ЖАГСАГЧИД: Биднийг сайхан амьдруулна гэж төрд гарсан ч авлига, хээл хахууль, хулгай газар авлаа

image (17)

Эх сурвалж: Өдрийн сонин

УИХ-ын хаврын чуулган өчигдөр нээлтээ хийсэн юм. Чуулган эхлэхтэй зэрэгцээд Төрийн ордны гадна ахмадууд тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөг болгохыг шаардан жагслаа.

Жагсагчид “Авлига, албан тушаалаас өөр зүйл хэлэлцэхээ больсон төрийн бодлогыг эсэргүүцэж байна”, “Ард түмэн туйлдаж гүйцлээ”, “Тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөг болгохыг шаардаж байна” зэрэг уриа лоозон барьсан харагдлаа. Тэдний байр суурийг тодруулахаар жагсаалд оролцсон иргэдтэй ярилцлаа.

Жагсаалд оролцож буй ахмадуудыг цагдаа нар ордны гадна жагсаж буй ахмадуудыг зөвшөөрөл аваагүй гэх үндэслэлээр тарааж, ачсан тухай тэд ярьсан юм. Энэ талаар ахмад настан Г.Тэрбиш “Бид чинь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх ардчилсан улсад амьдарч байгаа нь үнэн биз дээ. Гэтэл цагдаа нар зөвшөөрөл аваагүй гэх үндэслэлээр олноороо ирж, биднийг тараалаа. Гэвч бид бууж өгөхгүй. Өөрсдийнхөө улс эх орондоо хийж бүтээсэн зүйлийнхээ үр шимийг хүртэх гээд л ингэж “гуйлгачин” царайчилцгааж байгаа нь энэ. Өнөөдөр хаврын чуулган нээж байна. Бидний жагсаал өнөөдөр ч эхэлсэн юм биш. Бид тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэхийг 2025 оноос эхлэн шаардсан. Бороотой, цастайд ч хамаагүй бид сууж л байсан. Хамгийн гол нь хийж, бүтээгээгүй зүйлийнхээ араас хөөцөлдөөгүй шүү гэдгийг л төрийнхөнд хэлмээр байна. Тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөг болгох хүртэл бид тэмцлээ үргэлжлүүлсээр л байх болно” гэв.

Мөн энэхүү жагсаалд оролцсон иргэн Г.Гантөгс “Одоо бол Монголын төрд хамаатан садан, найз нөхдөө цуглуулсан хэдхэн хүн л байна. Энэ хүмүүс ахмадуудын тэтгэврийг нэмэх нь битгий хэл яавал мөнгө идэж болохоор байна гэдэгт л хамаг цагаа зарцуулдаг байх. Ер нь төр засаг тэр чигтээ хулгай болсон. Сонгууль болохоор хэдэн ядарсан иргэддээ мөнгө өгч саналаа худалдаж аваад, төрийн мэдлийг гартаа авчихсан. Одоо сүүлдээ “хороо” намын байгууллага болчихсон. Бүр намын дарга нь хорооны дарга болсон. Хэсгийн ахлагч нарыг үүрийн дарга нараар тавьж байна. Уг нь намынхаа гишүүдийнхээ саналаар тавих ёстой. Гэтэл ийм тойрон хүрээлэгч нар байдгаас болоод төр тэр чигтээ хулгайч нарын үүр болсон. Ард иргэд гомдол санал гаргахаар түүнийг нь төр биелүүлэхгүй. Яагаад гэвэл “Би буруу зүйл хийсэн ч дарга намайг хамгаална” гэдэг болчихсон. Ингээд янз бүрийн гомдол, санал гаргасан хүмүүсийг залхаадаг.

Улмаар ард иргэдийн санал хүсэлтийг хүлээж авдаггүй. Бүр мэддэг ч үгүй байх. Тиймээс энэ төр тарахаас өөр нөхцөл алга. Одоо сүүлдээ хууль цагдаагийнхныг хүртэл мэдэлдээ авсан байна. Төрд мөнгө байхгүй биш байгаа шүү дээ. Энэ мөнгөө хулгайч нартаа өгч байснаас ард иргэддээ өгөх хэрэгтэй. Биднийг сайхан амьдруулна гэж төрд гарсан ч авлига, хээл хахууль, хулгай газар авлаа” хэмээв.

About Author