Газрын ховор элементийн хамтарсан судалгааны төвийг энэ оны байгуулах санал дэвшүүлэв

0

2023/06/28

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны ээлжит VII хуралдаан энэ сарын 26-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдав. Сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монголын хэсгийн дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд, Солонгосын хэсгийн дарга Ли Ду Хүн нар хуралдааныг ахалж, хоёр улсын яам, холбогдох байгууллагуудын албаны төлөөлөл оролцжээ.

Энэ үеэр ярилцсан асуудлуудыг хүргэж байна.

  • БНСУ-ын Хөгжлийн албан ёсны тусламжаар Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад үнэлэлт дүгнэлт өгч, цаашид дэд бүтэц, хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчин, эрүүл мэнд, хүний нөөцийн чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцжээ.
  • Монгол Улс, БНСУ-ын улс төрийн яриа итгэмжилсэн харилцааг бэхжүүлж, улс төрийн яриа хэлэлцээг тогтмолжуулах, гадаад бодлого, аюулгүй байдал, батлан хамгаалах асуудлаарх стратегийн яриа хэлэлцээний механизмыг өргөжүүлэх хүрээнд хоёр улсын Гадаад харилцааны яамд хоорондын Стратегийн зөвлөлдөх анхдугаар уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар санал нэгдэв.
  • Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарласантай холбогдуулан Монголын талаас БНСУ-ын ижил төстэй байгууллагатай мэдээлэл солилцох, боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх, туршлага судлах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой буйгаа тэмдэглэв. Солонгосын тал мэдлэг, туршлага солилцон хамтран ажиллахаа илэрхийлжээ.
  • Хөшигийн хөндийд шинэ хот, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах чиглэлд хэрэгжүүлж буй “КСТ Нэтворк” төслийн үр дүнг үндэслэн БНСУ-ын “Ухаалаг хотын дэд бүтцийн эх үүсвэр сан” болон “Гадаадын дэд бүтэц сан” зэрэг санхүүжилтийн эх үүсвэрээс хөрөнгө оруулалт татах, БНСУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Орхоны хөндийд “Шинэ Хархорум” хот байгуулах техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах урьдчилсан судалгааны төсөл”-ийн тайланг үндэслэн шинэ ухаалаг, ногоон хот байгуулах төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх талаар ярилцав.
  • Солонгосын тал энэ оны есдүгээр сард БНСУ-д зохион байгуулагдах “Дэлхийн ухаалаг хот” олон улсын үзэсгэлэнд Монголын төр, хувийн хэвшлийн төлөөллийг өргөнөөр оролцохыг урилаа.
  • Худалдаа, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг бэхжүүлэх хүрээнд “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийн ажлын удирдамжийг ойрын хугацаанд тохиролцож, хэлэлцээний багийн хоёр талын уулзалтуудыг энэ ондоо багтааж эхлүүлэхээр болов.
  • “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн шинэчилсэн төслийг Монголд Улсын Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдмагц хуультай уялдуулан байгуулах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллахаар болов.
  • “Монгол, Солонгосын газрын ховор металлын хамтарсан судалгааны төв”-ийн хоёр талын ажлын хэсгийн хуралдааныг ойрын хугацаанд хуралдуулж, тус төвийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, хэлбэр, хамрах хүрээ зэргийг тодорхойлж ажиллахаар болов. Солонгосын тал энэ оны есдүгээр сард тус төвийг байгуулах саналыг дэвшүүллээ.
  • Монголын эмч, сувилагчийг БНСУ-д мэргэжил дээшлүүлэх, сургалтад хамруулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх талаар хамтран ажиллахаар болов.
  • Талууд аялал жуулчлал, соёл, урлагийн олон ажлыг зохион байгуулж буйг тэмдэглээд аялал жуулчлал, соёл, урлагийн байгууллагын төлөөлөгчдийн харилцан айлчлалыг зохион байгуулах, уран бүтээлчдийн солилцоог идэвхжүүлэх, кино урлагийн чиглэлээр туршлага судлах зэргээр хамтын ажиллагааг дэмжиж ажиллахаар боллоо.
  • Монгол Улс, БНСУ-д оршин суугаа иргэдийн эрх ашгийг хамгаалах болон хоёр улс харилцан адил байх зарчмын дагуу иргэд зорчих таатай нөхцөлийг бүрдүүлэх чиглэлд талууд үргэлжлүүлэн анхаарч ажиллахаар болов.
  • Талууд олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцлоо хэмээн ГХЯ-наас мэдээллээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *