ГХЯ: Тухайн улсын мөрдөж буй хууль эрхзүйн хүрээг бид давах учиргүй
Гурван настай Монгол хүү аавынхаа хамт саатуулах байранд 19 хоног хоригдож, нутаг буцсан талаар БНСУ-ын MBC телевиз мэдээлсэн. Тэгвэл энэ хугацаанд хүүхдийн эрхийг хамгаалах талаар ямар арга хэмжээ авч ажилласан талаар Монгол Улсын Гадаад Харилцааны Яамнаас тодрууллаа.
ГХЯ: Солонгос дах манай Консулын алба тухайн үед анхаарал хандуулж ажиллаж байсан. Солонгосын Цагаачлалын албанаас зөвшөөрөл авч хүүхдийг авч эмнэлэгт үзүүлж байсан. Хүүхдийн эрүүл мэнд ноцтой зүйлгүй хэвийн, хагалгааны заалтгүй гэсэн мэдээлэл өгч байсан. Хүүхдэд асран хамгаалагч олж өгөх гэж хөөцөлдөж байсан. Гэвч хүүгийн ээж болон ах дүү нар нь бүгд хүүг авахаас татгалсан. Манай холбогдох байгууллагууд иргэдийнхөө төлөө зохих арга хэмжээг авч болохоос болохгүй хүртэл л ажиллаж байдаг. Мэдээж тухайн улсын мөрдөж буй хууль эрхзүйн хүрээг бид давах учиргүй. Харамсалтай нь хүүгийн эцэг хууль бусаар оршин сууж байгаад баригдсан тул хүүг хамт нутаг буцаахаас өөр аргагүй болсон.