Б.Бат-Эрдэнэ: “СОР17” бага хурлыг зохион байгуулахтай холбоотой нэг ч олигтой ажил хийгдээгүй байна
Эх сурвалж: Өдрийн сонин
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-Таны хувьд сар шинийн өмнө тойргоороо нэлээд явж байгаа харагдсан. Орон нутагт нэн тулгамдаж байгаа ямар асуудлууд байна. Тэдгээрийг шийдэх боломж бололцоо нь юу байна вэ?
-Шинэ он гарсны дараахан нэгдүгээр сарын 4-ний өдөр Булган аймгаас эхэлж явсан. Булган аймаг 16 сум, нэг тосгонтой. Тэгвэл Орхон аймаг хэдийгээр хоёрхон сумтай боловч 29 багтай. Багууд нь 10 мянгаас дээш хүн амтай, хүн амын төвлөрөл их, аж үйлдвэржилт, бизнес, эдийн засгийн төв болж байгаа том аймаг. Нэмээд Хөвсгөл аймгийн 23 сум, нэг тосгоноор ажиллаад битүүний өдөр ирсэн. Нийтдээ 42 өдөр хөдөө орон нутагт ажилласан. Ингэж явахад асуудлууд байна. Сайд нар худлаа ярихаа болимоор байна. Тогтмол зардлыг Сангийн яам бүтэн хасчихсан. Өнөөдөр орон нутагт өрөнд ороогүй төрийн байгууллага алга. Жишээлбэл, зургаан сая төгрөгийн цахилгааны төсөвтэй төрийн байгууллагын гурван сая төгрөгийг хасчихсан байгаа юм. Тэгэхээр тэр байгууллага үлдсэнийг нь хаанаас олох вэ. Тогтмол зардлуудыг Сангийн яам хассантай холбоотойгоор маш их хэмжээний өр үүссэн. Манай тойргийн Булган, Хөвсгөл аймгийн хэмжээнд уурын зуух ажиллуулдаг компаниуд бүгд дампуурсан. Ирэх тавдугаар сарын 1-нээс бүгд хаалгаа барина гэж байна. Энэ бол төрийн албаар зохион байгуулж, дампууруулж байгаа ажлуудын нэг болж байгаа юм. Хоёрдугаарт, Малчны тухай хууль 2024 онд батлагдсан. Тухайн үед Сангийн сайдаар Б.Жавхлан гэж хүн байсан. Одоо ч энэ хүн сайдаа хийж байгаа. Гэтэл малчдын нийгмийн даатгалын нөхөн төлөлт дээр 70 тэрбум төгрөг байхгүй гээд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас оруулсан журмыг нь Сангийн яам Засгийн газрын хуралдаанд оруулахгүй гацаачихсан. Ингээд малчид маань ууртай байна
Мөн Боловсролын сайд П.Наранбаяртай холбоотой асуудал их байна. Сайдаа хийж чадахгүй байгаа хүмүүсийг Ерөнхий сайд Г.Занданшатар явуулах ёстой. Үгүй бол өөрсдөө явах нөхцөл байдал руу л орно. Миний хувьд бодит үнэнийг л хэлж байна. Үүн дээр ямар нэгэн нам, улс төр гэсэн зүйл байхгүй. Орон нутагт амьдрал маш хэцүү байна. Төр өөрөө төрийн албан хаагчдаа ялгаварлаж байна. Дээрээс нь өгч чадахгүй бол хошгируулаад байх шаардлагагүй. ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт машиныхаа ард сууж байгаад Ерөнхий сайд Цагаан сарын үеэр том бэлэг барина гээд зарлачихсан. Маш өндөр хүлээлт үүссэн. Гэтэл 2030 онд 10 сая төгрөгтэй болно гэж байгаа юм. Ийм байж, ард түмнээр тоглож болохгүй. Удаан эрх барьж, удаан сайд хийж болно. Гэхдээ ард түмнээр тоглодог байж болохгүй. Ард түмнээсээ холдсон хэнбугай ч унадаг жамтай.
-Танай намын Бага хурал маргааш/өнөөдөр/ болно. Энэ үеэр таны хувьд энэ асуудлуудаа намынхаа түвшинд гаргаж тавих уу?
-Би шууд нэрлэе. Нэгдүгээрт, П.Наранбаяр, хоёрдугаарт Б.Жавхлан, Гуравдугаарт Б.Чойжилсүрэн, дөрөвдүгээрт Б.Батбаатар, тавдугаарт С.Бямбацогт гэсэн сайд нартай холбоотой асуудал манай тойрог дээр маш муу байна. Харин шинээр томилогдсон ХХААХҮ-ийн сайдад ам сайтай байсан. Салбарын бодлого зөв явж эхэлж байна гэдгийг хэлж байна. Эрүүл мэндийн сайд дээр бас гайгүй байна лээ. Тэгэхээр ерөөсөө болохгүй байгаа сайд нараас салах ёстой. Үүнийг бид шударга ярих хэрэгтэй. Төр мөнгөгүй, цалин нэмэхгүй байж болно. Тэгвэл татварын дарамтаа багасгах шаардлагатай. Нөгөө талдаа нэмж төрийн байгууллагуудыг өрөнд оруулж ерөөсөө болохгүй. Тэнд Сангийн яамнаас болоод төрийн албан хаагчид хүний нүүр харж чадахаа больсон байна. Тэгэхээр энэ бүхэн байж болохгүй асуудал гэдгийг л би шударга хэлж байгаа юм. Энэ удаагийн намын Бага хурлаар яг тийм асуудал хэлэлцэгдэнэ гэдэг зүйл яригдаагүй байгаа. Н.Учрал даргын хувьд залуу хүн. Ноднин арваннэгдүгээр сард болсон намын Их хуралд “Ардын нам ард түмэндээ эргэн ирнэ” гэсэн уриатай өөрийнхөө бодлого, концепцийг танилцуулсан. Үүнийх нь үргэлжлэл буюу хөтөлбөрүүдээ албан ёсоор танилцуулж, Бага хурлаасаа зөвшөөрлөө аваад ажиллаж эхлэх болов уу гэсэн бодолтой байна. Н.Учрал даргыг би 100 хувь дэмжиж байгаа. Нам шинэчлэгчдэж байгаа, харин авлига, албан тушаалд холбогдсон нөхдүүдийг намаас хөөх ёстой. Намын нэрээр албан тушаалд оччихоод тэнд авлига аваад суугад байж болохгүй. Миний хувьд ноднин жил бүтэн төрийн өмчит компаниудын асуудлыг хөндсөн. Маш олон зүйлийг гаргаж тавьсан. Өнөөдөр ч энэ асуудлууд шийдэгдээгүй явж байгаа. Ихэнх нь хуучин сайд нар шүү дээ. Тэд 2021 оноос хойш засаглаж байгаа. Гэтэл гурван жил хийгээгүй ажлаа 30 хоногт хийж чадахгүй гээд яриад зогсож байгаа сайд байна. Мөн дөнгөж шинээр сайд болчихсон юм шиг зүйл яриад байгаа нөхдүүд ч байгаа. Энэ олон жил сайд хийчихээд Л.Оюун-Эрдэнийнхээ засгийн ажлыг үгүйсгээд явдаг зарчим байж болохгүй. Энэ бол ерөөсөө л зарчмын асуудал. Би 30, 38 болоод хуваагдаж байхад, Х.Булгантуяа гэдэг хүн дээр ч зарчим л хөндөж байсан. Бид зарчмаа л барих ёстой.
-Энэ онд манай улсад “COP17” гэсэн олон улсын том хурал болно. Та өмнө нь БОАЖ-ын сайдаар ажиллаж байсан хүний хувьд энэ хурал манай улсад хэр үр өгөөж, ашигтай байна гэж харж байгаа вэ?
-Олон талаас нь авч үзэх ёстой. Анх 2022 оны тавдугаар сард Зааны ясан эрэг улсад болсон Цөлжилтийн конвенцийн 15 дугаар хуралд миний бие сайдын хувиар оролцож, 2024 онд “СОР16”-г Монгол Улсад зохион байгуулах асуудлыг даалгавар болгож явуулж байсан. Газар дээр нь очиж үзээд 2024 онд бид ямар ч боломжгүй гэж дүгнээд энэ онд зохион байгуулахаар хүлээж авах нь зүйтэй юм гэдэг шийдвэрийг гаргасан. Гэхдээ баталгаажуулалт нь 2024 онд С.Одонтуяа сайдын үед хийгдсэн. Гэвч маш муу ажилласан. Баталгаажуулалт хийгдсэний дараа манай ажил идэвхжих ёстой. Гэтэл ажлууд ер нь бараг хийгдээгүй байна. Уг нь төсөл, хөтөлбөр дээр л анхаар гэсэн шүү дээ. Төсөл, хөтөлбөр бол Монгол Улсад үлдэх ёстой зүйл. Салбарын сайдыг төрийн албанд ажиллаж байгаа зарим нөхөд буруу мэдээллээр хангаж, тархийг нь угааж байна. Мөн салбарын сайдаар томилогдоод очихдоо ямар ч А-гүй очиж байна.
Хоёрдугаарт, СОР-оос зохион байгуулж байгаа гол концевц бол 2021 онд болсон Уур амьсгалын өөрчлөлтийн конвепцийн талуудын Бага хурал, НҮБ-ын Ерөнхий ассамблейд тэрбумаар тоологдох мод тарих буюу цөлжилтийн эсрэг тэмцэх эдгээр ажлуудын өсөлтийн оргил цэг байх ёстой. Тийм ч учраас бид ой дээр тодорхой хэмжээний төсөл хөтөлбөрүүд үлдэх ёстой гэсэн утга агуулгыг явуулж байсан. Бид өнөөдөр ой, ус, бэлчээр дээр дор хаяж нэг их наяд төгрөгийг СОР-оос авч үлдэх ёстой. Бусад байгаль орчны чиглэл дээр дор хаяж 600 тэрбумаас дээш төгрөгийг авч үлдэх ёстой юм. Ийм л концевцтэй бид анх эхлүүлж байсан. Харамсалтай нь одоо болтол нэг нь ч хийгдээгүй байна. Миний эхлүүлсэн бэлчээртэй холбоотой асуудлыг л барьж, үргэлжлүүлэх байдлаар ажлаа явуулж байгаа. Саудын Арабтай бид тухайн үед 2024 оны СОР-ыг зохион байгуулахын тулд лобби хийсэн. Ингэхдээ 50 сая ам.долларын асуудлыг лоббидсон. Энэ мөнгө л орж ирэх тухай сураг байна. Өөр шинээр орж ирэх мөнгөний тухай миний хувьд огт сонсоогүй. Дор хаяж 1.5 орчим тэрбум ам.доллар Монгол Улсын эдийн засагт, байгаль орчны салбарт үлдэх хэмжээнд орох ёстой л анхны дүгнэлт байхгүй юу. Даанч энэ бүхэн хийгдээгүй. Тэгэхээр одоогийн нөхцөл байдлыг нь сонсож байхад СОР миний мэдрэмж, урьдчилан харж байгаагаар тавдугаар сард Ерөнхийлөгч уурлах байх. Тэгээд сандралдаад наймдугаар сард яаж ийж байгаад зохион байгуулах л байх. Талуудын бага хурал гэдэг бол төр биш хувийн хэвшил дээр явах ёстой ажил. Төр зөвхөн бодлогын ажлаа хийгээд явах ёстой. Гэтэл ямар учир жанцан, ямар өлөн зан нь хөдлөөд байгааг би ерөөсөө ойлгохгүй байгаа. Өөрсдөө бүх зүйлийг зохион байгуулах гэж дайрч байна. Хаа байсан Кени улсад очоод мөнгө гуйж байна гээд сайд нь явж байсан. Энэ ямар ч боломжгүй. Зүгээр л цаг мөнгө үрсэн, гадаадад аялж үзэх гэсэн хүний л хийж байгаа ажил гэж харж байгаа. Би бодит үнэнийг шууд л хэлж байна.
-Тэгэхээр таны харж байгаагаар “СОР17” хурлыг манайх нэг зохион байгуулсан нэр төдийгөөр л өнгөрөөхөөр байна уу?
-Би олон хүмүүстэй уулзаж ярилцаж байгаа. Төсөл, хөтөлбөрүүд нь юу байгааг үзэж, харж байна. Харамсалтай нь олигтой явж байгаа зүйл алга.
-Ер нь Б.Батбаатар сайдыг энэ салбарт хэр ажиллаж байна гэж харж байгаа вэ?
-Муу ажиллаж байгаа шүү дээ. Иргэний зориг, ногоон намын худалдаж аваад л ингээд явж байгаа биз дээ. Би ер нь сайд хийж байсан хүний зангараг заагаад дуугай байя гэж бодсон юм. Одоо бол дуугарч эхэлж байгаа нь энэ. Би өөрийгөө сайн ажилласан гэж байгаа юм биш. Гэхдээ надаас хойших хоёр сайд аль аль нь муу ажилласан. Явж байсан томоохон бодлогын шинж чанартай төсөл, хөтөлбөрүүд бүгд зогссон. TNC-гийн 71 сая ам.доллар буюу 250 орчим тэрбум төгрөгийг миний үед бэлэн болгоод өгсөн. Бэлэн мөнгийг л зөв зүйтэй зарцуулаад үрж чадахгүй байна шүү дээ. Төсөл, хөтөлбөр хийж чадахгүй байна. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам концепцио алдчихсан, маш муу ажиллаж байгаа. Зөвхөн улс төрийн лобби, Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдож л ажил нь явагдаж байна. Тэгэхээр үндсэндээ байгаль орчны салбар хаягдсан гэсэн үг.