УИХ-ЫН ГИШҮҮН Ж.МӨНХБАТ СОЛОНГОС УЛС РУУ ЯВЖЭЭ
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өчигдөр УИХ-ын даргад гишүүний бүрэн эрхээсээ бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлтээ хүргүүлсэн талаар бид мэдээлсэн.
Тэрбээр бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтдээ “Нэгдүгээрт настай ээж нь эрүүл мэндийн шалгаанаар гадагшаа эмчлүүлэх болсон тул УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ бүрэн мөсөн чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байна. Хоёрдугаарт, намайг концесс, казино, нүүрс, үнэтэй цаг, машин гэхчлэн янз бүрийн мэдээлэлтэй холбож, зохион байгуулалттай гүтгэж байна. Тиймээс энгийн иргэн болоод шалгуулахад бэлэн байна” хэмээн дурдсан байдаг.
Тэгвэл УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ хүргүүлсэн Ж.Мөнхбат өнөөдөр хилээр гарч, БНСУ-ыг зорьсон талаар баттай эх сурвалж мэдээллээ. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нүүрсний хулгайн хэрэгт холбогдож, яллагдагчаар татагдан шалгуулж байсан юм.
Тэрбээр хүсэлтдээ “Ээжийнхээ биеийг эмчлүүлэхээр бүрэн эрхээсээ татгалзаж байгаа” хэмээн дурдсан ч түүний ээж Монголд үлдсэн байгаа аж.