Д.Өнөрболор: Хорт утаа, хотын иргэдийн уушги хоёроос хонжоо олж болно гэж үү, Б.Чойжилсүрэн сайдаа
Эрч муутай эрчим хүчний бодлогоо эргэж харъя
Хүн төрөлхтөн түүхэндээ газар тариалангийн хувьсгал, аж үйлдвэрийн хувьсгал, мэдээллийн хувьсгал дамжаад одоо хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах шинэ хувьсгалд татагдан ороод байна. Энэ хувьсгалыг аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал гэх ба америк, япон, хятад, европын орнуудын технологи голлосон 60 шахам тэрбум ам доллар дэлхий дээгүүр “нисэлдэж” байгаа юм. Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлж, үйлдвэрлэл хэрэглээнд нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахыг зорьсон дэлхийн ногоон эрчим хүчний эсрэг Монгол Улс хар эрчим хүчтэй байж болохгүй билээ.
Манай улсын хувьд энэ өвөл гал алдахгүй байх, хөлдөөчихгүй “аргална даа” гэх төдий бус илүү найдвартай, тогтвортой, олон талт эх үүсвэрийн талаар нухацтай бодох асуудал хоолой дээр тулж ирсэн атал авах арга хэмжээ хэтэрхий хуучинсаг, найдваргүй, тогтворгүй, задгай замбараагүй байсаар байна. Өөрийн гэсэн сэргээгдэх эрчим хүчтэй, өөрийн гэсэн цахилгааны тогтвортой эх үүсвэр л чухал. Ийшээ л явмаар.
Явахдаа ил тод, шударга, сайн засаглалтай явмаар байна. Саяхан УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-д айлчилж, Роснефтийн ерөнхий гүйцэтгэх захирал И.Сечинтэй уулзаж хоёр орны эрчим хүчний иж бүрэн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Найдвартай, үл тасалдах ханган нийлүүлэлт, үнэ бууруулах боломж, Улаанбаатар хот дахь эрчим хүч үйлдвэрлэлийн байгууламж шинэчлэх асуудлаар ярилцаад ирсэн. Одоо үр дүнг нь харах, үр дүнгээ харуулахыг иргэд харж, хүлээж байгаа. Нөгөө талаар эрчим хүчний салбарын дунд болон урт хугацааны бодлогын хэрэгжилт хангалтгүй, эрсдэлийн үеийн бодлогоо ил тодорхой болгож хэрэгжүүлэхийг цаг үе шаардаж байна. Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг дэмжих, төрийн дарамт шахалтыг багасгах чиглэлээр бодит алхам хэрэгтэй байна.
Дахиад хэлье, эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагаа ядаж зардлаа нөхдөг байх, салбарын өрсөлдөөнт зах зээлийн зарчимд шилжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авах цаг болсон. Түүхий нүүрсний хэрэглээг багасгах, эдийн засгийн салбаруудын эрчим хүчний хэмнэлтийг тогтвортой байлгах, цахилгаан дулаан үйлдвэрлэлийн эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх талаар яриад байдаг ч хэрэгжсэн зүйл ховор байна.
Эрчим хүчний хэмнэлтийг дадал, хэвшил болгох талаар иргэдээ соён гэгээрүүлэх, хэрэглээний сахилга баттай байлгах талаар зөвлөмж, мэдээллээр хангахад ч анхаармаар байна. Ойрын хэдэн жилдээ л лав эрчим хүчний хомсдол үүссээр байх болно, одоогийн байдлаас улам дордсоор байх болно. Яагаад гэвэл авч байгаа арга хэмжээ хашин учраас, ногоон руу гэхээс илүү хар утаа руу тэмүүлж байгаа учраас тэр юм. Хорт утаа, хотын иргэдийн уушги хоёроос хонжоо олж болно гэж үү эрчим хүчний яам аа. Нийслэл хотын агаарын чанарын өөрчлөлтийг өглөө бүр харж, санаа тавьж байх нь таны үүрэг шүү. Гал алдах, хот хөлдөх аюулыг аргална даа гэхээс өөр бодлогогүй байж таарамгүй. Хэдий болтол бахь байдгаараа аргалах, тэр байтугай ДЦС-ууд шинээр нэмж байгуулах, нүүрсээ түлэх, хар эрчим хүчний бодлогынхоо хашин морийг ташуурдаж явах вэ. Эрчим хүчний шинэ эх үүсгүүрүүдийн хаагуур манай бодлого яваад байна вэ. Дэлхий дахин хамгийн хямд эрчим хүчний эх үүсвэрээр сэргээгдэх эрчим хүчийг сонгож бас шилжиж байна. Өнөөдөр 1000 квт цагт зарцуулах эрчим хүчний үнэд Англи 42$, Хятад 33$, АНУ 36$ зарцуулж сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд хувьсгал хийгээд байгаа юм.
Англи Улс сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг өнөөгийн 40 хувиа улам нэмэгдүүлэхийг зорьж байна. Ялангуяа салхины хүчээр 11 сая квт цахилгаан үйлдвэрлэдэг бол 2030 он гэхэд 50 сая квт болгож нэмэгдүүлнэ гэж үзэж байна.
Салхины эрчим хүч ашиглалтаар нефтийн эх орон Саудын Араб шиг болно, нарны эрчим хүчээр 14 сая квт цахилгаан гаргаж авч байгаагаа 2035 онд тав дахин нэмэгдүүлнэ гэж зарлалаа. Атомын цахилгаан станц нийтдээ 6 сая 500 мянган квт эрчим хүч нийлүүлж байгаа ба цахилгаан станцтай харьцуулахад 15% эзэлж байна. Үүнийгээ нэмэгдүүлж 2050 он гэхэд шинээр АЦС найман реактор байгуулж 24 сая квт цахилгаан үйлдвэрлэнэ, 25 хувь болгоно гэжээ. Ер нь Английн АЦС хуучрах өвгөрөх хандлагатай болж, одоо ашиглагдаж байгаа найман реакторыг 2028 онд үйл ажиллагааг нь зогсоох ба бага оврын өндөр технологийн 5МК байгуулахыг төлөвлөж байна. Франц эрчим хүчний стратеги бодлогын баримт бичигтээ сэргээгдэх эрчим хүчийг “цахилгааны хэрэглээг нэмэгдүүлэх цорын ганц уурхай” гэж онцолсон байна. 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг хэд дахин нэмэгдүүлнэ гэжээ.
Жишээ нь 2050 он гэхэд нарны энергиэс цахилгаан үйлдвэрлэх хүчээ одоогийнхоос 10 дахин нэмэгдүүлж, 100 сая квт хүргэхийг зорьж байна. Салхины сэргээгдэх эрчим хүчийг ашиглах 50 газар шинээр нэмж байгуулж 40 сая квт-аар нэмэгдүүлнэ гэж стратегидаа тусгасан байна.
Мөн 2050 он гэхэд АЦС буюу шинэ технологийн EFR2- ийг 6-14 реактор байгуулж 2035 онд эхнийхийгээ ашиглалтад оруулах юм байна. Англи.Франц улс ийнхүү сэргээгдэх эрчим хүч, цөмийн эрчим хүч ашиглахаа нэмэгдүүлэх тактик барьж, шинээр АЦС нэмж барихгүй гэсэн стратеги нь өөрчлөгдөж, царцаасан хөрөнгөө амилуулж, ард иргэдээсээ дэмжлэг авахын тулд өргөн хэлэлцүүлэг өрнүүлж байгаа юм. Улс орнуудын эрчим хүчний бодлого олон талтай бас тодорхой чиг шугамтай. Нөгөө талаар “ногоон улс төр” хийж байж ногоон эрчим хүч хөгжинө. Энэ талаар дэлхий нийтэд хамгийн их санаа нь зовж байгаа хүмүүс бол залуу үеийнхэн юм. Саяхан АНУ-ын-ийн хийсэн сонирхолтой судалгаа гарчээ. Уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их санаа тавьдаг хүмүүс бол 18-29 насныхан. Шведэд 65 хувь, Шинэ Зеландад 80 хувь, Австралид 79 хувь, АНУ-д 71 хувь, Францад 85 хувь, Канадад 75 хувь, Англид 76 хувь нь залуус эзэлж байна. “Ногоон залуу үе” гарч ирлээ гэхэд болно. Ирээдүйн улстөрчдийн дотоод шаталтын хөдөлгүүр ногоон эрчим хүчээр хөдлөх нь. Орос-Украины дайны улмаас дэлхий даяар эрчимжиж байсан хүлэмжийн хийг бууруулах ажил эрчээ алдаж, ОХУ-д үйлдвэрлэсэн байгалийн хий, нефть нийлүүлэлт тогтворгүй болж, эрчим хүчний аюулгүй байдал хаа сайгүй хүндэрлээ. Тиймээс эрчим хүчний “эртний арга” болох чулуун нүүрсний олборлолт хүрээгээ тэлж, европын орнуудыг хүртэл сандаргаад авсан билээ. Герман зэрэг оронд чулуун нүүрсний хэрэглээ өсч идэвхжээд одоо эрс буурсан үзүүлэлттэй, ойролцоогоор 40 хувь орчим буурчээ. Өөрөөр хэлбэл хүлэмжийн хийг бууруулах сорилт, эрчим хүч нийлүүлэлтийн тогтворгүй байдал гэсэн хоёрын хоёр аюул улс орнуудад нүүрлэсэн ч эргээд тогтворжиж байна.
Орос-Украины дайн эрчим хүчний аюулгүй байдал, ялангуяа нэг орноос хараат эрчим хүчтэй байх нь үндэсний аюулгүй байдлын маш том эрсдэл юм гэсэн сургамж үлдээж байна. Мөн уур амьсгалын өөрчлөлт хий хоосон зүйл биш гэдгийг ч байгалийн гамшигт үзэгдлүүд, хэт хүйтрэл, халалт, ган харууллаа.
Тиймээс цаашдаа эрчим хүчний аюулгүй байдлаа хянах, тогтвортой, олон сурвалжит нийлүүлэлттэй байх, уур амьсгалын өөрчлөлт гэсэн энэ гурван зүйлийг үндэсний хэмжээний бодлого болгож авч үзэх нь дэлхий нийтийн өмнө тавигдах сорилт. Сэргээгдэх эрчим хүчийг өөрийн чадлаар үйлдвэрлэх нь мэдээж давуу тал. Манай Улс эрчим хүчний хэрэгцээгээ дотоодын найдвартай, тогтвортой эх үүсвэрээр бүрэн хангаж, цахилгаан эрчим хүч экспортолно гэсэн алсын хараатай улс билээ. Шинэ сэргэлтийн бодлогоор эрчим хүчээ 2.5 дахин нэмэгдүүлэхээр болсон. Мөн нийт эрчим хүчинд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг нэмэгдүүлж, эрчим хүчний шинэ эх үүсвэрийг ашиглах бэлтгэл хангах бодлого баримтална гэж зарласан байдаг. Гэвч бодит байдал өөр байгаа.
Бид тусгаар тогтнол, аюулгүй байдлын тулгуур хүчин зүйлийн нэг болох эрчим хүчний аюулгүй байдалд урьд урьдаас илүү анхаарах хэрэгтэй байна. Эрчим хүчний аюулгүй байдал ханган нийлүүлэлт тогтвортой байх, хэмжээ, үнэ мөн тогтвортой байхаас эхтэй.
Эрэлт хэрэгцээ, нөөц хоёрын эдийн засгийн болон геополитикийн эрсдэлийг бид урьдчилан тооцох ёстой юм. Цахилгаан эрчим хүчний импортын тасалдал, үүнээс үүдэлтэй эрсдэлийн үргэлжлэх цаг хугацааг шинэ нөхцөл байдалд тооцож үзэх ёстой. Дэлхий ертөнц асар хурдан өөрчлөгдөж байна. Эрчим хүчнээс үүдэлтэй эрсдэл ч олон янз хэлбэртэй болж байна. Үүнд тохирсон бодлого хэрэгтэй байна. Дэлхийн улс орнууд эрчим хүчний хувьд онцгой нөхцөл байдлын буюу эрсдэлийн үеийн бодлого, менежментээ тодорхой болгож, авах арга хэмжээ, хэрэгжүүлэх замаа аль хэдийнэ сонгоод ажиллаж байна.
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор