НҮҮРСНИЙ СОНСГОЛ ХИЙХ АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮН Г.ГАНБОЛДЫГ НҮҮРСНИЙ ХУЛГАЙН ХЭРГЭЭР ШАЛГАЖ БАЙНА

0

ИХ-ын дарга Г.Занданшатар Нүүрсний сонсгол зохион байгуулах Түр хороог татан буулгаж, шинээр байгуулах захирамж гаргаад байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Ганболдоор ахлуулсан  Түр хороонд ашиг сонирхлын зөрчилтэй гишүүд байсан учир татан буулгах шийдвэр гаргасан гэх мэдээлэл гарлаа.

Нүүрсний сонсгол зохион байгуулах Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахлах бол УИХ-ын гишүүн Г.Ганболд, Г.Тэмүүлэн, Б.Энхбаяр, С.Ганбаатар, Т.Доржханд нар багтаад байна.

      Тэгвэл нүүрсний хулгайн сонсгол удааширсан нь УИХ-ын гишүүн Г.Ганболдтой холбоотой ажээ. Тэрбээр өөрөө нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон учраас сонсгол зохион байгуулахад саад учруулсан, удаашруулсан байж болзошгүй ажээ. Хачирхалтай нь, Ажлын хэсгийн ахлагчийн албан тушаалаас нь буулгаад, түүнийг Ажлын хэсгийн гишүүнээр томилсон байна.

Нүүрсний сонсгол зохион байгуулах Ажлын хэсгийн гишүүдийн хэн нь хэн бэ гэдгийг танилцуулж байна. Ажлын хэсгийн ахлагчаас гишүүн болсон Г.Ганболд гэж хэн бэ гэдгийг хүргэе.

ХУЛГАЙЧ Л ХУЛГАЙЧИЙГ БАРИАРАЙ ГЭЖ ХАШХИРДАГ БУЮУ УИХ-ЫН ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРООНЫ ДАРГА АСАН Г.ГАНБОЛД ӨӨРӨӨ “НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-Н ХЭРЭГТ ХОЛБОГДЖЭЭ

     Хилийн боомтуудаар хэчнээн тонн нүүрс хулгайгаар гарсныг шалгаж тогтоох, нүүрсний хулгайн хэргийг илрүүлэхэд хууль хяналтын байгууллагуудад дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг бүхий Хянан шалгах түр хороог УИХ-аас 2022 оны зургадугаар сард байгуулсан. Улмаар Хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Гочоогийн Ганболдыг томилсон байдаг. Зургаан сар өнгөрч байхад сонсгол ч үгүй, Ажлын хэсгийн багийг шинэчиллээ.

Хоржоонтой нь, нүүрсний хулгайн хэргийг шалгах үүрэгтэй Хянан шалгах түр хорооны гишүүн, УИХ-ын гишүүн Г.Ганболдыг өөрийг нь АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Ганболд Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн өмчит “Баянтээг” ХК-ийн Баянтээгийн нүүрсний уурхайгаас хууль бусаар нүүрс гаргаж, улмаар Улаанбаатар хотоор дамжуулан Чойр хүртэл автомашинаар зөөж, Чойроос вагонд ачуулан БНХАУ руу гарган худалдаж байсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ. Ингэхдээ Г.Ганболд нь “Баянтээг” ХК-ийн эзэмшигч, гүйцэтгэх захирлаар өөрийн найз, хамаарал бүхий этгээдүүдийг томилох замаар Баянтээгийн уурхайгаас нүүрс гаргаж байсан байж болзошгүй баримтууд илэрсэн аж. “Баянтээг” ХК-ийн гүйцэтгэх захирлаар 2016-2020 онд Өвөрхангай аймгийн ИТХ-ын төлөөлөгч Отгоны Сумъяасүрэн, 2020-2022 онд “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК-ийн Өвөрхангай аймаг дахь салбарын дарга Нэргүйн Данзан, 2023 оноос Өвөрхангай аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Хайрхандулаан сумын Засаг дарга Чулуунбаатарын Ганхуяг ажиллаж байгаа ажээ. Тэднээс О.Сумъяасүрэн нь УИХ-ын гишүүн Г.Ганболдын дотнын найз, бизнесийн хамтрагч аж.

         Тодруулбал, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын II багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Баянтээлийн нүүрсний уурхай буюу “Баянтээг” ХК-ийн 70 хувийг Өвөрхангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, 23.5 хувийг “Шунхлай групп” ХХК, үлдсэн 6.4 хувийг 241 иргэн эзэмшдэг. Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Ганболд 2016 онд Өвөрхангай аймгийн Засаг дарга болмогцоо “Баянтээг” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Өвөрхангай аймгийн ИТХ-ын төлөөлөгч Отгоны Сумъяасүрэнг томилжээ. Ингээд зогсохгүй, 2017 оны тавдугаар сарын 1-нд Хуулийн этгээдийн улсын бүртгэлд “Баянтээг” ХК-ийн эзэмшигчээр ганцхан Отгоны Сумъяасүрэнг бүртгүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, “Баянтээг” ХК-ийн Өвөрхангай аймгийн ИТХ-ын мэдлийн 70 хувийн хувьцааг одоог хүртэл төлөөлөгч О.Сумъяасүрэн эзэмшиж байгаа юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Ганболд болон “Баянтээг” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, одоог хүртэл эзэмшигчээр бүртгэлтэй Өвөрхангай аймгийн ИТХ-ын төлөөлөгч О.Сумъяасүрэн хоёр дотнын найзууд ажээ.  Жишээ нь, Өвөрхангай аймгийн Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны даргаар Г.Ганболд, Нарийн бичгийн даргаар нь О.Сумъяасүрэн ирсэн. Мөн УИХ-ын гишүүн Г.Ганболд, О.Сумъяасүрэн нар “Бандид ламтан” санг хамтран эзэмшдэг гэх мэтээр хувь, хувьсгалын холбоо хамаарал их аж. Хамгийн ноцтой нь, Г.Ганболдыг 2020 оны УИХ-ын сонгуульд Өвөрхангай аймгаас нэр дэвших үед О.Сумъяасүрэн сонгуулийн штабыг нь ахалж, түүгээр зогсохгүй өөрийнхөө “Жигүүр-Оргил” ХХК, “Тэнгэрийн хорвоонжиг” ХХК-уудаар сурталчилгааны санхүүжилтийг нь босгож өгчээ. Улмаар Г.Ганболд УИХ-ын гишүүн болж, намар нь О.Сумъяасүрэн Өвөрхангай аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр дахин сонгогдсон байна. Илүү ноцтой нь, Засгийн газраас 2021 оны нэгдүгээр сард Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах санг нэгтгэн Хөдөө аж ахуйг дэмжих сан нэртэйгээр шинэчлэн байгуулахад Өвөрхангай аймгийн ИТХ-ын төлөөлөгч өнөөх О.Сумъяасүрэн гүйцэтгэх захирлаар нь томилогджээ. Өвөрхангай аймагт ИТХ-ын төлөөлөгч албан тушаалтай, “Баянтээг” ХК-ийг ийн эзэмшигч О.Сумъяасүрэнг ХХААХҮЯ-ны харьяа Хөдөө аж ахуйг дэмжих сангийн гүйцэтгэх захирлаар давхар албан тушаалд томилсон нь УИХ-ын гишүүн Г.Ганболдын дэмжлэг аж. Ингэснээр, О.Сумъяасүрэн нь Улаанбаатар, Өвөрхангай хооронд “гүйдэл”-тэй болжээ. Товчхондоо, УИХ-ын гишүүн Г.Ганболд найз О.Сумъяасүрэнгээ Хөдөө аж ахуйг дэмжих сангийн гүйцэтгэх захирлаар томилуулсан нь цаанаа Баянтээгийн уурхайгаас хууль бусаар нүүрс “гаргаж”, Чойроор дамжуулан урагш нь гаргахад “тусалж” байсны шагнал байж болзошгүй байгаа юм.

      Түүнчлэн, нүүрсний хулгайн хэргийн нээлттэй сонсгол гуравдугаар сарын 10, 11, 12-нд Төрийн ордонд болох байсан ч Хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд тодорхойгүй хугацаагаар  хойшлуулаад байгаа. Энэ нээлттэй сонсголоор хэн хэн нүүрсний бизнестэй холбоо хамааралтайг болон нүүрсний хулгайн хэрэгт хэн хэн хэрхэн холбогдсоныг олон нийтэд нээлттэйгээр хэлэлцэх байсан. Гэвч Г.Ганболд Хянан шалгах түр хорооны дарга гэх эрх мэдлээрээ түр хойшлуулаад байгаа юм. Эндээс, УИХ-ын гишүүн Г.Ганболд өөрөө нүүрсний хулгайн хэрэгт АТГ-т шалгагдаж байгаа учраас хэргээ нуухын тулд нээлттэй сонсголыг хойшлуулж байж болзошгүй гэсэн хардлага ч гарч ирж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *