Нийт шүүгчийн хуралдаан боллоо

шүүх

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан, Шүүгчдийн зөвлөгөөн 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдөр боллоо.

Нийт шүүгчийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүдээс ирүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудлаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаатай холбогдуулан тайлбар хүссэн тухай, Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудлаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэнтэй холбогдуулан тайлбар хүссэн тухай албан бичгүүдийг хэлэлцэж, тус тус хариу өгөхөөр тогтов.

Харин гурван шүүгчээс Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч болон нийт шүүгчийн хуралдаанд хандан ирүүлсэн хүсэлтүүдтэй танилцаж, судалгаа хийх шаардлагатай гэж үзэн хойшлууллаа.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжингээс ирүүлсэн “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-тэй танилцаж, эрх мэдэл хуваарилах, хууль бүтээх үйл ажиллагааны үндсэн зарчмуудад нийцүүлж ирүүлээгүй, хуулийн төсөлд санал авах талаарх хууль тогтоомжид заасан журмыг баримтлаагүй гэж үзэн санал гаргахгүйгээр төслийг буцааж шийдвэрлэв.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяраас ирүүлсэн “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл” болон “Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-тэй танилцаж, санал хүргүүлэхээр тогтлоо.

Үүнээс гадна, Монгол Улсын шүүхийн тухай хуулийг боловсронгуй болгох санал болон Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзоригоос ирүүлсэн “Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төсөл”-тэй тус тус танилцлаа.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаар хойшлуулсан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 8, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.2 дахь хэсгийг тайлбарлах санал, уг санал гаргасан Захиргааны хэргийн танхим тайлбарлах шаардлагагүй гэж үзсэнийг хэлэлцэж, саналыг хүлээн авлаа.

Түүнчлэн Либертари нам (ЛН) үүсгэн байгуулагдсан болон намын даргаар Э.Оргил-Эрдэнэ сонгогдсоныг бүртгүүлэх тухай өргөдлийг хэлэлцэж, бүртгэхээр шийдвэрлэлээ.

Шүүгчдийн зөвлөгөөнөөр Монгол Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, өөрчлөлт оруулахаар тогтов.

About Author