ХЗБХ: Хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй хийх сонсголын товыг тогтоов
Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2023.06.27) хуралдаан гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр 11 цаг 02 минутад эхэлж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар танилцууллаа.
Ажлын хэсэг нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төслийн холбогдох зүйл, хэсэгт нэмж тусган төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, хэл найруулга, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна. Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэр томьёотой хуулийн төслийн нэр томьёог нийцүүлэх үүднээс анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн найруулгын саналыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасны дагуу санал хураалгах санал гаргаж буйгаа танилцууллаа.
Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат ашиг сонирхлын зөрчил, энэ төрлийн гэмт хэргийн нөхцөл байдлын талаар тодруулж, ажлын хэсгээс хариулт, мэдээлэл авсан юм. АТГ-т 2022 онд 1520 авлига, албан тушаалын гэмт хэрэг шалгагдсаны 1011 нь төрийн албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэг байсан бөгөөд үүнд 1184 албан тушаалтан холбогдсон байна. Тус байгууллагад 2022 онд нийтдээ 653 өргөдөл, гомдол, мэдээлэл ирсний 112 нь албаны эрх мэдлээ урвуулсан, хэтрүүлсэн, хуульд нийцээгүй шийдэр гаргаж бусдад давуу байдал олгосон гэх агуулгатай байжээ. Ийнхүү гишүүд төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
УИХ-ын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Дараа нь “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу төслийг зүйл бүрээр нь хэлэлцэж, Байнгын хорооны гишүүд төслийн тухайн зүйлтэй холбогдуулан ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, хариулт мэдээлэл авсан. Түүнчлэн төсөлтэй холбоотой саналын томьёоллуудаар тухай бүр санал хураалт явуулан шийдвэрлэв. Тухайлбал, тогтоолын төслийн “43 дугаар зүйлийн 43.1” гэсний “5 дугаар зүйлийн 5.1” гэж өөрчлөн, 1 дэх заалтын “1 дүгээр хавсралтаар “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г 2 дугаар болон, “тус тус” гэснийг хасаж, “2.“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г Авлигатай тэмцэх газрын саналыг үндэслэн 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор батлах, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусгаж батлуулахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай” гэсэн агуулгатай 2 дахь заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн төслийн 2 дахь заалтыг өөрчлөн найруулж, дугаарыг өөрчлөхийг дэмжсэн. Тогтоолын төслийн хавсралттай холбоотой зарчмын зөрүүтэй саналын 29 томьёолол, найруулгын саналууд, мөн гишүүдийн гаргасан саналуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Дараа нь “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаар Байнгын хорооны дарга Б.Энхбаяр танилцуулав. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т “Улсын Их Хурал шийдвэр гаргахаар хууль тогтоомжид заасан болон хууль хэрэгжүүлэхтэй холбогдсон аливаа зохион байгуулалтын шинжтэй асуудлын талаар хариуцсан байгууллага, эрх бүхий албан тушаалтан саналаа ирүүлсэн бол холбогдох Байнгын хороо хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлтээ шийдвэрийн төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулна” гэж, 93.3-т “Нэгдсэн хуралдаан шаардлагатай гэж үзвэл уг асуудлыг дахин хэлэлцүүлэхээр холбогдох Байнгын хороонд буцааж болно” гэж заасныг танилцуулав. Хуралдаанд оролцсон гишүүд тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн. Мөн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргаагүй учраас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т “Хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй бол хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг нэгдсэн хуралдаанд гаргаж болно” гэж заасны дагуу Б.Энхбаяр гишүүн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргав.
Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус горимын саналыг дэмжсэн тул “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулахыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулав. Гишүүдийн олонх буюу 60 хувь нь дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Харьяа байгууллагуудын 2024 оны төсвийн төслийн талаар хэлэлцэв
Энэ өдрийн хуралдаанаараа Монгол Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо болон Хүний эрхийн Үндэсний Комиссын 2024 оны төсвийн төслийн талаар хэлэлцсэн юм. Эхлээд Монгол Улсын дээд шүүх 2024 оны төсвийн төслийн талаар хэлэлцэж, энэ талаар Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр танилцууллаа.
2021 онд шинэчлэн батлагдсан Монгол Улсын шүүхийн тухай хуулиар Улсын дээд шүүх хууль тайлбарлах болон хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах, онол практикын судалгаа, шинжилгээнд үндэслэн шийдвэр гаргах зэрэг үүргийг хүлээж, үйл ажиллагаанд томоохон өөрчлөлт орсныг тэмдэглэв. Үндсэн хуульд заасан шүүн таслах ажиллагааны болон шүүн таслах ажиллагаанаас бусад чиг үүргүүдийг хэрэгжүүлэхэд хэвийн нөхцөлийг хангах, нийт шүүхийн системийн сургалт, судалгаа, мэдээллийн үйл ажиллагааг эрхлэн хариуцдаг Улсын дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн үйл ажиллагааны төсөв ирэх оны төсвийн төсөлд багтсан гэв. Улсын дээд шүүх 2021 онд 4118 хэрэг хянан шийдвэрлэсэн бол 2022 онд 4490 хэрэг хянан шийдвэрлэсэн байна. Улсын дээд шүүхээс Үндсэн хуулиас бусад хуулийн тайлбар батлах үйл ажиллагааны хүрээнд өнгөрсөн хугацаанд 12 хуулийн албан ёсны тайлбарыг баталжээ.
Үргэлжлүүлэн тэрбээр тулгамдаж буй асуудлын талаар танилцуулав. Шүүхийн шийдвэрийг хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн тухай бүр биечлэн, ойлгомжтой байдлаар бичгээр тайлбарладаг болсонтой холбоотойгоор шүүгч 3 хүртэл судлаач туслахтай байхаар хуульд заасан. Энэ хүний нөөцийг бүрдүүлэхэд тавигдах шаардлага өндөр, судалгаа, шинжилгээний хийх туршлагатай боловсон хүчнийг бэлтгэх, чадавхжуулах дэд бүтэц хэрэгтэй гэдгийг хэллээ. Улсын дээд шүүхийн шүүгчдийн судлаач туслахууд өнгөрсөн хугацаанд 160 гаруй судалгаа хийсэн байна. Монгол Улсын хэмжээнд 800 мянга гаруй шүүхийн шийдвэр, төстэй тохиолдуудыг судлах шаардлагын талаар мэдээлэл өгсөн. Иймд цахимжилт, технологиийн шинэчлэлийг нэвтрүүлэхээр холбогдох төслийг боловсруулаад байгаа юм байна. Одоогоор олон улсын байгууллагад төслийн саналаа хүргүүлсэн бөгөөд улсын төсөвт тусгаагүй гэлээ. Тус байгууллагын нийт төсвийн 71 хувийг цалин, хөлс, нийгмийн даатгалын зардал эзэлж байгаа аж. Үлдсэн хувийг ашиглалт, урсгал засвар, томилолт, төлбөр хураамж гэх зэрэг бусад зардлууд эзэлж байгаа гэв. Ирэх оны төсвийн төсөл дээр тусгагдсан онцлог төлөвлөлт гэвэл Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн шинэчлэн байгуулагдаад 50 хувийн орон тоотой ажиллаж байсныг 2024 онд бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахаар төлөвлөсөн байна.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат асуулт асууж, тодорхой асуудлаар байр сууриа илэрхийлэв. Дараа нь Монгол Улсын дээд шүүх 2024 оны төсвийн төсөлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэв.
Үргэлжлүүлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны төсвийн төслийн талаар хэлэлцэж, тус зөвлөлийн дарга Р.Онончимэг хуралдаанд танилцуулга хийлээ. Тус зөвлөл ирэх оны төсвөө 204.5 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн байна. Урсгал зардалд 131 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтын зардалд 72 тэрбум төгрөгийг төлөвлөжээ. Бараа, үйлчилгээний зардалд 120 тэрбум төгрөг, цалин, хөлс болон нэмэгдэл урамшуулалд 85.9 тэрбум төгрөг, ажил олгогчоос нийгмийн даатгал төлөх шимтгэл нь 10.7 тэрбум төгрөг, байр ашиглалттай холбоотой тогтмол зардал 4.2 тэрбум төгрөг, хангамж, бараа материалын зардал 5.3 тэрбум төгрөг, норматив зардалд 112.8 сая төгрөг, эд хогшил, урсгал засварын зардалд 8.3 тэрбум төгрөг, томилолтын зардалд 900 мянга төгрөг, бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний төлбөр хураамжид 3.2 тэрбум төгрөг, бараа, ажил үйлчилгээний бусад зардалд 1.2 тэрбум төгрөг, урсгал шилжүүлэгт 11.6 тэрбум төгрөгийг төлөвлөсөн байна. Үргэлжлүүлэн тэрбээр зардлуудын дэлгэрэнгүй задаргааг танилцууллаа.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн ирэх оны төсвийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Л.Мөнхбаатар, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, тодорхой асуудлаар байр сууриа илэрхийлсэн бөгөөд төсвийн тус төсөлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэсэн.
Шүүхийн сахилгын хорооны 2024 оны төсвийн төслийг дараа нь хэлэлцэж, тус хорооны дарга Х.Хашбаатар төслийн талаар хуралдаанд танилцуулав. Шүүхийн сахилгын хороо 2021 оны арван нэгдүгээр сарын 18-ны өдрөөс бүрэн эрхээ хэрэгжүүлж, үйл ажиллагаа явуулж байгаа юм. Шүүхийн сахилгын хороо 2022 онд шүүгч нартай холбоотой 462 өргөдөл хүлээж авч, 201-д нь сахилгын хэрэг үүсгэж, 245 өргөдлийн дагуу хэрэг үүсгэхээс татгалзах шийдвэрийг гаргажээ. Одоо 16 өргөдөл шийдвэрлэгдэх шатанд хүлээгдэж байгаа гэв.
Шүүхийн сахилгын хорооны даргын 2024 оны төсвийн төсөөллийг Төсвийн тухай хууль, Монгол Улсын шүүхийн тухай хуулийг тус тус үндэслэн нийт 4.1 тэрбум төгрөгөөр тооцоолж, урсгал болон хөрөнгө оруулалтын зардлын төсвийн төсөөллийг боловсруулжээ. Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул Шүүхийн сахилгын хорооны 2024 оны төсвийн төсөлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэв.
Хуралдаан Хүний эрхийн Үндэсний Комиссын 2024 оны төсвийн төслийн талаарх хэлэлцүүлгээр үргэлжилж, энэ талаар тус комиссын дарга Ж.Хунан танилцуулсан юм.
Тус комисс үүсгэн байгуулагдсанаасаа хойш 22 жилийн хугацаанд өөрийн байргүй үйл ажиллагаа явуулж байгааг танилцуулгын үеэр дурдав. 2022 онд Засгийн газрын бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Эдийн засаг хөгжлийн яам Засгийн газрын XI байранд байрлахтай холбоотойгоор Хүний эрхийн Үндэсний Комисс тус байрнаас XII дугаар байр руу шилжсэн байна. Засгийн газраас Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ой, Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Парисын зарчмын 30 жилийн ой, Монгол Улсад хүний эрхийн үндэсний хөтөлбөр батлагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Хүний эрхийн Үндэсний Комиссын байр болон Ази Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн сургалт судалгааны төв барих зориулалтаар 2645 м2 газар эзэмших эрхийг комисст шилжүүлэн олгосон байна. Комисс ирэх оны төсвөө 15 тэрбум 95 сая төгрөгөөр төлөвлөн, урсгал зардалд 7 тэрбум 95 сая төгрөг байхаар, Хүний эрхийн Үндэсний Комиссын байр болон Ази Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн сургалт судалгааны төв барихад шаардлагатай хөрөнгө оруулалтын зардалд 7 тэрбум 840 сая төгрөг, ТЭЗҮ боловсруулахад 160 сая төгрөг, нийт 8 тэрбум төгрөг байхаар тооцжээ.
Төсвийн төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, Б.Энхбаяр нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд Хүний эрхийн Үндэсний Комиссын 2024 оны төсвийн төсөлтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэлээ.
Ийнхүү энэ өдрийн хуралдааны төгсгөлд “Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн, баталлаа.
Төсөлд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Н.Батзоригтой хийх нэр дэвшигчийн сонсголыг 2023 оны аравдугаар сарын 04-ний өдөр зохион байгуулахаар, сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгаланг томилохоор, нэр дэвшигчид хандан асуух асуулт, саналыг 2023 оны долдугаар сарын 28-ны өдрийг хүртэл хүлээн авахаар, нэр дэвшигчийн сонсголын зарыг нийтэд мэдээлж бэлтгэл ажлыг хангаж холбогдох хууль журамд заасны дагуу зохион байгуулахыг Хууль зүйн байнгын хороонд даалгахаар тусгажээ. Б.Энхбаяр гишүүний танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал авах шаардлагагүй хэмээн үзсэн тул тогтоолын төслийг батлах санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 60 хувь нь дэмжиж “Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоол батлагдав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.