МУСГЗ Д.Цэрэндаваа: Дэлхийн 156 хотод хөөмийн урлагаа сурталчилж “Вашингтон таймс” сонинд бичүүлж явлаа

1297b2b5e695d1de7baaf8b3f443b604

Эх сурвалж: Zarig.mn

Ховд аймгийн Чандмань сумын малчин, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт хөөмийч, өвлөн уламжлагч Дашдоржийн Цэрэндаваатай ярилцлаа. Тэрээр 1981 онд Монголын бүх ард түмний урлагийн их наадмын хошой алтан медаль, Дэлхийн залуучууд оюутны 12 дугаар их наадмын Гран при, Олон улсын хөгжмийн 7 дугаар симфозиумд “Алтай магтаал”, хөөмийн төрлөөр алтан медаль, Монгол туургатны анхдугаар их наадмын тэргүүн байр, Англи улсад зохион байгуулагдсан шүтэлцээт урлагийн наадмын тэргүүн байрыг хүртсэн нэгэн. Мөн дэлхийн 38 орны 156 хотод хөөмийн эгшиг аялгуу, ардын язгуур урлагаа сурталчлан таниулж ирсэн гавьяатан юм. Наяад оны дундуур урлаг судлаач СГЗ Жамцын Бадраа гуайтай Америкийн хотуудад аялан тоглолтоор явахдаа “Вашингтон таймс” сонинд зураг хөрөгтэйгээ гарч хүн төрөлхтнийг бишрүүлсэн түүхтэй.

Соёлын өв, ялангуяа “Монгол хөөмэйн уламжлалт урлаг” өвийг хамгаалах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн уламжлахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж 2006 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээсэн бол 2022 онд Соёлын биет бус өвийн “Шилдэг өвлөн уламжлагч” хэмээх нэр хүндтэй шагналыг Соёлын сайд Ч.Номингоос гардан авсан байдаг.

Нэг зүйлийг энд онцлоход, өвлөн уламжлагчид тасрах эрсдэл бий болчихсон, тэднийг дэмжиж тэтгэдэг газар гэж байхгүй, дээрээс нь зарим нь цагийн жамаар насан эцэслэж, зарим нь амьдрахын эрхэнд Өмнөд монгол руу явж тэнд шавь нар бэлдэж, Монголын өв соёлын үнэт дархлаа үгүй болох аюул нүүрлэсэн байдаг. Яг ийм эгзэгтэй үед Соёлын яамтай болсны хэрэг бүтэж өвлөн уламжлагч нараа бүртгэж, шилдгийг нь шалгаруулж 30 сая төгрөгийг шагнал өгч, эдийн засгийн хувьд бодит дэмжлэг үзүүлэн үндэсний өв соёлоо бүрэн бүтэн үлдээх реформыг Ч.Номин сайдын үед хийсэн. Энэхүү шагналыг хүртсэн эрхэм бол нэрт хөөмийч Д.Цэрэндаваа. Ингээд эрхэм түүнтэй Сар шинийн баярын дугаартаа ярилцсанаа хүргэе.

-Та бол хөөмийн эх орон гэгддэг Ховдын Чандмань сумын хүн. Хөөмийн урлагийг дэлхий дахинд сурталчлан таниулахад үлэмж гавьяа байгуулсан хүн. Танай аав язгуур урлагийн урлагийн онцгой авьяастай хүн байсан гэдэг?

-Тийм ээ, миний бие Чандмань сумын Баянхайрхан багийн малчин хүн. Сум орон нутгийг минь, мөн намайг ингэж өндөр үнэлсэнд баярлалаа. Манай аавын талынхан Бошго гэлэнгийнхэн гэдэг угшилтай дуулах, дуурдах, ерөөх, магтах гээд хоолойн урлагийн талаар авьяастай, ламын унзад хоолойтой, бичиг ном судрын хүмүүс байжээ. Бошго гэдэг нь Наваан гэлэн гэх хүний цол юм билээ гэж аав минь хэлж байсан. Чандмань сум бол хөөмийг дэлхийд гаргасан хүмүүсийн нутаг, таны хэлснээр хөөмийн эх орон мөн. 1954 онд их урлагийн тайзнаа хөөмийлсөн Цэдээ, 1970 онд гавьяат жүжигчин цол хүртсэн Товчингийн Сундуй эдгээр хүмүүсээс үндэслээд гавьяат Нанжидын Сэнгэдорж, мөн Рэнцэнгийн Даваажав гээд эдгээр хөөмийчид, хөөмийн урлагийн зүтгэлтнүүд бүгд Чандманийхан. Дээрээс нь нутаг усандаа малаа маллаж, уул Алтайдаа хөөмийн ая эгшгээ цуурайтуулж явсан эгэл жирийн малчин, хөөмийчид байна. Би бол тэдний л нэг, жинхэнэ малчин хүн. Жаргалант хайрхны ноёлох өндөр Мөст, Дайргатын гол, Хүрэл шанаа, Сэрвэнгээр нутаглаж ирсэн малчин хүн. Миний аав өндөр Дашдорж уртын дуу сайхан дуулдаг, дөрвөн саахалтын тэртээгээс дуу нь дуулддаг, мөн хуур татдаг, хөөмийн аялгуу гаргадаг хүн байсан. Аюурын Өлмийбат гэж хөөмийлдөг, исгэрдэг нагац ах минь, мөн Бэгз гэж аман хуур тоглодог, хөөмийн аялгуу гаргадаг авга ах минь байсан. Ардын язгуур урлаг удам генээс шалтгаалдаг гэдэг. Тэгэхээр би аавсаа энэ хоёр ахаасаа үндэслэж хөөмийн аялгууг өвлөж авсан хүн. Намайг таван настай байхад аав маань “Хүрэн хаалгатай дэлгүүр”, “Цагаан шаазан” ардын дуу аялж өгөөд, миний хүү хоолойтой болно, сайхан дуулна, хөөмийлнө гэж хэлж байсан түүхтэй юм.

-Таны багш гэвэл яалт ч үгүй аав тань байх нь ээ?

-Анхны ая аялгуу гаргасан хүн бол миний аав. Би зургаан наснаасаа хоолойгоо шахаж эхэлсэн. Гэхдээ дуу оруулж чадахгүй. Хонь малаа хариулж явахад хонины захад малчин хүн морио хөтөлчихөөд хөөмийн аялгуу дуугарах, эсвэл уулын орой дээр гоё сайхан дуу дуулахад сэтгэл хөөрдөг ийм л хүүхэд байсан. Манай нутаг уул ус маань өөрөө хөөмийн эгшиглэнтэй. Алтайн уул говь талын хооронд сундалдан тогтсон, зэрэгцсэн оршиж ээж аав хоёр мэт санагддат Жаргалант, Бумбат Алтай маань дэлхийн агаарын уур амьсгалын хүчтэй ширүүн урсгалд хүнгэнэн дуугардаг. Тэрхүү ая аялгуу нь энэ уулын ард түмний сонорт үе үе дуулдаж сонсогдох нь бий. Энэ бол Чандмань нутгийн хөөмийн үндсэн гал голомтыг асаасан иш суурь нь гэж би боддог. Нөгөө талаас манай сум чинь Хар ус нуур, Хар нуур, Дөргөн нуур гээд гурван том нуурын холбоос жижиг нууруудаар 48 орчим хувь нь бүрхэгдсэн тогтоцтой газар. Эдгээр том нууруудын хадаалж хөлдөх, гэсэх хайлах, хүмүүсийн хэлдгээр баринтгаа задлах, хагаралт хуйлралтын хүнгэнэсэн, дүнгэнэсэн, жингэнэсэн дуу нь нөлөөлсөн. Түүний хулс, зэгс, навч нахиа салхины үзүүрт сэвэлзэхэрээр урт богиноосоо болж янз янзын дуу чимээ гардаг нь бас нөлөөлөлтэй юм аа гэж олон жил судалж яваа хүний хувьд боддог. Байгаль экологийн тогтоцын хувьд Чандмань нутагт минь хөөмий байхгүй өөр хаана байхав дээ гэж бодогддог. Үүнийгээ олон газрын эрдэмтэн судлаачтай уулзахдаа ярьж, тэдэнд тэмдэглүүлж, баримтжуулж ирсэн.

-Хөөмийн чиглэлээр та мөн ч олон шагнал хүртсэн байдаг. Тэр бүгдийг ярина гэвэл барагдахгүй. Гол нь шавь сургалтыг хэзээнээс явуулж эхэлснийг тань асууя?

-1981 МБАТ-ий урлагийн их наадмаас хошой алтан медаль аваад нутагтаа ирснийхээ дараа сургалт явуулбал яасан юм бэ гэсэн бодол төрсөн. Сургуулийн захиралтай уулзаж анхны танхимын сургалтыг эхлүүлсэн. Тухайн үед хөөмийн ийм сургалт хаана ч байгаагүй. Монгол гэрийн сургалт бол манайд байсан. Анхны сургалтад маань улсын заан Ч.Бямбадорж, улсын начин И.Мөнхбаатар хоёр явж байсан. Алтайн цуурай гэж хамтлаг байна. Дараа нь заан Ч.Батзориг, сүүлд Б.Пүрэвсайхан заан, Ч.Цогбаяр начин гээд дугуйлангийн маань сурагчид, нэг ёсондоо шавь нар маань юм. Олны мэддэгээс гээд бөхчүүд нэрлэчихлээ, түүнээс олон хүн бий л дээ. 1994 онд би Улаанбаатар хотод “Түмэн эх” чуулгын хажууд 45 хоногийн курс явуулсан хүн. Түүнд сурч байсан Гэрэлцогт хөөмийч байна, Завханы хөөмийч Сандагжав байна. Тууль магтаалын талаар гэвэл Явгаан, Дашаа, Болдоо гэж байна. Шавь нараас минь Ховд аймгийн Хөгжимт драмын театрт Баатарсүрэн, мөн Ганзориг гээд мэргэжлийн хөөмийчид олон байна. Би чинь найман хүүхэдтэй хүн. Гурван хүүгээ гурвууланг нь хөөмийчин болгосон. 1991 онд Японы судлаачид Монголд ирж хөөмийн тухай баримтат кино хийсэн юм. Түүнд миний том хүү Гансүх хөөмийлж бичлэгт орж байсан. Одоо миний хоёр хүү хоёулаа хөөмийн мэргэжлийн багш нар болсон. Цогтгэрэл УАДБЧ-д хөөмийчин байгаад, одоо хувиараа олон улсын хөөмийн хичээл зааж байна. Миний отгон хүү Хаш-Эрдэнэ Үндэсний урлагийн их театрын гоцлол хөөмийчин.

-2022 онд та “Өвлөн уламжлагч”-ийн шагнал хүртсэн байдаг. Тэр тухайгаа сонирхуулахгүй юу?

-2022 онд Шилдэг өвлөн уламжлагч гэдэг шагналыг Соёлын сайд Ч.Номингоос хүндэтгэлтэйгээр гардан авсан. Номин сайд өөрийн бие Ховд аймгийн Чандмань суманд маань ирж гардуулсан нь хүндэтгэлтэй санагдсан. “Нүүдэлчин монголчуудын ертөнцийг үзэх үзэл, хүн байгалийн шүтэлцээний тод илэрхийлэл болсон “Монгол хөөмэйн уламжлалт урлаг” өвийг өөрийн аав, нагац ах, багш нараас язгуур хэв намбаар нь өвлөн уламжилж, авьяас билгийн хүчээр түгээн дэлгэрүүлж, залуу хойч үедээ өвлүүлэн уламжлуулж буй Танд талархал илэрхийлье” гэж тун сайхан, утга төгөлдөр үг хэлж гардуулж билээ. Миний хувьд 800 гаруй шавь сургаж, дэлхийн 38 орны 156 хотод аялан тоглолт хийж, сургалт зохион байгуулж, гадаадын олон арван эрдэмтэн судлаач, профессоруудын судалгааны бүтээлд монгол хөөмийн судалгааг бүртгүүлж, тэмдэглүүлж, хөөмийн 7 төрөл гэдгийг дэлхийн судлаачдаар хүлээн зөвшөөрүүлж чадсан маань энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болоход нөлөөлсөн болов уу. Өмнө нь дөрвөн удаа нэр дэвшээд хасагдаж байсан, тав дахиа дэвшээд шагналын эзэн болж сайдаас нутагтаа гардсан нь өндөр хувь заяа санагддаг юм.

-Хөөмийн 7 төрөл гэдгээ тодруулаач. Мөн дэлхийн олон орны эрдэмтэн профессоруудтай уулзахад тэд чухам юуг асууж, сонирхож байсан бол?

-1981 онд “Монгол хөөмий” кинон дээр энэ 7 төрлийг би хэлж дэлгэцэнд мөнхөлсөн. Анх сурч байгаа хүнд амар хялбар сурах нь уулын хөөмий гэж бий. Дараа нь тагнайн хөөмий, багалзуурын хөөмий, хоолойн хөөмий, цээжний хөндийн, мөн хосмолжин гэж бий. Энэ бүгдийг би судалгааны үндсэн дээр гаргасан. Тухайлбал, хөөмийн энэ төрлийг нэгтгэж дээрээс нь дууны урлагтай хослуулсан хосмолжин төрлийг урлаг судлаач доктор Жамцын Бадраа гуай судалгааны хүрээнд үзэж 1991 онд Азийн урлагийн дорно дахины симфозиум Улаанбаатар хотод болоход надаар илтгэл тавиулж байсан. Тэгж дорно дахины эрдэмтдэд би хосмолжин хөөмийг зохиосноо ярьсан. Дэлхий 38 орны 156 хотод хөл тавьжээ. Хамгийн олон хотоор нь явсан улс Франц юм. Францын хотуудыг би бол дүүргэсэн. Очсон газар бүрт “Та яг малчин хүн мөн үү, театр урлагийн хүн байлгүй” гэж асууна. Мөн “Та хэдэн дээд сругууль төгссөн бэ” гэж асууна. Хөөмийн урлагаар магтаал, ерөөл, ардын язгуур бие биелгээ энэ бүгдээр тус тусад нь сургууль төгссөн үү гэнэ. Би чинь дуулаад хөөмийлөөд, дээрээс нь магтаал хайлаад, исгэрээд, бие биелгээ хийгээд, хулсан хуур тоглоод 45 минут ганцаараа тоглолт хийж явсан. “Алтайн магтаал”-ыг урианхай хэлнээс халх хэллэгт буулгаж хөөмийн аялгуу оруулан хөөмийлж байгаа ч юм шиг, магтаал хэлж байгаа ч юм шиг үгийг хоолойн шахалттай хэлэх арга барил, найруулга стилийг би хийсэн. Тэгэхээр олон улсын эрдэмтэн профессоруудын ингэж асууж сонирхох нь аргагүй биз ээ. Эгэл жирийн малчин хүн гэхээр зарим нь итгэхгүй байгаа нь ажиглагддаг. Би бол 7-р ангиас илгээлтийн эзэн болоод гарсан, үндсэндээ 7-р ангийн боловсролтой малчин хүн шүү дээ. Шилдэг өвлөн уламжлагчид би дөрвөн удаа дэвшээд аваагүй гэж түрүүнд хэллээ. Гол нь намайг театрт ажиллаж байсан мэргэжлийн хүн гээд хасдаг байсан шиг юм билээ. Би бол ааваасаа удам дамжуулж хөөмийг өвлөн уламжлаад түүнээ дараа хойч үедээ өвлүүлэн үлдээж яваа ийм л хүн.

-“Вашингтон таймс” сонинд бичигдсэн гэдэг?

-1987 онд АНУ-ын 11 хотод 39 хоног аялан тоглолт хийсэн. Цагаан ордны үүдэнд зургаа авахуулаад, Вашингтоны театрт тоглох үед нэг хүн ирээд савтай цэвэр ус, алимтай өгч “Та хоолойндоо ямар нэгэн юм хийсэн байна. Энэ алимыг идээд, энэ усыг уугаад хөөмийлбөл би итгэнэ” гэж хэлсэн. Ж.Бадраа гуай, Тогтох гэж хоёр хүн надад хэлмэрчилж явсан. Тэгэхээр нь алимыг нь идээд, уснаас нь уугаад шууд тайзан дээр дахиад хөөмийлсөн. Тэр хүн “Вашингтон таймс” сонинд “Ертөнцийг мартагнуулсан 72 цаг” гэсэн нийтлэл бичээд, түүн дотроо хөөмийн тухай, хөөмий бол жинхэнэ биет урлаг юм гэж тодорхойлон бичсэн байсныг маргааш өглөө нь надад уг сонины дугаарыг хүн авчирч өгсөн. Уг сонины нийтлэлийг орчуулж Францын ЭСЯ-ны ажилтан Хоролсүрэн гэдэг хүн “Залуучуудын үнэн” сонинд 1988 онд “Ноён Цэрэндаваа” гэдэг гарчигтайгаар бичсэн. Одоо намайг “Ноён Цэрэндаваа” гэж хочилж авгайлаад байдаг нь ийм учиртай. Ингэж хөөмийн урлагийнхаа далай их хүчинд ах нь дэлхийн алдарт тайзнаа гарч, хөөмийн ая эгшгээ хүн төрөлхтөний сонорт хүргэж ирлээ дээ.

Ярилцсан Н.Гантулга

About Author