Яармаг, Арцат-Өнөр хороолол чиглэлийн дүүжин замын ажил 60 хувьтай байна
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Олон Улсын Санхүүгийн корпорацийн Суурин төлөөлөгч Матье Ле Блан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа Дүүжин замын тээвэр төслийн хоёрдугаар шугамыг барих санхүүжилтийн асуудлаар санал солилцлоо.
Дүүжин замын тээвэр төслийн нэгдүгээр шугамыг Яармаг, Арцат-Өнөр хороолол чиглэлд барьж байгаа. Нийт ажлын явц 60 гаруй хувьтай байна.
Тэгвэл Дүүжин замын тээвэр төслийн хоёрдугаар шугамыг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Үндэсний соёл амралтын хүрээлэн” чиглэлд 2.7 км урттай, гурван зогсоолтойгоор төлөвлөсөн.

Төслийг олон улсын аюулгүй байдал, техникийн стандарт, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн шаардлагыг онцгой анхаарч хэрэгжүүлж байгааг онцоллоо.
Улаанбаатар хотын хувьд Дүүжин замын тээвэр нь гэр хороолол болон хотын төвийг холбох, өндөр ачаалалтай чиглэлүүдийн нийтийн тээврийн дарамтыг бууруулах, иргэдийн зорчих хугацааг мэдэгдэхүйц багасгах, хотын агаарын бохирдлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулах ач холбогдолтой төсөл юм.
Эх сурвалж: НЗДТГ