Засаг дуншаад байгаа нь Х.Нямбаатар, Я.Содбаатар хоёроос болж байгаа юу
Эх сурвалж: Өдрийн сонин
Н.Учралын Засгийн газар томилогдох гэж удаж байна. Гол асуудал бараг шийдэгдсэн тохироо хийгдсэн сурагтай. МАН-ын хоёр бүлгээс сайд нар тавигдах талаар бүрэн ойлголцжээ. Н.Учрал Ерөнхий сайд найман сар болоод уначихгүйг бодож байгаа бололтой. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 2024 оны УИХ-ын сонгуульд МАН ялалт байгуулсны үр дүнд байгуулагдаад 10 сар болоод унасан. Дараа нь Г.Занданшатарын Засгийн газар байгуулагдаад есөн сар болоод сая огцров. Хүмүүсийн дунд Л.Оюун-Эрдэнэ 10 сар болоод унасан, Г.Занданшатар есөн сар болоод уналаа. Одоогийн Засгийн газар найман сар болоод унах уу гэсэн хошин таамаг яриа гарсан. Мөн бүүр бат араандаа хийе гэвэл Ардчилсан намтай хамтарч засаг баривал зүгээр гэж хүмүүс зөвлөж байгаа ч үүнийг МАН-ын бага хурал шийдэх болохоор амжихгүй байж магадгүй гэцгээж байна. Яагаад гэвэл Н.Учрал лхагва гарагийн Засгийн газрын хуралдааныг шинэ сайдуудтайгаа хийнэ гэж ярьсан сураг байна.
Тэгэхлээр бага хурлаа хуралдуулж амжихгүй биз. Яагаад Засгийн газар томилогдохгүй удаад байна гэвэл МАН-ын Засаг талаас нь Х.Нямбаатарыг огцруулна гэж үзэж байгаа аж. Харин эсрэг тал нь хэрэв хотын даргыг унагах даа тулбал намын генсек Я.Содбаатарыг огцруул гэж шахаж байгаа бололтой. Энэ зөрчилдөөн шинэ засаг бүрэлдэхэд нилээдгүй саад учруулж байгаа сураг байна. Өчигдөр шинэ ерөнхий сайдыг томилогдоход АН-ын “гишүүд хотын даргаа яах юм” гэж бараг бүгд асуусан. Түүнд нь Ерөнхий сайд их бүрхэг хариулт өгч байсныг та бүхэн санаж байгаа. “Манай нам дүрэмтэй, ёс зүйн хороо гэж байгаа. Тэд хэлэлцэх бол өөр” гэх ухааны юм хэлээд бөөрөнхийлөөд өнгөрсөн. Хотын даргад Ж.Энхбаярыг яваад байгаа гэсэн хов ч улс төрийн хүрээнийхний дунд байгаа.