О.Бат-Өлзий: Сонин дээрээс харсан охиноо харсаар эхнэрээ болгож авсан хоншоортой эр хүн шүү би
Эх сурвалж: Zuv.mn
Энэ удаагийн ярилцлагадаа авъяас билгийн ундарга болсон Монгол Улсын гавъяат жүжигчин О.Бат-Өлзийн гэр бүлийг урьж, ярилцлаа.
-Та хоёр хэрхэн яаж танилцаж, амьдралаа холбосон талаараа дурсаач?
О.Бат-Өлзий: Би чинь эр хүний хоншоортой… Хил дээр цэргийн алба хааж байх үед сонин дээр “Говь, хянганыг туулсан” нь киноны талаар мэдээ байсан. Сувилагч бүсгүйд оюутан С.Сарантуяа гээд биччихсэн байсан. Нээх хөөрхөн сувилагч бүсгүй Оросын цэргийн машин зогсчихсон зураг нь байсан. Би тухайн үедээ би Кино урлагийн сургуульдаа орсон бол энэ охинтой нэг ангид сурах байсан юм байна шүү дээ гэж бодоод зургийг өрөөнийхөө хананд хадчихсан. Цэргүүд ямар хөөрхөн охин бэ, хэн бэ? гээд асуухаар нь би “Ирээдүйн миний эхнэр болох хүн байгаа юмаа” л гээд байсан. Цэрэгт байхаасаа л энэ хүнийг толгойдоо хадгалж аваад л эхнэрээ болгосон. Хоншоортой л байгаа биздээ/инээв/.
С.Сарантуяа: Сэтгэлд нийцсэн таалагдсан хүн гэдэг бол шал өөр шүү дээ. Сургуулиа дөнгөж төгсөөд Драмын Театрт ажиллаж байх үед О.Бат-Өлзий Хүүхэлдэйн театрт жүжигчнээр орсон. Одоо бодоход асар гоё цаг хугацаанд бидний залуу нас өнгөрсөн. Бүх театрын уран бүтээлчид нэгдэж, уулзаж, соёлын арга хэмжээ хийдэг байсан. Тэр үед нэг шинэ жилийн баярын тоглолтоор бид хоёр нэг нэгнээ харж, учирч байсан.
-О.Бат-Өлзий гуай та бол алдарт жүжигчин У.Осорын хүү. Аавын тань мэргэжил таныг урлаг руу ороход нөлөөлсөн үү?
-Арван жилээ төгсөөд кино драмын ангид шалгалт өгөөд яг хамарныхаа урдуур таслуулаад, хасагдаж байсан. Тухайн үед аав минь “Миний хүү урлагийн сургуульд нь сурж чадахгүй бол амьдралын сургуульд суралц” гээд цэрэгт явуулчихсан. Аав хүний алсын харааг би тэр үед ойлгосон. Би цэрэгт, бүр хилийн цэрэгт очоод амьдрал гэж юу юм, тусгаар тогтнол, эх орон гэж юу юм гэдгийг мах цусандаа шингэтэл би ойлгосон. Гурван жилийн албаа хаагаад ирэхэд аав минь Хүүхэд, залуучуудын театрт дагуулж очиж байсан. Тэгээд л би тэндээс Драмын театрын шинэхэн жүжигчин энэ хөөрхөн бүсгүйтэй танилцаж байсан түүхтэй. Аав минь жүжигчин, дуу оруулагч ээж минь багш. Тэр хоёр хүүхдүүдээ номонд бүр донтуулж, уншуулдаг байсан. Аавыгаа ажлаа хийж байхад нь дагаж явсаар би урлагийн салбарт хайртай болсон. Би чинь эхээс долуулаа. Бүгд л урлагийн салбарын хүмүүс бий.
С.Сарантуяа: Уран бүтээлч хүнд өөрийнх нь үзэж туулсан амьдрал, үзсэн харсан, тэндээс өөртөө авч үлдсэн мэдрэмжээ уран бүтээлдээ тусгаж, буулгахад арай бодитой байдаг болов уу. Манай хүний найруулсан, тоглосон кино уран бүтээлүүдийг харахаар тэгж бодогддог юм. Гурван жил гэдэг бол урт хугацаа шүү дээ. Манай хүний гэрийнхэн чинь бүгд урлагийн хүмүүс байдаг юм шүү дээ.
-С.Сарантуяа та яаж жүжигчин мэргэжлийг сонгож байв?
– Миний хувьд манай гэр бүл нөхрийн тал шиг урлагийн хүмүүс байгаагүй. Хүүхэд насныхөө өөрийн дур сонирхлоор явж байгаад л азаар тэнгэр харж үзэж ийшээ алхаад орчихсон юм шиг байгаа юм. Сургуулиа төгсөөд театрт ажиллаж байх үед ээж маань “Манай нэг ах их сайхан дуулдаг, хуурддаг хүн байсан юм. Тэрний л юм чамд өвлөгдөж дээ” гэж байсан юм. Хөөрхий минь урлагийг авьяас заавал өвлөгдөж, дамжиж ирдэг гэж бодсон үүднээс тэгж хэлж байсан. Яг үнэндээ жинхэнэ дуулдаггүй, буруу солгой дуулдаг хүн чинь би байхгүй юу. Хүний эцэг эх гэдэг чинь өөрийнрөө төсөөлөл, бодлоор бэлгшээж ярьдаг.
-Хүү Б.Тамир нь кино урлагийн салбарт том орон зайг эзэлдэг найруулагч болсон. Хүүгээ жүжигчин болно гэж байхад одоогийн түвшинд хүрнэ гэж итгэж байсан уу?
О.Бат-Өлзий: Хүү маань аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөж авсан. Бид хоёр шахаж шаардаагүй. Миний хүү өөрөө л шийдсэн. Тусалж дэмжээ ч үгүй. Чадвал хий, чадахгүй бол өөр ажил хий гэсэн. Тэгээд өөрөө л хичээж зүтгэсээр СУИС-д орж, төгссөн байдаг юм. Одоо харин үнэнийг хэлэхэд хүү минь бид хоёрын хүү гэдгээ сургуульдаа нуудаг байсан гэсэн. Надад бүр сүүлд хэлсэн. Бид хоёрын хүү гэдгийг мэдвэл харьцаа их өөр болж, ад үзэх, сонжих хандлагууд их гардаг байсан гэсэн.
С.Сарантуяа: Тэр олон шахалт дунд хүү минь шантраагүй харин тэндээс хурцлагдаж, чадваржиж байгаагаар минь би хүүгээрээ бахархдаг.
-Та хоёр хэзээ яг миний хүү найруулагч болжээ гэж бахархах сэтгэл төрж байсан бэ?
Театраасаа гарчхаад нэг л бодлогоширсон хүн яваад байсан чинь кино найруулга руу л орох гээд бодоод байсан байна лээ. Эхний хийсэн кинонууд нь алдаа мадагтай байсан ч тэндээс би зүтгэсэн зүтгэлийг нь олж харж байсан. Харин би 37-р точка киног нь үзээд л одоо л миний хүү найруулагч болж байна даа гэж бодогдож, итгэл төрсөн.
О.Бат-Өлзий: Би бол олон юм ярихгүй хийсэн юмыг нь л үздэг. Байтаг богд киноны үеэр л би хүү минь эрийн цээнд хүрчдээ гэж бодсон. Хүүтэйгээ хамт найруулагчаао ажиллаж, Улаанбаатар хотоод 1000 гаруй км-ийн цаана хил дээр олон сар ажиллахад миний хүү намайг огт ядраагаагүй. Тэнд би хүүгээ л түшиж байсан.
Би хүүгээрээ бахархдаг нэг зүйл нь түүхийг маш сайн судалдаг. Би өөрөө түүх унших их дуртай. Одоо харин хүү минь түүхээрээ намайг даваад явчихсан. Монголын түүхийг хаанаас нь ч асуусан мэддэг.
-Ярилцлагын төгсгөлд та хоёр маань залуус, үзэгчдэд бас захиас хэлээч?
С.Сарантуяа: Хүн ер нь өөрөөрөө л байх хэрэгтэй. Ардын жүжигчин Гантөмөр гуай хэлсэн байдаг юм. “Урлагийн хүн болно гэвэл чи өөрөө эхлээд хүн байх ёстой” гэж. Энэ бол маш өргөн утгатай үг. Чи яг хүнээрээ байгаагүй цагт урлагийн хүн болно гэж баг зүүх хэрэггүй. Хүн өөрөөрөө байгаа цагт бусдаас ялгарах онцлог нь гарч ирнэ. Тэгэхээр бид ямар хүмүүс билээ түүгээрээ л байх ёстой.
О.Бат-Өлзий: Орчин цагийн залуусын мэдлэг боловсрол, техник технологийн эзэмшилд би бол алга ташдаг. Харин нэг дутагдаж байгаа зүйл нь чадаж байгаа нэгэндээ алга ташиж, дэмжиж чадахгүй байна. Сайн яваа нэгнийхээ амьдралд хөндлөнгөөс оролцож, “Хөнжлийг сөхдөг” хандлага их ажиглагддаг боллоо. Хүнд гай болохгүй өөрсдийнхөө амьдралаар амьдарч, үр хүүхдүүдээ сайн хүмүүжүүлэхэд л анхаараасай.
– Алтан цагаа зарцуулан сайхан түүхийг хуучилсан та хоёртоо баярлалаа.