“Төсвийн алдагдлыг бүрэн арилгахыг УИХ дахь Ардчилсан намын бүлгээс шаардлаа
“Ардчилсан намын “4:11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр /2026.08.20/ боллоо. Хэвлэлийн бага хурлыг эхэнд Ардчилсан намын Олон нийттэй харилцах бодлого хариуцсан нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж “УИХ дахь Ардчилсан намын бүлэг цахим болон танхим хосолсон хэлбэрээр ээлжит бусаар хуралдаж, иргэдийн орлогыг нэмэх, үнийн өсөлтийн дарамтаас хэрхэн хамгаалах тухай тогтоолын төслийг хэлэлцсэнийг танилцуулав. Үргэлжлүүлэн Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл “Иргэдийн орлогыг хамгаалах, эрчим хүч, түлш шатахууны аюулгүй байдлыг хангах чиглэлээрх УИХ-ын тогтоолын төслийг бүлгийн ээлжит бус хурлаар өнөөдөр хэлэлцлээ. Эрх баригчид улс орны нөхцөл байдлын хүндрэлийг гадаад, дотоод нөхцөл байдал хүнд байгаа учраас гэж иргэдэд тайлбарлаж байна. 10 жилийн өмнө нэг тонн нүүрс 30 ам.доллар хүрэхгүй үнэтэй, нэг баррель нефть 120 ам.долларын үнэтэй байсан.
Тэгвэл өнөөдөр гадаад нөхцөл байдал түүхэнд дэх хамгийн таатай үед эрх баригчид ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд нэг тонн нүүрсний үнэ 100 ам.доллароос дээш, 10 жилийн өмнө 120 ам.доллар байсан нэг баррель нефть өсөөд 70 ам.доллар байна. Ийм таатай гадаад нөхцөл байдалд эрх баригчид эдийн засгийн ямар буруу бодлого явуулж улс орныг доройтуулж байгааг олон нийт харж байгаа байх. Зөвхөн хоёрхон сарын дотор иргэдийн бодит орлого олон дахин буурлаа. Үнийн өсөлт нэг дахин өсчихлөө. Эмзэг бүлэгт очиж байгаа хүнсний инфляц 25 хувьд хүрчихлээ. Төсвийн орлого 2.4 их наяд төгрөгөөр тасарчихлаа. Төсвийн орлого ийм хэмжээгээр тасарч байна гэдэг нь аж ахуйн нэгжүүд дампуурч байна гэсэн үг. Татвар төлөгчид татвараа төлж чадахгүй хэмжээнд хүрч дампуурч байна. Монголбанкнаас бодлогын хүүг нэмснээр аж ахуйн нэгжүүд зээл санхүүгийн эх үүсвэргүй болж дампуурна. Иргэдийн орлогыг эрс дампууруулсан. Одоо аж ахуйн нэгж рүүгээ орж байна. Муу засаг удах тусам юу болдгийг та бүхэн харж байна.
Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бусаар хуралдаж тодорхой шийдэл гаргаж, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахыг шаардаж байгаа” хэмээв. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурлаас гарсан шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн Б.Жаргалан “Сүүлийн жилүүдэд бий болсон амьжиргааны өртөг, үнийн өсөлт нь олон улсын нөхцөл байдал, улс хоорондын болон худалдааны дайнтай холбоотой гэхээс илүүтэй өнгөрсөн 10 жилд үнэмлэхүй олонх байсан МАН-ын Засгийн газрын алдаатай бодлогын үр дүн. 2026 оны долдугаар сарын байдлаар буюу энэ жил Монгол Улс 12 тэрбум төгрөгийн экспорт хийгээд байна. Энэ нь төгрөгөөр тооцвол 44 их наяд төгрөг. Үүнээс манай гадаад зах зээл дэх түүхий эдийн үнэ ямар таатай байгааг харж болно. Гадаад зах зээл таатай, алт, зэс зэрэг түүхий эдийн үнэ өсөлттэй байх энэ цаг үед Засгийн газар эрх баригчид эдийн засгийн бодлогын олон алдаа гаргаж байна.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн ээлжит бус хурлаар иргэдийн орлогыг хамгаалах болон шатахуун, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Уг тогтоолоор гурван бүлэг асуудлыг шийдвэрлэхийг зорьж байна. Нэгдүгээрт, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах буюу цаашид төсөв мөнгөний бодлогыг зохист түвшинд авч явах, мөн төсвийн алдагдлыг арилгах шаардлагыг хэлэлцсэн. Ерөнхий сайд төсвийн тодотголоор алдагдлыг 1.4 их наяд төгрөгөөр бууруулна гэлээ.
Одоогийн байдлаар төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөг хүрчхээд байхад 1.4 их наяд төгрөгийн тодотгол хангалтгүй. Төсвийн алдагдлыг бүрэн арилгах төсвийн тодотголыг хийхийг манай бүлгээс шаардаж байгаа. 2027 оны төсвийг хэлэлцэхдээ иргэдийн орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжийн татварын дарамтыг арилгах, эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх зорилгоор НӨАТ-ын 10 хувийг таван хувь болгон бууруулах шаардлагыг тогтоолын төслөөр танилцуулсан. Ингэснээр эдийн засгийн идэвхжилийг дэмжих, иргэдийн орлогыг хамгаалах бодлоготой нийцнэ. Засгийн газар НӨАТ-ыг таван хувь болгох хуулийн төслийг өргөн мэдүүлэх шаардлагыг мөн тавьж байгаа.
Хоёрдугаарт, шатахууны түгээлт, менежменттэй холбоотой асуудлаар шуурхай төлөвлөгөө боловсруулж, иргэдэд тодорхой танилцуулахыг шаардаж байна. Өвөл эрчим хүчний доголдол эдийн засагт цохилт өгч болзошгүй. Тиймээс эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх тодорхой арга хэмжээнүүдийг бид санал болгож байгаа” хэмээн ярив.