Цагааннуур сумын 3-р багийн Засаг дарга Б.Ганзориг: Л.Чинбат малчдыг малын хулгайч гэжээ, бид гарал үүслийн бичиггүй мал оруулахгүй гэсэн шаардлага тавьсан
“Гацуурт” ХХК-ийн захирал, Хөдөлмөрийн баатар, Л.Чинбат Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг машинаараа хөөж, дайрч унагаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан.
Бид уг асуудлыг Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3-р багийн Засаг дарга. Б.Ганзоригоос тодрууллаа
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3-р багийн Засаг дарга. Б.Ганзориг:
“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат өчигдөр шөнө Дорнод, Сүхбаатар аймгаас 300-350 тооны адуу Цагааннуур, Зүүнбүрэн суманд оруулж ирсэн.Үүнийг малчид, иргэд тухайн малыг оруулахгүй гэж эсэргүүцсэн. Учир нь гарал үүслийн бичиг байхгүй байсан. Малын гаралтай өвчин их байна. Голомттой бүсээс эдгээр 300 гаруй тооны адуу ирсэн. Бид эрүүл бүсэд гарал үүслийн бичиггүй мал оруулахгүй гэсэн шаардлага тавьсан. Гэтэл Л.Чинбат хүчээр түрэн адуугаа эрүүл бүс рүү оруулсан. Өнөөдөр эдгээр адууг албадан гаргах гэтэл Л.Чинбат өөрөө машинтайгаа ирж иргэдийн биед халдаж, машинаараа дайрсан. Л.Чинбат малын хулгайчтай тэмцэж байна гэж бичсэн байна лээ. Энэ нь манай малчид, иргэд сум орон нутгийн нэр хүндийг унагаж байгаа хэрэг. Өөрийнхөө хориотой үйлдлийг зөвтгөж, үнэнийг гуйвуулж байна.