Онцгой нөхцөл байдлын үед авах хариу арга хэмжээний төлөвлөгөөг зургаан чиглэлээр хэрэгжүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны гуравдугаар сарын 25-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Авлигын гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хууль бус хөрөнгө, орлогыг хураах эрх зүйн орчныг чангатгана
Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны наймдугаар сарын 75 дугаар захирамжаар байгуулсан “Төлбөрийн чадваргүйн улмаас санхүүгийн эрсдэлд орсон, татан буугдсан банканд байршиж байсан тусгай зориулалтын сан, төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгийг буцаан төвлөруулж, төрийг хохиролгүй болгох ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ажлын явц, үр дүнгийн талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Ажлын хэсэг энэ хугацаанд татан буугдсан, үйл ажиллагаа нь доголдсон банкнаас 60.67 тэрбум, Хөгжлийн банкны зээлдэгчдээс 67.2 тэрбум, нийт 127.87 тэрбум төгрөг буцаан төвлөрүүлжээ.
Тус Ажлын хэсгээс боловсруулж, танилцуулсан авлигын гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, олсон хууль бус хөрөнгө, орлогыг хураахад Эрүү, Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах мөн Актив удирдлагын компанийн тухай, Хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх тухай анхдагч хуулийн төслийг нэн яаралтай боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулан УИХ-д өргөн барихыг даалгалаа.

Онцгой нөхцөл байдлын үед авах хариу арга хэмжээний төлөвлөгөөг зургаан чиглэлээр хэрэгжүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Гадаад орчинд үүсэж буй нөхцөл байдлаас шалтгаалсан Монгол Улсын эдийн засагт учирч болзошгүй хямралыг хохирол багатай даван туулах, онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээ авах санал боловсруулах үүрэг бүхий Зөвлөл байгуулсан. Тус Зөвлөлийг ахалж буй Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Ойрх дорнодын бүс нутагт үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан Монгол Улсын эдийн засагт учирч болзошгүй хямралыг хохирол багатай даван туулах, онцгой нөхцөл байдлын үед авах хариу арга хэмжээний төлөвлөгөөг танилцууллаа.
Төлөвлөгөөнд,
-Төсөв, санхүүгийн сахилга бат, хэмнэлт;
-Хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх;
-Эрүүл мэндийн салбарын эм, эмнэлгийн нөөц бүрдүүлэх, тасралтгүй хангах;
-Түлш, эрчим хүч;
-Тээвэр логистик;
-Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх гэсэн зургаан чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээг тусгажээ.

Үүрэн холбооны сүлжээгүй 104 багийг холбоожуулах төлөвлөгөө боловсруулжээ
Манай улсын 1650 багаас 104 баг үүрэн холбооны сүлжээгүй, 200 орчим баг 20-50 хувийн хамралттай байна.
Үүнээс шалтгаалан алслагдсан бүсийн иргэд төрийн болон хувийн хэвшлийн цахим үйлчилгээ, боловсрол, эрүүл мэнд, мэдээллийн үйлчилгээнд тэгш хамрагдах боломж хязгаарлагдаж байна. Сүлжээгүй болон сүлжээ хангалтгүй байгаа нэгжүүдэд үүрэн холбоо, өндөр хурдны интернэтийн сүлжээг шинээр байгуулах, өргөтгөх зайлшгуй шаардлага байна. Иймд Монгол Улсын засаг захиргааны нэгжийг бүрэн хамарсан үүрэн холбооны сүлжээ байгуулах төлөвлөгөө батлан хэрэгжүүлэхийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугарт, төлөвлөгөөг хамтран хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
2026–2028 онд хэрэгжүүлэх тус төлөвлөгөөий арга хэмжээний үр дүнд Монгол Улсын засаг захиргааны бүх нэгж үүрэн холбооны сүлжээнд холбогдож, алслагдсан бүсийн иргэд мэдээлэл, харилцаа холбоо, төрийн цахим үйлчилгээ, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран авах боломжтой болно. Ингэснээр орон нутгийн бизнес, худалдаа, үйлчилгээний эргэлт нэмэгдэж, гамшиг, аюулт үзэгдэл, болзошгүй эрсдэлийн үед мэдээллийг шуурхай дамжуулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах чадавх бодитоор сайжирна гэж үзэж байна.
Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийг “Эдийн засгийн тусгай бүс” болгон хөгжүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн барилга, эмнэлгийн тусламж үйлчилгээний нөхцөл байдалтай гуравдугаар сарын 22-нд танилцаж, дүүргийн удирдлага, Засаг даргын Тамгын газрын албан хаагчидтай уулзалт хийсэн. Уулзалтын мөрөөр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо.
Тухайлбал,
-2026 оны төсвийн тухай хуульд батлагдсан “Налайх Дулааны шинэ эх үүсвэр 79 МВт-ын төсөл, арга хэмжээний зураг төсвийг баталгаажуулах ажлыг яаралтай дуусгаж, барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулан барилга угсралтын ажлыг шуурхай зохион байгуулах,
-Дулааны станцын шугам сүлжээ, цахилгааны дэд станцын өргөтгөл, цахилгаан дамжуулах агаарын шугам барихад шаардлагатай хөрөнгийг олон улсын банк санхүүгийн байгууллагын санхүүжилтээр шийдвэрлэх, дулааны үнийн зөрүүг шийдвэрлэх цогц шийдлийг боловсруулан Засгийн газрын хуралдаанд танилцуулах,
-Азийн хөгжлийн банкны зээлээр хэрэгжих “Аймгуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, бэхжүүлэх” төслөөр эмнэлгийн барилгыг барьж байгуулах асуудлыг судлан шийдвэрлэх;
-Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийг цаашид татварын болон хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрийн тааламжтай нөхцөл бүхий “Эдийн засгийн тусгай бус” болгон хөгжүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг орон нутагт саадгүй, бодитой хэрэгжүүлэх эрхийг олгох зэрэг арга хэмжээ авч ажиллахыгхолбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолд дэлхийн 56 улс нэгдэн оржээ
“Дэлхийн адууны өдөр”-ийг долоодугаар сарын 11-13-нд Төв аймгийн Аргалант сум, Хүй долоон худагт жил бүр зохион байгуулна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны 06 дугаар сарын 03-ны Бүгд хуралдаанаар хэлэлцэн баталсан. “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолд Австри, Бахрейн, Бразил, Солонгос, Хятад, Орос, Герман, Венесуэл, Португал, Тайланд, Катар, Япон, Турк, Киргиз, Казахстан зэрэг 56 улс нэгдэн ороод байна.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо Үндэсний их баяр наадам, Их Монгол Улсын 820 жилийн ой, “Дэлхийн адууны өдөр” арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой арга хэмжээний төлөвлөгөө, төсвийг нэгтгэн, зохион байгуулалтын ажлыг уялдуулан бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Товч мэдээ
· Австралийн Холбооны Улсад оршин суугаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, консулын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор тус улсын Сидней хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулах тухай асуудлыг хэлэлцэн дэмжээд, УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо. Тус улсад 650 гаруй монгол иргэн оршин сууж байгаа нь хилийн чанадад оршин сууж буй монголчуудын тоогоор гуравдугаарт жагсах үзүүлэлт юм байна.
· Засгийн газрын 2025 оны 21 дүгээр тогтоолоор Багахангай өртөөнөөс Хөшигийн хөндий чиглэлийн 87.7 км салбар төмөр замын төслийг эхлүүлэхийг үүрэг болгосны дагуу барилгын ажлыг 2025 оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 84 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус төслийн дараагийн шат Хөшигийн хөндий-Эмээлт өртөөнд холбох 40 км төмөр замыг барих асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

· Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, мэдээллийн ил тод байдлыг сайжруулах, төсвийн эх үүсвэр бүхий хөрөнгө оруулалтын мэдээллийн нэгдсэн цахим санд шаардлагатай их өгөгдлийг бүрдүүлэх, төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим систем (цаашид “цахим систем” гэх)-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэхийг үүрэг болголоо.
· Хаваржилт хүндэрсэн аймгуудад малын тэжээл, шатахуун олгох, тээвэрлэн хүргэхэд шаардлагатай зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтлоо.
· Европын сэргээн босголт, хөгжлийн банк дахь Монгол Улсын эзэмшиж буй 299 ширхэг хувьцааг 339 ширхэг болгон нэмэгдүүлэхээр тогтлоо. Монгол Улсын Европын сэргээн босголт, хөгжлийн банк дахь хувь оролцоог нэмэгдүүлэх тухай үүрэг амлалтын баримт бичигт 3асгийн газрыг төлөөлөн гарын үсэг зурж баталгаажуулахыг Сангийн сайд Б.Жавхлан, Хууль зуй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нарт зөвшөөрлөө.