“Ди Би Эм Ассет менежмент” ХХК : Ариг болон Капитрон банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа

700446400_1408804014613605_6228576605033800369_n

Монгол Улсын Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм Ассет менежмент” ХХК өнөөдөр “Ариг банк” болон “Капитрон банк”-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Уг гэрээг байгуулснаар “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл”-ийн хоёрдугаар ээлжийн 4200 айлын орон сууцны барилгыг хамтран санхүүжүүлэх юм.


Энэ талаар “Ди Би Эм ассет менежмент” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Тэмүүжин “ Ерөнхий сайдын дэвшүүлж буй Ногоон чөлөөлөлт буюу ногоон зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд арилжааны банкуудтай богино хугацаатай өндөр өртөгтэй зээлийг бодвол илүү урт хугацааны хөнгөлөлттэй эх үүсвэрийг гаргах ажлаа эхлүүлж байна.

Энэ хүрээнд Ариг болон Капитрон банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Гэрээний онцлог нэн түрүүнд Ногоон барилга, Ногоон барилгыг дагасан Ногоон ипотекийн зээл гэдэг хоёр шинэ бүтээгдэхүүнийг үүсгэх ажлаа арилжааны банкуудтай хамтраад амжилттай эхлүүлж байна. “Ногоон” гэж онцлох шалтгаан нь Ногоон барилга дээр гарч байгаа учраас ингэж нэрлэсэн. Бид энэхүү ипотекийн бүтээгдэхүүнээ зорилтот бүлэгт буюу гэр хорооллын бүсэд баригдаж буй орон сууцуудад гарах учраас одоо байгаа нэн хөнгөлөлттэй 6 хувийн зээлтэй ижил нөхцөлтэй гарна гэж харж байгаа. Цаашид банкуудтайгаа ярилцаад шаардлагуудаа тодорхойлоод явна” гэв.

Тус Ногоон орон сууц бүхий цогц эко хорооллын бүтээн байгуулалтыг Баянхошуу, Шархад дэд төвүүдийн 34 га талбайд 2026-2030 оны хооронд үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

“Эко хороолол ба орлогод нийцсэн орон сууцны Сангийн менежер Г.Юмханд “ Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Нийслэлийн Засаг Даргын Тамгын газраас Ногоон орон сууцны төслийг хамтран хэрэгжүүлж байгаа. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг ногоон орон сууцны шийдлээр шийдсэн төсөл юм. Энэхүү төсөл нь арилжааны банкуудтай хамтын ажиллагаа байгуулах хүрээнд одоогоор эхний хоёр банктай гэрээгээ байгууллаа.

Гэрээ байгуулагдсанаар энэ төсөл Монгол Улсад анхны холимог санхүүжилтийн схемээр хэрэгжих юм. Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сангийн зээлийн эх үүсвэр нь 40 жилийн хугацаатай байгаа. “Эко хороолол ба орлогод нийцсэн орон сууцны сан” –гаар дамжуулж арилжааны банкуудад хөнгөлөлттэй зээл олгох байдлаар явна” гэв.

About Author