“Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт” энэ сарын 26-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болно

0

    Олон улсын худалдааны төвөөс жил бүр зохион байгуулдаг “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт” Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар энэ жил Улаанбаатар хотноо зургаадугаар сарын 26-29-нд болно.

Монгол Улсын Засгийн газар, Олон улсын худалдааны төв хамтран чуулга уулзалтыг “Ногоон худалдааг төрөлжүүлэх нь: Органик, дижитал, тогтвортой” сэдвийн хүрээнд зохион байгуулах юм. Уулзалт нь мэдээллийн технологи, арьс шир, ноос ноолуур гэсэн гурван үндсэн чиглэлд үргэлжлэх бөгөөд далайд гарцгүй хөгжиж буй орнуудтай хамтран яаж хөгжих, дамжин өнгөрөх тээврийн харилцааг хэрхэн сайжруулах талаар ч хэлэлцэх аж. Дэлхийн экспортыг дэмжих 20 дахь удаагийн чуулга уулзалтад бодлого боловсруулагч, олон улсын банк санхүүгийн байгууллага, экспортын зорилтот зах зээлийн томоохон худалдан авагч, олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл оролцож, ногоон худалдааны чиг хандлага, хөгжил, инновац, худалдааны дижитал орчин болон эмэгтэйчүүдийн оролцоо зэрэг асуудлыг хөндөн, санал солилцож, залуу бизнес эрхлэгчдийн дунд дэлхийн залуу эко-энтерпренерийг шалгаруулна. Монгол Улсын хөрш хоёр орноос томоохон бизнес эрхлэгчид ирэх тул тэдэнтэй уулзах өдөрлөгийг зохион байгуулах аж.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, “Төр засгаас ногоон худалдааг төрөлжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарал хандуулж байгаа. Манай улсын үйлдвэрлэлийн 60-70 хувийг ЖДҮ эрхлэгчид бүрдүүлж, тэдний 70-80 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Чуулга уулзалт зохион байгуулснаар экспортыг өргөжүүлэх чиглэлд харилцаа холбоо тогтоох, экспортыг нэмэх ач холбогдолтой”-г тэмдэглэлээ.

Монгол Улсын эдийн засгийн бүтцэд уул уурхай 97 хувийг эзэлдэг. Засгийн газраас эдийн засгийг өргөжүүлэх, уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байгааг Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж онцлов. Тэрбээр, “Хил гаалийн нэвтрэлт, боомтын хүчин чадлыг сайжруулж, цахим систем нэвтрүүлж байна. Экспортыг төрөлжүүлэх, нэмэгдүүлэх боломж их бий. Эрчим хүчний 20 хувийг импортолдог. Урт хугацаандаа нар салхины нөөцөд суурилсан ногоон эрчим хүч үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээг ханган, экспортлох боломжтой. Зочлох жилийн хүрээнд тусгай бүсүүдийг хөгжүүлж, казино, бооцоот морин уралдааны тухай хуулийг баталж, аялал жуулчлалын экспорт бий болгох ч боломж бий”-г хэлж байлаа.

Одоогоор гадаад, дотоодын 300 гаруй бизнес эрхлэгч, 200 гаруй төрийн болон ТББ, шинжлэх ухаан, судалгааны байгууллага, эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцохоор бүртгүүлээд байна. БНХАУ-аас Алибаба платформ, БНЭУ-аас арьс ширний худалдан авагч, Арабын улсуудаас мах, махан бүтээгдэхүүний худалдан авагч зэрэг экспортын зорилтот зах зээлийн томоохон бизнесүүд оролцох юм. Чуулга уулзалтын хүрээнд ЖДҮ-гчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг экспортод гаргах гарцыг нээх, ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлүүдийг хооронд нь холбох, мэдээлэл солилцох зорилгоор төв талбайд үзэсгэлэн гаргаж байна.

НҮБ-ын харьяа Олон улсын худалдааны төв нь бичил, жижиг, дунд бизнесүүдийн өрсөлдөх чадварыг дэмжих, хувь хүн, олон нийт, улс орнуудыг ядуурлаас гаргах, илүү шударга дэлхийг бий болгоход анхаардаг. Чуулга уулзалт нь хөгжиж буй орнуудын худалдаа, экспортыг дэмжих, жижиг, дунд үйлдвэрүүдийг бараа, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргах, дэлхийн, бүс нутгийн нэмүү өртгийн сүлжээнд нэгдэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
Чуулга уулзалтыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, ЭЗХЯ, ГХЯ, ХХААХҮЯ, ЖДҮГ, МҮХАҮТ хамтран зохион байгуулна.

https://www.facebook.com/plugins/video.php?height=314&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2FpresidentMGL%2Fvideos%2F1436872177060058%2F&show_text=false&width=560&t=0

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *