Хуульч О.Билгүүн: Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Б.Амарсайхан нарт холбогдох хэргийг шүүх шударга шийдсэн

image (3)

Эх сурвалж: Өдрийн сонин

Хуульч, ө мгөөлөгч О.Билгүүнтэй ярилцлаа.


-Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл, “Эрэл”- ийн Б.Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, Л.Алтан-Очир, “Говь” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан нарт холбогдох хэргийн шүүх хурал болж өнгөрлөө. Зарим хүн шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байна. Ер нь зодооны хэрэгт ямар ял шийтгэл оноодог юм бэ?

– Нэг хүн нэг хүнтэй зодолдох, бүлэглэж бусдыг зодох, бүлэг бүлэгтэй зодолдох гэдэг ойлголтууд хоорондоо өөр учраас Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл нь ч дагаж өөрчлөгддөг. Нэг хүн, нэг хүнтэйгээ харилцан зодолдоод, бие биедээ хохирол учруулсан тохиолдолд аль, аль нь ял авна. Хэн түрүүлж цохисон нь бурууддаг гэх буруу ойлголт манайхны дунд байдаг шүү дээ. Тиймээс ийм агуулга Эрүүгийн хуульд байхгүй гэдгийг хэлье. Нэгнийх нь зүй бус үйлдлээс болж нөгөө хүн түрүүлж цохисон бол ялыг жаахан хөнгөрүүлнэ. Харин бүрэн чөлөөлнө гэсэн зүйл байхгүй. Хоёрдугаарт, хоёр болон түүнээс дээш хүмүүс бүлэглэн нэг хүнийг зодож, хүндэвтэр хохирол учруулсан бол гэмт хэргийн зүйл анги нь хүндэрдэг. Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Б.Амарсайхан нарын шүүх хурлын кейсийг харахад хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, хүндэвтэр хохирол учруулсан гээд хоёр гэмт хэргээр ялласан байна. Нэгдүгээрт, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь угаасаа хорих ялгүй. Торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах буюу цахим гав зүүх гэсэн гурван төрлийн ялтай. Хоёрдугаарт, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан тохиолдолд торгох, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх шийтгэлтэй. Мөн тухайн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэдгээрээ зүйл анги нь хүндрээд, зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулдаг.

-Олон нийт яагаад гурав хүртэлх жилийн хорих ял оногдуулаагүй юм бэ гэх асуулттай байна. Та хуульч хүний өнцгөөс үүнд хариулт өгөхгүй юу?

-Эрүүгийн хуульд бүлэглэж хүний эрүүл мэндэд санаатайгаар хүндэвтэр хохирол учруулсан бол 2 сая 700 мянгаас 14 сая хүртэлх төгрөгөөр торгох, зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэсэн санкцтай байдаг. Тэгвэл яагаад Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Б.Амарсайхан нарыг хорих ялаар шийтгээгүй юм бэ гэх асуулт үлдлээ шүү дээ. Энэ нь олон шалтгаантай. Зодоон хийх болсон сэдэл, хохирол барагдуулсан байдал, яг энэ төрлийн гэмт хэргийг шийдсэн өмнөх кейс, Эрүүгийн хуулийн гол агуулга, шүүгчийн дотоод итгэл үнэмшил гэх мэт зүйлийг харгалзан үзсэний үр дүнд хорих ялаар шийтгэх үндэслэл бүрдээгүй юм. Гэтэл зарим хүн дарга, сайд, УИХ-ын гишүүний хүүхэд хорих ял авдаггүй юм байна. 1.5 тэрбум төгрөгийн хохирол барагдуулсан учраас Монголын шүүх хорьсонгүй гэж шүүмжилж байгаа. Хамгийн гол нь энэ төрлийн гэмт хэргийг шийддэг хууль нь шууд хорих ял өгөхийг нэгдүгээрт тавьдаггүй. Мөн өмнө нь энэ төрлийн гэмт хэргийг шийдэж байсан нийтлэг жишиг, практикийг аваад үзсэн ч хорих ял өгөх боломжгүй. Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Б.Амарсайхан нарын нөхцөл байдалтай яг адилхан хэргүүд дээр ч торгох, зорчих эрхийг хязгаарлах ял оноодог байсан. Түүнээс биш Ц.Цэрэнпунцагийн хүүхэд учраас шүүх ийм шийдвэр гаргаагүй.

-Энэ төрлийн гэмт хэргийн кейс дээр угаасаа хорих ял өгдөггүй гэсэн үг үү?

-Тийм. 2015 онд батлагдаж, 2017 оноос хойш хэрэгжиж эхэлсэн манай Эрүүгийн хууль нь олон улсын гэрээ, конвенц, дэлхийн эрүүгийн загвар хууль, хүний эрхийн түгээмэл тунхаглал, иргэний болон улс төрийн тухай олон улсын фактад заасны дагуу хүнлэг энэрэнгүй байдлыг эрхэмлэдэг. Дээр нь хорих ялаас зайлсхийх зарчмыг нэн түрүүнд баримталсан хууль. Тиймээс одоо бидний дагаж мөрдөж буй Эрүүгийн хууль нь олон улсын баримт бичгийнхээ дагуу тухайн хэргийн нөхцөл байдлыг харж байгаад торгох уу, цахим гав зүүх үү, хорих ялаар шийтгэх үү гэдгээ шийддэг. Хөнгөнөөс нь хүнд рүү аваад үзвэл бүр онц ноцтой тохиолдолд хорих ялаар шийтгэдэг гэж ойлгох хэрэгтэй.

-Энэхүү зодооны хэрэг нь онц ноцтойдоо орохгүй юу. Зарим хүн үүнийг онц ноцтой гэж дүгнээд байгаа шүү дээ?

-Хохирогчийг тохуурхан доромжилж, бие махбод, сэтгэл санааны хувьд хүчтэй шаналган зовоосон бол шууд хорих ялаар шийтгэнэ. Тохуурхан доромжилно гэдэг нь эцэг эх, хамаатан садан гэх мэт нөхцөл байдлаар ялгаварлан гадуурхахыг хэлнэ шүү дээ. Хохирогчийг тэсэхийн аргагүй нөхцөл байдалд оруулсан бол онц ноцтой. Бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйг биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан тохиолдолд хорих ялаар шийтгэж болж байгаа юм. Гэтэл залуучууд, шөнийн цэнгээний газар, аль аль нь согтууруулах ундаа хэрэглэчихсэн байсан. Тэгээд эмэгтэй хүнээс болж зодолдсон кейс дээр хорих ялаар шийтгэх ямар ч боломжгүй. Шүүх хурлын үйл явцад хохирогчийн зүй бус үйлдэл байсан нь ч харагдсан. Би хуульч хүн учраас хөндлөнгийн байдлаар дүгнэлт хийж байна. Ийм хэргийн шийдэл дээр тухайн шүүгчийн дотоод итгэл үнэмшил удирдлага болно. Шүүгч өөрийн дотоод итгэл үнэмшил болон хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзээд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан бол бид үүнийг хүндэтгэх ёстой.

-Мөн хохирлыг барагдуулсан бол шүүгдэгчид өгөх шийтгэлд өөрчлөлт орох уу?

-Орно. Энэхүү хэргийн шүүх хурлыг харвал шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Мөн хохирогчийн зүй бус үйлдэл ч байсан гэдгийг илэрхийлсэн. Миний найз охинтой харилцах гэж оролдсон. Гэхдээ миний буруу ч бий гэсэн. Маш өндөр эмчилгээний зардлыг нь холбогдогч талаас барагдуулсан гэх мэтээр аваад үзвэл ял шийтгэлийг хөнгөрүүлэх, багаар тооцох үндэслэл зохицуулалт нь бүрдсэн байгаа юм. Энэ бүгдээс харахад торгох төрлийн арга хэмжээ рүү ч дөхөх боломжтой байсан. Гэхдээ шүүхээс оноосон зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл ч үндэслэлтэй.

-Зодооны хэргийн сэдлийг шүүгч харгалзан үздэг үү?

-Үзнэ. Шүүгдэгч буюу Ц.Санжаачойпэлийн өгч буй мэдүүлгийг сонсохоор “Бааран дотор найз охиныг нь хоргоогоод байсан. Дараа нь гадаа хоргоосон” гэсэн шүү дээ. Хохирогч дээр очоод яагаад ингэж буйг нь асуухад турхирсан маягтай байсан гэсэн. Дээрээс нь “Намайг хоргоосон” гэх гэрчийн мэдүүлэг байна. Энэ нөхцөл байдлаас харахад гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан буюу хохирогчийг зодох болсон сэдэл нь өөрөө ямар нэгэн байдлаар урьдын өс хонзонгүй. Тэр хүнийг зодъё, хөнөөе гэсэн заналхийлэл буюу төлөвлөсөн зүйл ч байгаагүй. Тиймээс энэ нөхцөл байдлыг тохиолдлын шинжтэй, анх удаа гэж авч үздэг. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болсон үйл явдал учраас ялыг хөнгөрүүлэх арга хэмжээг угаасаа шүүх авах ёстой.

-Шүүх хуулийн дагуу хэргийг шүүсэн ч нийгмийн сүлжээний дарамт их байна шүү дээ. Анх энэ хэрэг гарах үед ч байсан. Энэ талаар яривал?

-Цэрэнпунцаг, Эрдэнэбат, Баатарсайхан нарын хүүхдүүд учраас заавал хорих ялаар шийтгүүлэх ёстой гэж харааж, зүхэж байна шүү дээ. Энэ нь цаанаа дарга, сайдын хүүхэд зодооны асуудалд хутгалдсан бол заавал түүний буруу байдаг гэсэн хохирогчийн сэтгэл зүйг харуулж байна. Монголчууд энгийн иргэний хэрэг дээр шударга байгаач гэж орилдог. Мэдээж, энэ нь тэгш байдлыг хүсэж байна гэсэн үг. Гэтэл сайдын, даргын хүүхэд шүүгдээд ирэхээр нөгөө тэгш байдлаа өөрсдөө үгүйсгэдэг. Магадгүй даргын хүүхэд хохирогч байсан бол яах вэ. Энгийн амьдралтай хүүхэд хэн нэгэн албан тушаалтны хүүхдийг зодсон бол яаж хандах байсан бэ. Даргын мөнгөтэй, эрх хүүхэд өөрөө л эхэлсэн биз гэж хэлнэ шүү дээ. Ядуу хүний хүүхдээс юу авах гэсэн юм. Зүгээр л торгоод өнгөрөх хэрэгтэй гэж ч хэлэх байх. Гэтэл яагаад энэ хэрэг дээр хуулийг зөрчиж, тэгш байдлыг алдагдуулан байж Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн гэх нэр бүхий хүмүүст хорих ял өгөх гээд байгаа юм. Хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна. Үүнд Ц.Цэрэнпунцаг, Эрэлийн Б.Эрдэнэбатын хүүхэд байна уу, Долоон буудлын Должингийн хүүхэд байх нь огт хамаагүй. Хүн бүр шударга тэгш байдлаар шүүлгэх эрхтэй. Яагаад даргын, эсвэл хувьдаа компанитай хүний хүүхэд өндөр ял авах ёстой юм. Харцын хүүхэд учраас бага ял авах ёстой гэсэн сэтгэл зүй суугаад байна шүү дээ. Ард түмнээрээ хохирогчийн сэтгэл зүйтэй болчихсон.

-Үүгээрээ шүүхийн шийдвэрт нөлөөлөх гэж оролдож байна уу?

-Иргэд сошиалаар шүүж болно. Тухайн хүний итгэл үнэмшил, үзэл бодлын асуудал. Харин үүнд шүүх эмзэглэх шаардлагагүй. Шүүхэд нөлөөлөх гэж буй хэлбэр хэмээн харж болно. Угаасаа шүүх сошиалыг таслан зогсоох боломжгүй учраас түүнд автаж хэргийг шийддэг шүүгч байхгүй. Ер нь хуульчид маш өндөр сэтгэл зүйтэй байх ёстой. Должингоос, Цэрэнпунцагаас, сошиалаас хараат байдлаар хэргийг шийдэж болохгүй шүү дээ. Шүүгч хүн олон нийтийн шүүмжлэлийг өөрийн дотоод сэтгэлдээ эмзэг байдлаар хүлээж авч яасан ч болохгүй. Тиймээс Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Б.Амарсайхан нарт холбогдох хэргийг шүүх шударга шийдсэн хэмээн харж байгаа. Хар массаас айж хуульд байхгүй ялыг оруулж ирж боломжгүй. Хар дээр цагаанаар юу гэж бичсэн байна. Түүгээр л шүүнэ. Хар массын сошиал дайралтаас айгаад хуульд байхгүй ял өгвөл шүүгч өөрөө ажилгүй болно. Хоёрдугаарт, Монголын шүүх онигоо болно биз дээ. Дээр нь манай иргэд мөнгөтэй хүнийг үзэн яддаг сэтгэл зүйгээр шүүх хурлыг явуулах гээд байна. Тиймээс нэр бүхий хэдэн хүнийг сошиалаар цаазлах гэж оролдлоо.

About Author