав. Ухмалыг төмөр замын хэллэгээр сэтэрхий гэж нэрлэдэг гэнэ. Өөрөөр хэлбэл, газрыг ухаж сэтлэхийн тулд тэсэлгээ хийдэг аж. Зураг төсөлд тусгагдсаны дагуу энэ мэт инженерүүдийн төлөвлөсөн олон ажил цаашдаа өрнөхөөр харагдлаа. Одоогийн байдлаар “УБТЗ” ХНН-ийн Багахангай өртөөнөөс Хөшигийн хөндийн өртөө хүртэл нийтдээ 87 километр газар шорооны ажил үргэлжилсэн байгаа гэнэ. Хамгийн гол зүйл нь энэхүү төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвөөр аюултай ачаа тээвэр нэвтрэх байдлыг арилгаж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, авто замын түгжрэлийг шийдвэрлэхэд бодитой хувь нэмэр оруулна гэж албаныхан төлөвлөжээ. Аюултай ачаанд бензин, түлш, газ зэрэг нийт 34 нэр төрлийн ачаа тээвэрлэх юм байна.

Энэхүү төсөл нь нэг ч гадны компанийн оролцоогүйгээр хэрэгжиж байгаагаараа онцлог юм. Өмнө нь бүтээн байгуулалтын ажил хийж байсан туршлагатай дотоодын 30 гаруй компани сонгон шалгаруулалтаар орж ирсэн байна.

Б.Бадмаараг: Одоогоор замын бүтээн байгуулалтад ашиглагдахбараа материалаа татан авах ажил хийгдэж байна

Энэ өвөл төмөр замын дэд бүтцийн бараа, материалын татан авалтаа хийсэн бол гуравдугаар сарын 15-наас бэлэн болсон талбай, гүүрэндээ угсралтын ажлаа хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Ямар бараа, материал татан авч буй талаар талбай дээр ажиллаж буй “Монголын төмөр зам”-ын замын хэсэглэл хариуцсан инженер Б.Бадмаарагаас тодрууллаа.

Тэрбээр “Одоогоор нийт 6.2 километр замыг угсарсан байна. Одоогоор замын бүтээн байгуулалтад ашиглагдах уулзварын зам төмөр, бетон дэр, уулзварын хавчаар, боолтыг татан авч төвлөрүүлэх ажил хийгдэж байна. БНХАУ-д үйлдвэрлэсэн ТБ-60 маягийн 25 метрийн урттай зам төмөр ашиглаж байна. Нийтдээ 9300 гаруй зам төмөр татаж авахаас одоогоор 6650-ыг нь татаж авсан байна. Нэг зам төмрийн жин нь 1520 кг байдаг. Харин бетон дэрийг Монгол Улсдаа үйлдвэрлэж байгаа. “UB BUK”, “MTI” гэсэн хоёр компаниас ханган нийлүүлж байна. 32880 ширхэг бетон дэр нийлүүлэлтээр авсан. Буталмал чулуун чигжээс мөн ашигладаг. Буталмал чулуугаа Дорноговь аймгийн Даланжаргалангаас вагоноор авчирч байгаа. Сар шинийн баяраас өмнө бүх бараа, материалын татан авалтаа дуусгаад, цаг үе наашлаад ирэхээр угсралтын ажил эхэлнэ. Бидний ажил улирлын чанартай учраас цаг агаарын өөрчлөлт заримдаа бэрхшээл болдог. Саяхан долоо хоног цочир хүйтэрлээ. Түүнээс өөр саад, бэрхшээл байдаггүй. Ер нь манай замчид нартай, бороотой, халуун хүйтнийг үл ажран ажлаа хийдэг. Тэгж байж галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлаа хангадаг. Энд одоогийн байдлаар замчид болон ажилчдаа зөөх зориулалтын нэг машин, ачаа бараагаа буулгах 25 тонны даацтай нэг кран, зам төмрөө Замын-Үүдийн өртөөнөөс наашаа тээвэрлэхээр 30 вагон эргэлтэд орж байна. Мөн нэг зүтгүүр ажиллаж байна. Замчдын хувьд гэр кемп дээрээ байрлан, 14 хоногоор ээлжилж ажилладаг” гэв.

Төмөр замын ажилд бэхэлгээ нь чухал эд анги байдаг гэнэ. Энэ удаагийн бүтээн байгуулалтын ажилд дэлхийд “номер-1” гэгддэг Англи улсад үйлдвэрлэгдсэн “Пантрол” бэхэлгээг ашиглаж байгаа гэв. Бэхэлгээ нь зам төмөр, бетон дэр хоёрыг хооронд нь бэхэлдэг эд анги юм байна. Хэрвээ бэхэлгээ нь чанар муутай бол зам төмөр туугдах эрсэлтэй гэнэ. Харин “Пантрол” бэхэлгээ нь тэр хөдөлгөөнийг хязгаарлаж өгдөг давуу талтай гэдгийг инженер Л.Идэрбат ярьж байлаа.

Дараа нь бид ажилчдын байрладаг кемптэй очиж танилцаад, “Улаанбаатар төмөр зам” ТӨХК-ын Багахангай өртөөн дээр ирлээ. Энэ өртөө бол Хөшгийн хөндий рүү чиглэх төмөр замын ажлын эхлэлийн цэг аж.

Багахангай өртөөнд ирэх замын турш нэлээд олон овоолсон далан байсан учраас шороогоо хаанаас авдаг талаар инженер Л.Идэрбатаас тодрууллаа. Тэрбээр “Даланг дуртай газраасаа шороо аваад овоолчихдоггүй. Далан доорх шороог материал гэж ярьдаг. Далан доорх материал нь манай техникийн шаардлагад нийцсэн байх ёстой. Шороогоо ухаж авахын тулд эхлээд хөрсийг нь аваад нэг газар овоолдог. Тэгээд авч ашиглачхаад дараа нь мал амьтан, хүн эрсдэхгүй болтол нь налуу болгож засдаг. Ингээд анх хуулж авсан өнгөн хөрсөөр нь хучаад, ургамалжуулах боломжтой болгоод орон нутагт нь хүлээлгээд өгдөг. Өөрөөр хэлбэл, газарзүйн зураг дээр энд байхгүй байсан зүйлийг тэнд бий болгож байгаа. Тэгэхээр орон нутагт нь хүлээлгэж өгөөд, кадастрт нь бүртгэлжүүлээд явуулдаг гэсэн үг. Дуртай газраасаа шороо аваад, хэрвээ тэр нь шавар байвал усанд урсана, ямар нэгэн байгалийн гамшиг болоход шаардлагад нийцэхгүй. Дээгүүр нь галт тэрэг явах гэж байгаа учраас эрсдэлтэй байдаг. Тэгэхээр энэ бол овоолсон шороо биш инженерийн байгууламж юм. Бидний хувьд шороогоо хамгийн ойроос авахыг бодно. Гэхдээ үнэхээр шаардлагад тэнцэхгүй бол холоос зөөгөөд, далангаа барихаас өөр аргагүй” хэмээв.

About Author