“Зөвшилцөл”-өөс залхсан Лу.Гантөмөр өөрийнхөөрөө улс төр хийхээр шийдэв үү?!

0

АН-ын дарга Лу.Гантөмөр тамгатай, гэрчилгээтэй болоод хоёр сар гаруй болж байна. Гэсэн ч өнөөг хүртэл намдаа бүтэц, томилгооны өөрчлөлтийг хийж чаддаггүй ээ. Үндсэн хууль өөрчлөгдөж, дагалдах хуулиудад уг өөрчлөлтийг тусгаад дуусах дөхлөө. Том, жижиг намууд ч үүнд нийцүүлээд сонгуулийн бэлтгэлдээ орчихоод байна. АН ч тэгэх ёстой. Гэвч дотроо учраа ололгүй цаг алдсаар байгаа юм.

Угтаа АН-ынхан учраа олохгүй байгаа нь ганц Лу.Гантөмөрт байгаа юм биш. Угаасаа ийм. Нөгөө л 2000 оны хэдэн фракц цагийн уртад хувирсаар, хадгалагдсаар, оршин тогтносоор буй юм. Гэхдээ Лу.Гантөмөрийн тухайд намын дарга болохдоо “…Намаа эвлүүлнэ” гэсэн. Энэ нь фракцуудтай зөвшилцөж, учраа олно гэсэн үг.

Ер нь бол АН-ынхан хоёр том фракцад хуваагдсан. АН-аас нэр дэвшиж Монгол Улсын дөрөв дэх, тав дахь Ерөнхийлөгч болсон хоёр эрхэм уг хоёр фракцийг ерөнхийлдөг.

Тэдний зүгээс Лу.Гантөмөрт зогсоо зайгүй шахалт шаардлага тавьдаг нь ил далд яригдсаар өнөөг хүрсэн. Ялангуяа АН-ын генсекээр хүнээ тавьж, сонгуулийн квотоос ахиухан хүртэх сонирхлоо байнга илэрхийлдэг байгаа юм.

Арав гаруй хоногийн өмнө Лу.Гантөмөр “Дөрөв дэх”-тэй Солонгост уулзсан нь АН дахь бас нэг хэрүүлийн алим болсон гэдэг. Энд байсан “Тав дахь” уурлаж, түүнийг нь төлөөний хүн нь цахим сүлжээгээр илэрхийлсэн. Улмаар Баянголд байн байн нөлөө бүхий хүмүүс нь цуглаж хуралддаг болсон байна. Ийн “Дөрөв дэх”, “Тав дахь”-уудын зөрчил хөшигний ард хурцдаж, савнаасаа халихаараа “…Огцруулна шүү, солино шүү” хэмээн Лу.Гантөмөр рүү дайрдаг гэх яриа бас энэ нам хавиар явж байна.

Тэгвэл Лу.Гантөмөр ингэж “зөвшилцөх”-өөс залхаж эхэлсэн бололтой. АН-ын даргын хувьд зарим нэг улс төрийн томоохон шийдвэрийг гаргахаар зэхэж буй аж. Дээрээс нь АН-ын залуус ч Лу.Гантөмөртэй уулзаад “…Алийн болгон ах нарыг харж явах вэ. Эвлэхгүй нь тодорхой байна шүү дээ. Ингэсээр байтал сонгууль боллоо. МАН-ынхан залуус бодлогоо бариад болж л байна. Та намын дарга болсон. Өөрсдийнхөөрөө улс төрөө хийе. Бид дэмжинэ” гэжээ. Тэрбээр “толгой дохисон” байна. Тун удалгүй ҮБХ-гоо хуралдуулж, томилгоо, бүтцийн асуудлаа ярих бололтой. Бас тэндээсээ АН-ын Их хурлыг ч зарлаж магадгүй аж.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 14. ЛХАГВА ГАРАГ. № 117 (7102)

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *