Монголын даатгалын салбарын алдагдал
Монголын даатгалын салбар сүүлийн 10 жилийн хугацаанд 8-д нь алдагдалтай ажиллажээ. Тодруулбал, даатгалын үндсэн үйл ажиллагаанаас ихэнх компаниуд алдагдалтай ажилладаг аж.
Энэ талаар салбарын төлөөллөөс тодруулахад даатгалаас хүлээж байгаа алдагдлаа хөрөнгө оруулалтын орлогоос нөхөхөөр хичээж ажилладаг гэнэ.
Даатгал нь сүүлийн 10 жилд нийт 39 тэрбум төгрөгийн даатгалын үйл ажиллагааны алдагдал хүлээсэн салбар юм. Гэвч санхүүгийн салбарын тулгуур нэг хэсэг болох энэ салбарыг хөгжүүлэх, зөв бодлого гарган дэмжихэд хэн ч ойшоож үзэхгүй хэвээр л байна.

Учир нь даатгалын компаниуд ашигтай ажиллах нь улс оронд дараах чухал ач холбогдолтой.
- Улсын эрсдэлийн сан нэмэгдэх, энэ хэрээр эрсдэл даах чадвартай болох
- Нөхөн төлбөрийн хүртээмж нэмэгдэх
- Эрсдэлийн боловсрол сайжрах
- Иргэд, бизнесүүдийн эрсдэлийн менежментийн арга хэрэгсэл сайжрах зэрэг юм.
Саяхан гарсан мэдээллээс үзэхэд 2025 оны 9 сард ипотекийн зээлд хамрагдсан гэр бүл сарын 40 мянган төгрөг төлж амь насны даатгалд хамрагджээ. Гэтэл ердөө 1 сарын дараа нөхөр нь өөд болж, 4 хүүхэдтэй эхнэр нь өнчирч үлдсэн байна. Харин даатгуулсан байсны ачаар даатгалын компаниас 117 сая төгрөгийн нөхөн төлбөр олгож, байрны зээлийг нь хааж өгснөөр эхнэр хүүхдүүд нь байртайгаа үлдсэн жишээ байна.
Энэ мэтчилэн монголчууд даатгалын ач холбогдлыг бага багаар ойлгож, ашиглаж байна. Эндээс үзэхэд даатгалыг төрийн бодлогоор дэмжиж хөгжүүлэх нь төрийн нийгмийн сайн сайхны төлөөх үндсэн үүрэг гэдэг нь харагдаж байна.