“Женко” клубийнхэн тэргүүллээ
Завхан аймгийн Сантмаргаз сумын уугуул, самбо бөхийн Ази тивийн зургаан удаагийн аварга, дэлхийн хошой мөнгө, хүрэл медальт “Дэлхийн цом”-ын аварга Б.Мөнгөнтуяагийн нэрэмжит самбо бөхийн залуучууд, дунд насныхны ангиллын УАШТ боллоо. Тус сумд гурван өдөр үргэлжилсэн эл тэмцээнд 21 байгууллагын 300 гаруй тамирчин өрсөлдсөнөөс охидын ангилалд багийн дүнгээр Гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаагийн ахалсан “Женко” клубийнхэн тэргүүн байр эзэлж, Д.Алтантуяа дасгалжуулагчтай “Боржин” клубийнхэн мөнгөн медаль хүртэн, Д.Баянмөнх дасгалжуулагчтай Завхан аймгийнхан хүрэл медальтай өндөрлүүлэв.
Хөвгүүдийн ангилалд багийн дүнгээр Б.Мөнгөнтуяа дасгалжуулагчтай ҮБТДС-ийн тамирчид түрүүлж, Ц.Тэнгис дасгалжуулагчтай “Женко” клуб, Д.Баянмөнх дасгалжуулагчтай Завхан аймгийн жүдочид удаах байрт шалгарчээ. Эрэгтэйчүүдээс Завхан аймгийн Б.Батзориг, эмэгтэйчүүдээс “Маgic team” клубийн Б.Энхжин нар шилдэг тамирчны шагнал гардсан юм.