АНУ-ын виз авахын тулд их хэмжээний барьцаа мөнгө байршуулдаг болно
Монгол Улсын иргэд АНУ-д зорчих В1, В2 ангиллын виз авахын тулд их хэмжээний барьцаа байршуулах журам удахгүй мөрдөгдөж эхлэх гэж байгаа талаар asiarussia.ru/ цахим хуудаст мэдээлжээ.
Мэдээлэлд бичсэнээр, дээрх ангиллын визийг авах шалгуурыг бүрэн хангасан ч нэмж 15,000 ам.долларын барьцаа байршуулах журам ирэх сарын 2-ноос хэрэгжиж эхлэх аж. Гэхдээ бас ч бүх хүнээс барьцаа шаардахгүй, барьцаа байршуулах эсэхийг визний ярилцлагын үеэр шийдэх гэнэ.
Шинэ журам мөрдөгдөж эхлэх гэж байгаатай холбоотойгоор виз хүсэгчдэд барьцааны мөнгө байршуулах талаарх шийдвэр визийн ярилцлагын үеэр л гарах учир гуравдагч этгээдээр дамжуулахгүй байхыг онцгойлон анхууруулж байгаа аж.
АНУ-ын Төрийн Департаментын мэдээлснээр, өргөдөл гаргагч АНУ-аас цаг тухайд нь гарсны дараа барьцааг бүрэн буцаан олгох юм байна.
B1/B2 виз гэж юу вэ?
B1/B2 виз нь АНУ-д түр хугацаанд зорчих гадаадын иргэдэд олгодог жуулчны болон бизнесийн холимог виз юм.
B1 виз: Бизнесийн зорилгоор (жишээ нь: хурал, уулзалт, гэрээ хийх гэх мэт)
B2 виз: Жуулчлал, эмчилгээ, найз нөхөд, гэр бүлээ эргэх зорилгоор
Гол шаардлагууд:
АНУ-аас гарах баталгаатай зорилго, зорчих хугацаатай байх
АНУ-д байх хугацаандаа амьжиргааны зардлаа даахуйц хөрөнгөтэй байх
Визний хугацаа дуусахаас өмнө буцах зорилготой гэдгээ нотлох (ажил, сургууль, гэр бүл, үл хөдлөх хөрөнгө гэх мэт)
Нотолгоотой баримтууд: орлогын эх сурвалж, хөрөнгө, аяллын төлөвлөгөө, урилга (шаардлагатай тохиолдолд)
Визийн хүчинтэй хугацаа ба оролт:
Хүчинтэй хугацаа: Монголчуудын хувьд B1/B2 визийг ихэвчлэн 10 жилийн хугацаатай олгодог
Орох эрх: Олон удаа орж гарах эрхтэй
Нэг удаагийн оролтод байх дээд хугацаа: Ихэнх тохиолдолд 6 сар хүртэл АНУ-д байх эрхтэй (хил дээр шалгагч шийднэ)
Виз мэдүүлэх үйл явц:
DS-160 маягт бөглөх (онлайнаар)
MRV визний хураамж ($185) төлөх
АНУ-ын ЭСЯ-д визийн ярилцлагад бүртгүүлэх
Ярилцлага өгөх (УБ дахь АНУ-ын Элчин Сайдын Яам)