З.Мэндсайхан: Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх хэрэгтэй
Ардчилсан намын гишүүдийн зүгээс Хувь хүний орлогын албан татварыг нэг хувь болгох санаачилгыг гаргаад буй. Ингэснээр иргэдийн нуруун дээрх ачаа багасаж, өрх айлд үлдэх орлого нэмэгдэнэ гэж үзэж байгаа аж. Энэ талаар Сангийн сайд З.Мэндсайханаас тодрууллаа.
Сангийн сайд З.Мэндсайхан “Нэг хувь болгох юм бол тэтгэвэр болон хөрөөний ир шиг болсон төрийн албан хаагчдын цалинг яаж нэмэх юм бэ. Бидэнд тулгамдаад байгаа гол асуудал бол ахмадын тэтгэвэр шүү дээ.
Төрийн өмчийн компаниудын түрээсийг багасгаад 50 тэрбум хэмнэнэ гэж яриад байгаа боловч миний яриад байгаа татварын системийн алдагдлын хажууд 100 дахин бага мөнгө. Иргэдийг төөрөгдүүлээд ийм хүлээлттэй юм битгий ярь. Бодитой тоон дээр ярья.
Бидэнд шаардлагатай зардал асар өндөр байна. Гэхдээ бидний орлого чинь хязгаартай. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэдэг шиг орлогодоо тааруулж зарлагаа хийнэ. Тэгэхийн тулд аль оновчтой бодлогоо барих уу гэдэг дээрээ бид ажиллаж байна. ААН-үүдийн татварыг багасгах, ажлын байрыг авч үлдэх Татварын багц хуулийг өргөн барьчихсан. УИХ дээр үүнийг шийднэ.
Инфляцийн түвшин хоёр оронтой тоо руу орчихлоо. Гол нь хүнсний бүтээгдэхүүний үнэ тэр дундаа махны үнэ нэмэгдэж байна. Махны хувьд намар махаа нөөцлөөд хавар зардаг. Энэ нэг мөчлөгийн үе л яваад байна. Байгаль дэлхий сэргэж, мал тарга тэвээрэг аваагүй байна. Тиймээс шинэ махны нийлүүлэлт байхгүй байна. Махны экспорт өндөр байх нь зөв.
Дэлхий дахинаар эдийн засгийн хүндрэлтэй энэ үед манай улс ямар арга хэмжээ авах талаар Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр бид хоёр төлөвлөгөөгөө ирэх долоо хоногт Засгийн газарт танилцуулна” гэв.