“Үндэсний баялгийн сан”-г хэрхэн нэмэгдүүлэх асуудлаар улсаараа зөвлөлдөнө

images (84)

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Үндэсний баялгийн сангийн хөрөнгийг хэрхэн нэмэгдүүлэх асуудлаар зөвлөлдөх “Баялагтаа эзэн Монгол” санал асуулгыг орон даяар зохион байгуулах шийдвэр гаргажээ.   

Газрын хэвлийн баялгийн өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх, Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгийг арвижуулах, зүй зохистой зарцуулах асуудлыг шийдвэрлэх арга замын талаар иргэдтэй зөвлөлдөх, зөвшилцлийг хангах зорилгоор ирэх дөрөвдүгээр сард “Зөвлөлдөн шийдье” зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахаар Засгийн газраас шийдвэрлэсэн.

Энэхүү арга хэмжээг угтсан “Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өчигдөр Төрийн ордонд болж, эдийн засаг, санхүүгийн мэргэшсэн зөвлөхүүд, эрдэмтэн судлаачид, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож, санал шүүмжээ нээлттэй ярилцсан юм.

Улмаар өнөөдөр Засгийн газрын хуралдаанаас “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх санал асуулга нэртэйгээр зохион байгуулах шийдвэр гарлаа.

Өчигдрийн зөвлөлгөөн дээр ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт “Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сангуудын зарцуулалтыг 2030 он хүртэл царцаасан нь зөв үү гэдгийг нягтлан үзэх, баялгийн сангуудын хуваарилалт тэгш, шударга байж чадаж байна уу? Хуримтлалын санг зөвхөн эрүүл мэнд, боловсрол, орон сууц, ипотекийн санхүүжилтийн зориулалтаар зарцуулахаар зохицуулсан нь бодит хэрэгцээтэй нийцэж байна уу гэдгийг бодлогын түвшинд дахин авч үзэх шаардлага зүй ёсоор гарч байна” гэж хэлсэн бөгөөд зөвлөлдөх санал асуулгын сэдэв ч энэ байх юм.

About Author