Хөрөнгөө үнэн, зөв мэдүүлээгүй Соёлын сайдад “Шүүр” ажиллагаа үйлчлэх ёстой
“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатын жолоодож иргэд, малчдыг мөргөсөн, 2016 онд үйлдвэрлэсэн, мөн онд Монгол Улсад оруулж ирсэн “Ланд круйзер-200” загварын тээврийн хэрэгсэл нь охин, Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номингийн нэр дээр бүртгэлтэй байгаа юм.
Монгол Улсын Үндсэн хуульд “Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэж заадаг ч энэ тохиолдолд Соёлын сайдад хамаатуулахаас өөр аргагүй. Түүнчлэн Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны нэг “Шүүр”-ийн хүрээнд хариуцлага тооцох нөхцөл байдал ч энд ил болж буй юм.
Тодруулбал, Авлигын эсрэг болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу Соёлын сайд Ч.Номин ХАСХОМ-ээ үнэн, зөвөөр мэдүүлж АТГ-т гаргаж өгөх ёстой албан тушаалтан. Гэтэл тэрбээр ХАСХОМ-тээ “туулах чадвар өндөр “Тоёота Ланд круйзер-80” нэг” хэмээсэн байгаа. Харин аавынх нь жолоодож явсан нь “Тоёота Ланд круйзер-200”. Тэгэхээр ХАСХОМ-ээ худал мэдүүлснийг АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний албаныхан анзаараагүй бололтой.
Хэрэв “Ланд круйзер-80”-тай байснаа худалдаж, оныг нь залуужуулсан ч Ч.Номин сайд ХАСХОМ-тээ их хэмжээний өөрчлөлт орж буй учраас тэр даруйд АТГ-т мэдүүлж бүртгүүлэх үүрэгтэй. Түүнийгээ хэрэгжүүлээгүй, зөрчсөн учраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрынхаа нэг гишүүнд хариуцлага тооцох үндэслэл бүрдээд байна.
Өөрөөр хэлбэл, 5Ш ажиллагаа шударга явагдах, эсэх нь энэ тохиолдлоос ард түмэнд тодорхой болно. Түүгээр ч зогсохгүй Л.Чинбатыг шүүх гэм буруутайд тооцвол Иргэний хуулийн 498, 499 дүгээр зүйлд зааснаар гэм хорыг барагдуулахад Ч.Номинг ч хариуцлагад татаж болзошгүй юм билээ.