“Тэнгэр”-ийн тээвэр 316 тэрбум төгрөгөөр босож байна
Улаанбаатарыг “үлгэрийн хот” болгох 24 мега төсөл “гараанаас хөдлөөд” 16-гийнх нь ажил ид өрнөж байна. Гэвч мега төслүүдийн санхүүжилтийн бүтэц, эрсдэлийн тооцоолол, эдийн засгийн үр өгөөж одоо болтол нийтэд ил тод бус, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ нь ч тодорхойгүй, зөвхөн албаныхны өөдрөг төсөөллөөр л урагшилж буй. Тиймээс “Өнөөдөр” сонин нийслэлээс 2025-2028 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хотын 24 мега төслийг “Байнгын сэдэв” буландаа онцолж, цувралаар нийтэлж байна. Ингэхдээ төслүүдийн санхүүжилт, явц, хэрэгжүүлэх боломжийн талаар судалж, бодит байдлыг ямар нэгэн өнгө будаггүй, нэмэлт хачиргүй хүргэхийг зорив. Тухайн төсөл нь үнэхээр биелшгүй мөрөөдөл үү, эсвэл ажил хэрэг болох боломжтой юу гэдгийг уншигчид өөрсдөө дүгнэж, мэргэн оюундаа тунгаана биз ээ.
Өмнө нь бид “2.7 их наяд төгрөгийн өртөгтэй трамвай хотын түгжрэлийг шийдэхэд нэмэр болохгүй” нийтлэлээрээ “Улаанбаатар трам” төслийн ажлын явц, зураг төсөл, санхүүжилтэд анализ хийж, олон улсын жишигтэй харьцуулан, дотоодын нөөц боломжийг харгалзан эдийн засгийн үр өгөөж муутай, иргэдийн зорчих хэрэгцээ багатай байх магадлалтайг сэрэмжлүүлсэн. Тэгвэл энэ удаад ажил нь харьцангуй урагштай яваа гэх “Дүүжин замын тээвэр” төслийг онцолж байна.
С.Амарсайханы үеэс эхлүүлсэн “агаарын зам”
Нийслэлийн баруун болон урд бүсийн авто замын ачаалал, түгжрэлийг бууруулах зорилгоор Яармагаас Хархорин буюу “Арцат-Өнөр” хороолол чиглэлд дүүжин замын тээвэр явуулахаар төслийг хэрэгжүүлж буй. Тэгвэл нийтийн тээврийг олон хувилбартай болгон хөгжүүлэх уг ажлыг хотын дарга С.Амарсайханы үеэс эхлүүлсэн юм байна. Тухайн үед “Cable car” буюу дүүжин замын тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулжээ. Улмаар 2020 онд ашиглалтад оруулна гэж албаныхан ард иргэдэд амлаж байсан нь хэвлэлийн хуудсанд тодоор бичигдэн үлдэж. Тодруулбал, С.Амарсайхан үүнээс өмнө ч “Нийтийн тээврийг зөвхөн автобусаар төсөөлж болохгүй. Хотын тээвэрт шинэ
систем нэвтрүүлэх шаардлагатай. Үүний хүрээнд агаарын дүүжин тээвэр, цахилгаан соронзон галт тэрэг, түргэн замын автобус зэргийг нэвтрүүлэх төслийн техник, эдийн засгийн үнэлгээг хийсэн. Үүний дотор дүүжин замын тээврийн төслийг эхлүүлэхэд бэлэн болсон” гэж мэдээлж байжээ. Гэвч үүнээс хойш зургаан жил өнгөрсөн ч нийслэлчүүд бид одоо болтол агаарын тээвэртээ сууж үзээгүй л байх жишээтэй.
Тэгвэл эдүгээ 61.7 хувьтай явж буй гэх “Дүүжин замын тээвэр” төслийн трасс зургаан жилийн өмнөхөөсөө тэс өөрчлөгдөж, санхүүжилт нь ч 14-15 дахин нэмэгдэж. Тухайн үед 20 гаруй тэрбум төгрөгөөр барина гэж байсан дүүжин тээврийн өртөг өдгөө 316 тэрбум төгрөгт хүрчээ. Ямартай ч өнгөрсөн оны эхний улирлаас хойш өнөөдрийг хүртэл дүүжин замын I шугамын бүтээн байгуулалтын ажлын явцыг олон нийтэд танилцуулж, Баянгол болон Хан-Уул дүүргийг холбосон нийтийн тээврийн шинэ төрөл бий болж, иргэдийн магнайг тэнийлгэх нь хэмээн дарга нар пиардаж ирэв. Ингэснээр тухайн хэсгийн авто замын хөдөлгөөний дундаж хурд дөрвөн хувиар нэмэгдэх юм гэсэн.
Монгол, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд төслийг хэрэгжүүлж, дүүжин тээврийг нийт 316 тэрбум төгрөгөөр босгож байгаа аж. Үүнийгээ Франц улсаас уг хэлэлцээрийн дагуу хөнгөлөлттэй нөхцөлөөр зээлжээ. Тиймдээ ч төслийн ерөнхий гүйцэтгэгчээр тус улсын “Пома” групп сонгогдсон биз. Харин туслан гүйцэтгэгчээр дотоодын “Моннис инженеринг”, “Цагаан уран хийц” компани ажиллаж буй юм.
Яармаг, “Арцат-Өнөр” хорооллыг холбосон энэхүү дүүжин замын тээврийн систем нь нийт 4.2 км урттай байх бөгөөд замын трассын дагуу 6.45- аас 42 метрийн өндөртэй 19 тулгуур баганаас бүрдэж байгаа. Оны өмнө 16-г нь, үлдсэнийг нь он гарснаас хойш суулгаж, үндсэн суурь бүтцийг өдгөө угсарч дуусжээ. Бүтээн байгуулалт, 98 ширхэг кабины гараашийн барилга угсралтын ажлыг хамтад нь үндсэндээ 2025 оны гуравдугаар сарын 10-нд эхлүүлж, долоодугаар сарын 8-нд дүүжин замын тээврийн үйл ажиллагааг хариуцах “Улаанбаатар кабель кар” ОНӨТҮГ-ыг байгуулсан гэнэ. Тус байгууллага нь цаашид зорчигч, тээврийн үйл ажиллагааг хариуцаж ажиллах юм.

Жуулчдын сонирхлыг татна гэнэ үү
Иргэдийн дүүжин тээврээс болгоомжилж буй зүйлсийн нэн тэргүүнд мэдээж аюулгүй байдал. Шугам тасарч кабин унах, цахилгааны тасалдлаас үүдэлтэй саатал гарах, үүнээс болж агаарт гацах вий гэхээс хамгийн их эмээж байгаа. Тиймдээ ч дүүжин замын үндсэн даацын хийцийн чухал бүрэлдэхүүн хэсэг болсон ган татлага буюу троссыг хаанахын ямар материалаар сүвлэж суурилуулахыг мэдэхийг хүсэцгээж буй. Тэгвэл системийн аюулгүй байдал болон тээврийн найдвартай ажиллагааг хангах гол элемент болох энэхүү ган татлагууд техникийн үзүүлэлтийн хувьд зургаан ширхэг сүлжмэл томоостой, нэг нь 36, нийт 216 ширхэг утаснаас бүрджээ. Энэ талаар төслийн талбайн ахлах инженер Д.Батчулуун “Тулгуур багануудыг бүрэн угсарснаар тросс татах болон тээврийн системийн үндсэн тоног төхөөрөмжийг суурилуулах ажлыг эхлүүлсэн. Нийт 112 тонн жинтэй ган татлагыг 19 тулгуур баганын дээгүүр агаараар сүвлэн татаж суурилуулах бөгөөд уг ажлыг энэ оны хоёрдугаар улиралд багтаан дуусгахаар төлөвлөсөн. Тус тросс нь “В” маркийн, ачаа болон зорчигч тээвэрлэх зориулалттай, эрч нь задардаггүй хийцтэй. Механик болон чанарын үзүүлэлтүүдээр өдгөө хүчин төгөлдөр мөрдөж буй техникийн нөхцөл, стандартын шаардлагуудыг бүрэн хангасан. Шаардлагатай троссуудыг хэдийн импортолсон” гэв.
Яармагаас Хархорины “Арцат-Өнөр” хороолол хүртэл 4.2-хон км үргэлжилж, энэ дагуух шугамын авто замын урсгалын дундаж хурдыг ердөө дөрөвхөн хувиар “өргөх” энэхүү төслийг хотын удирдлагууд энэ мэт магтахаас гадна “Дүүжин замтай болсноор нийтийн тээврийн хүртээмж нэмэгдэхийн зэрэгцээ агаарын бохирдлыг бууруулж, хот байгуулалтын зохистой төлөвлөлтийг дэмжин, жуулчдын сонирхлыг татахуйц орчин үеийн дэд бүтэц бий болно. Мөн суурьшлын бүсүүдийг хооронд нь шууд холбож, нийслэлийн нийтийн тээврийн системийг байгальд ээлтэй, хүртээмжтэй, олон тулгуурт хөдөлгүүрт шилжүүлэн, тухайн бүс нутгийн авто замын түгжрэлийг бууруулна” гэх зэргээр тэнгэрт тултал пиардаж байгаа. Тэгсэн мөртлөө Яармагаас Хархорин хүртэлх авто замын дундаж хурд дөрвөн хувиар нэмэгдсэнээр бусад замын ачаалалд хэрхэн өөрчлөлт орохыг, энэ нь агаарын бохирдол, хот байгуулалтын зохистой төлөвлөлттэй ч яаж холбогдож байгаа нь ойлгомжгүй. Бас жуулчдын сонирхлыг татна гэнэ үү. Харин ч тэд манай дүүжин тээврийг хараад айна уу гэхээс гайхахгүй нь лавтай.
Элс, хайрга “суулгаж” гурван сар туршина
Дүүжин замын дээрх I шугамаар нийт 98 кабин явна гэж байгаа. Ямархуу “юм”-нд суухаа иргэд төдийлөн мэдэхгүй л байна. Төслийн хүрээнд шаардлагатай тоног төхөөрөмж, эд материалыг үе шаттайгаар импортолж, өнгөрсөн нэгдүгээр сарын 13-нд эхний ээлжийн 28 кабиныг цахилгааны холболтын кабелиудын хамт оруулж иржээ. Кабиныг ухаалаг, аюулгүй системээр тоноглосон гэж нийслэлийн ЗДТГ-аас мэдээлсэн.
Зорчих кабиныг төслийн ерөнхий гүйцэтгэгч “Пома” группийн охин компани SIGMA-д үйлдвэрлэж, бүтээгдэхүүний стандарт, чанар, найдвартай ажиллагааг хангасны үндсэн дээр нийлүүлж буй гэх. Төсөл хэрэгжүүлэгчид кабин үйлдвэрлэхдээ 24 цагийн турш усаар шүршин, нэвчих, эсэхийг туршсан. Хаалга нээж, хаах ажиллагааг ч нарийвчлан шалгасан гэжээ. Тухайлбал, зорчигчийн гар, хөл хавчиж, гэмтээх эрсдэл үүсэхээс сэргийлж, даралт хэмжигч багажаар, хаалтын хүчийг килоньютнээр тохируулсан тул аюулгүй гэсэн байна. Кабин-кабелийн хавчаар механизм нь автомат болон гар түгжээтэй учраас ашиглалтын явцад салж, мултрахгүй гэх мэтээр амлалт өгчээ.
Кабины хийцлэлд хөнгөн цагаан хайлш, бат бөх ган материал ашиглан, зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс цохилтод тэсвэртэй, бутарсан ч аюул учруулахгүй тусгай шил суурилуулдаг. Хаалга нь хөдөлгөөн эхлэхтэй зэрэгцэн автоматаар түгжигдэж, зөвхөн буудал дээр бүрэн зогссон нөхцөлд л нээгддэг ухаалаг системтэй юм байх. Мөн салхи, цаг уурын өөрчлөлтийг хянах мэдрэгчүүд суурилуулсан. Салхины хурд зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрвэл систем автоматаар хурдыг багасгах, эсвэл бүрэн зогсох горимд шилждэг гэв.
“Дүүжин замын тээвэр” төслийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны мэргэжилтэн Э.Энхбат “Дүүжин тээврийн систем нь олон түвшний аюулгүй ажиллагааны хамгаалалттай. Цахилгаан тасарсан нөхцөлд ч нөөц тэжээлийн эх үүсвэрээр ажиллах боломжтой. Онцгой нөхцөл үүсэхэд зорчигчдыг аюулгүй нүүлгэн шилжүүлэх тусгай төлөвлөгөө, аврах тоног төхөөрөмжийг олон улсын стандартын дагуу бэлэн байлгадаг. Эдгээр шийдлийг бид дүүжин замын тээврийн системд бүрэн нэвтрүүлнэ” гэсэн юм. Мөн тэрбээр “Аюулгүй байдлын шийдлүүд нь зөвхөн зураг төслөөр хязгаарлагдахгүй, ашиглалтад оруулахын өмнө нарийн шалгуур бүхий олон шатны туршилтаар баталгаажуулдаг. Тодруулбал, Улаанбаатар хотын
дүүжин замын тээврийн нэг кабинд 10 зорчигч суух боломжтой. Энэ нь дунджаар 850 кг юм. Үүнийг элс, хайрга зэргээр орлуулан стандарт жинтэй шуудайнуудыг бүхээгт байршуулж, нийт гурван сарын хугацаанд шат дараалсан туршилт хийхээр төлөвлөсөн. Түүнчлэн кабинууд халдаг сандалтай байна. Ингэснээр өвлийн улиралд ч зорчигчид дулаан, тухтай зорчих боломжтой” хэмээсэн.
Цэцэрлэгт хүрээлэнгээс хүүхдийн парк хүртэл дахиад “нисэх нь”
Төслийн ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилбэл нийслэлчүүд 2026 ондоо багтаад, цаад тал нь ирэх өвөл гэхэд дүүжин тээврээр зорчих нь. Энэ сарын 15-наас тросс сүвлэх ажлыг эхлүүлнэ гэж байгаа. Дүүжин тээврийг ашиглалтад оруулснаас хойш гурван жилийн хугацаанд “Пома” группийнхэн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан, сэлбэг хэрэгслээр хангаж, аюулгүй байдалд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх гэнэ. Нэмээд, дүүжин замын төслийн II шугамыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Үндэсний соёл амралтын хүрээлэн чиглэлд 2.7 км урттай, гурван зогсоолтой байхаар төлөвлөж, хөрөнгө оруулагч хэдийн хайгаад эхэлжээ, хотын удирдлагууд. ТЭЗҮ-ийг нь боловсруулахаар бэлтгэл хангаж буй аж.
Хэдийгээр бид эл төслийг гадаадынхны зээлээр хэрэгжүүлж буй ч эргээд үүнийгээ төлнө гэдгээ сайн ухамсарлах хэрэгтэй. Төслүүдийг нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, төрлийг олшруулахад чиглүүлж буй нь сайн хэрэг. Гэвч хоёр сая хүрэхгүй хүн амтай, зам харилцаа муутай, иргэдийн зорчих хэв маяг жигд бус, битүү гэр хороолол, бетонон ширэнгэ болсон нийслэлд олон төрөлт тээврийн хэрэгслийн дэд бүтцийг угсрах үнэндээ амар биш. Иргэд ч өдөр бүр хэдэн мянгаараа трамвай, дүүжин тээвэр, тусгай замаар зорчоод байх шаардлага гарахгүй учраас ашиггүй, зардлаа нөхөж хүчрэхгүй гэдгийг эрдэмтэн, судлаачид ч хэлж тайлбарласаар байгаа. Ийм нөхцөлд ирээдүйд гарах эрсдэлийг татвар төлөгч та, бид үүрэх магадлалтайг сануулахад илүүдэхгүй болов уу.