Б.Мөнх-Од: Прокурор 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд яллах дүгнэлт үйлдсэн

0

Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих нэгдүгээр хэлтсийн дарга Б.МӨНХ-ОДТОЙ ярилцлаа.

-Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой асуудлыг эрүүгийн журмаар шалгаад байна. Шалгалтын ажиллагаа ямар явцтай байна вэ?

-АТГ, ЦЕГ-ын хамтарсан Ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нийт 43 хэрэг бүртгэлтийн хэрэгт хяналт тавин ажиллалаа. Үүнээс 15 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, хоёр хэрэг бүртгэлтийн хэргийг нэгтгэлээ. Мөрдөн байцаалтын 15 хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2-д заасан “нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн” гэх үндэслэлээр нэгтгэж, мөрдөн байцаалт явууллаа.

-Нийт хэдэн хүн, хуулийн этгээдийг яллагдагчаар татаад байна вэ. Хэдэн хэрэгт ял төлөвлөсөн бэ?

-Нийслэлийн прокурорын газраас 463 хавтас, 115.750 хуудастай хэргийг хянаж, 72 хүн, гурван хуулийн этгээдийн 1270 хуудас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Ингэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулах үүднээс зургаан прокурор зэрэгцэн хяналт тавьсан.

Нийт 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдуулан прокурорын яллах дүгнэлтийг үйлдээд байна. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, мөнгө угаах, хахууль авах, өгөх, нотлох баримт хуурамчаар үйлдэх, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэх, ашиглах, худал мэдүүлэх гэсэн зүйл заалтаар дээрх хүн, хуулийн этгээдэд яллах дүгнэлт үйлдсэн.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *