“Гадаад худалдааны аргачлал” сэдэвт сургалт зохион байгууллаа
Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд Улаанбаатар хотын Худалдааны танхимын нэрэмжит “Улаанбаатар-Хөрөнгө оруулалт” долоо хоногийн хүрээнд “Гадаад худалдааны аргачлал” сэдэвт сургалт өнөөдөр /2026.03.19/ боллоо.
Арга хэмжээг нээж Улаанбаатар хотын Худалдааны танхимын Гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ хэлсэн үгэндээ, өнөөгийн даяаршиж буй эдийн засгийн нөхцөлд гадаад худалдааг зөв ойлгож, олон улсын дүрэм, стандарт, зохицуулалтад нийцүүлэн үйл ажиллагаа явуулах нь бизнесийн тогтвортой өсөлт, өрсөлдөх чадварын суурь нөхцөл болохыг онцлон тэмдэглэлээ. Тэрбээр энэхүү сургалтаар дамжуулан аж ахуйн нэгжүүдэд онол, практик хосолсон мэдлэг, шийдлийг хүргэж, гадаад зах зээлд нэвтрэх чадавхыг бэхжүүлэх, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийг дэмжих зорилготойг дурдав.

Тус арга хэмжээг Улаанбаатар хотын Худалдааны танхим Эдийн засаг, хөгжлийн яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулсан бөгөөд гадаад худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд, бизнесийн салбарын төлөөлөл, экспортлогчид, импортлогчид өргөнөөр оролцож, харилцан туршлага солилцлоо.
Сургалтын хүрээнд:
- Гадаад худалдааны үндсэн ойлголт, үйл ажиллагааны үе шат
- Олон улсын худалдааны зохицуулалт, эрх зүйн орчин
- Худалдах, худалдан авах гэрээ байгуулахад анхаарах гол асуудлууд
- Олон улсын тээвэр, логистикийн оновчтой шийдлүүд зэрэг практик ач холбогдол бүхий сэдвүүдээр мэргэжлийн илтгэлүүдийг танилцуулж, оролцогчдын асуултад хариулан, бодит нөхцөлд тулгуурласан зөвлөмжүүдийг хүргэлээ.
Энэхүү сургалт нь бизнес эрхлэгчдийн гадаад худалдааны талаарх мэдлэг, ойлголтыг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ олон улсын зах зээлд нэвтрэх бэлтгэлийг сайжруулах, экспортын чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодит дэмжлэг болсон юм. Түүнчлэн төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад ач холбогдолтой арга хэмжээ болж өндөрлөв.