ЁЗСХБХ: Дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв
Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны өнөөдрийн (2023.07.04) хуралдаан 13 цаг 35 минутад гишүүдийн 60 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Б.Баттөмөр гишүүдийн ирц болон хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиг үүрэг бүхий “Ёс зүйн хорооны үйл ажиллагааны”- дүрэм батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, төрийн өмчит компаниудын албан хаагчдад энэ дүрэм үйлчлэх эсэх, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, хөгжил дэвшилд хүрсэн улс орнуудын харьцуулсан судалгаа хийсэн эсэх, ёс зүйн зөрчилд орохоос урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ямар хөтөлбөр хэрэгжүүлэх талаар асуулт асууж, хариулт авав.
Улсын Их Хурлын гишүүдийн асуултад Удирдлагын академийн багш, доктор А.Алтанзул, төрийн өмчит хуулийн этгээдийн удирдах албан тушаалтнууд Төрийн албан хаагчийн ёс зүйн хуулийн үйлчлэлд хамаарна. Төрийн өмчит хуулийн этгээдийн удирдах ажилтнууд нь харьяалах дээд томилдог албан тушаалтан буюу Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд Засгийн газрын дэд хорооны үйл ажиллагааны хүрээнд хамаарна гэсэн бол Удирдлагын академийн захирал, доктор Д.Сүрэнчимэг, Засгийн газар болон Төрийн албаны зөвлөлийн захиалгаар Удирдлагын академи нь ёс зүй, ёс суртахуунтай холбоотой бусад улс орнуудын нөхцөл байдлыг судалсан. Одоогоор 37 судалгааны ажил хийгээд байна. Энэхүү судалгааны ажлуудын хүрээнд ёс зүй, ёс суртахуун, төрийн албан хаагчийн үнэт зүйлтэй холбоотой асуудлуудыг судалсан. Энэхүү судалгааны үр дүнг хуулийн төслийг боловсруулахад ашиглаж ажилласан. Хамгийн сүүлд хуулийн төсөлтэй зэрэгцэн хийж байгаа нэг томоохон урт хугацааны судалгааны ажил бол Монгол төрийн уламжлал, үнэт зүйлийн талаарх судалгаа юм. Энэхүү судалгаа 2021 оноос хойш хийгдэж байна. Монгол Улсын урт хугацааны “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогыг 2023 онд нийт 42 мянган төрийн албан хаагчдад танилцуулах сургалтыг зохион байгууллаа. Энэ сургалтын хүрээнд төрийн албан хаагчдын үнэт зүйлийн эрэмбэ ямар байдалтай байна вэ гэдэг дээр судалж байгаа хэмээн хариуллаа.
Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиг үүрэг бүхий “Ёс зүйн хорооны үйл ажиллагааны”- дүрэм батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлая гэсэн томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжин батлав.
Дараа нь Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах журам батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.
Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах журмын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнд тавигдах шаардлагын талаар тодруулж, хариулт авав.
Хуралдаанаар, Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах журам батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлая гэсэн томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжин батлав.
Үргэлжлүүлэн Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байгаагүй тул Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлая гэсэн томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувиар дэмжив.
Мөн Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайланг танилцууллаа. Тэрбээр, Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгдсэн тайланг хуулийн хугацаанд нэгтгэн гаргаж Төрийн аудитын төв байгууллагаар аудит хийлгэн Монгол Улсын Их Хурлын 2023 оны ээлжит чуулганы 7 дугаар сарын 3-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэгт танилцуулсан талаар дурдаад Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 2022 онд 17,1 их наяд төгрөг, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 18,1 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 1 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан нь төлөвлөгдсөн дүнгээс 1,8 их наяд төгрөгөөр буурч, сүүлийн 3 жил дараалан төсвийн алдагдлыг үе шаттайгаар бууруулсан болохыг тэмдэглэв.
Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд тус Байнгын хороонд харьяалагдах Авлигатай тэмцэх газар, Төрийн албаны зөвлөл, нийт хоёр байгууллагын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн гаргасан байна.
Нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр тус Байнгын хорооны төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 33,2 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарч урсгал зардалд 32,6 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 0,6 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Нийт зарлага болон цэвэр зээлийн дүнгийн 93,4% буюу 31 тэрбум төгрөгийг Авлигатай тэмцэх газрын дарга, 6,6% буюу 2,24 тэрбум төгрөгийг Төрийн албаны зөвлөлийн даргын зарлага эзэлж байна. Улсын төсвөөс 33,2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон талаар танилцууллаа.
Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороонд харьяалагдах Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газрын төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэл болон улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр дүнд хийсэн аудитын талаар Монгол Улсын Ерөнхий Аудитор Д.Занданбат танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, Төрийн албаны зөвлөлийн 2022 онд хэрэгжүүлэх 1 хөтөлбөрийн 5 арга хэмжээг санхүүжүүлэхээр 2,407.4 сая төгрөгийн төсөв батлагдсанаас 2,252.3 сая төгрөгийн санхүүжилтийг авчээ. Төсвийн нийт зардал 2,202.6 сая төгрөг буюу 91.5 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2022 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгсөн байна. Аудитаар санхүүгийн тайлангийн 18.6 сая төгрөгийн зөрчил илэрч, зөрчлийг арилгах 3 зөвлөмж, бусад хууль тогтоомжтой холбоотой зөрчилд 3 зөвлөмж тус тус өгсөн байна. Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлагналтай холбоотой нийт 4 алдааг аудитын явцад залруулжээ. Өмнөх оны аудитын илрүүлэлттэй харьцуулахад нягтлан бодох бүртгэлтэй холбоотой алдааны дүн 1,265.6 сая төгрөгөөр нэмэгдсэн талаар танилцуулгадаа дурдав.
Авлигатай тэмцэх газрын даргын төсвийн ерөнхийлөн захирагчийн 2022 онд хэрэгжүүлэх 1 хөтөлбөр, 10 зорилт, арга хэмжээг санхүүжүүлэхээр 32,902.6 сая төгрөгийн төсөв батлагдсанаас урсгал зардалд 32,330.5 сая төгрөг, хөрөнгийн зардалд 572.1 сая төгрөгийн төсөв батлагдаж, 32,902.5 сая төгрөгийн санхүүжилтийг авчээ. Төсвийн нийт зардал 30,950.0 сая төгрөг буюу 94.0 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд Авлигатай тэмцэх газрын 2022 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгсөн байна.
Тус байгууллагын эзэмшлийн хэвлэлийн цехийг тоног төхөөрөмжийн хамт хуулийн этгээдэд түрээсэлсэн боловч түрээсийн гэрээнд 5 нэр төрлийн тоног төхөөрөмжийн түрээсийн төлбөрийн тодорхой тусгаагүй зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх 1 зөвлөмж хүргүүлжээ. Хөрөнгө оруулалтаар нийт 1,043.0 сая төгрөгийн төсөвт өртөг, санхүүжих дүнтэй 1 төсөл, арга хэмжээг шинээр хэрэгжүүлэхээр баталсан байна. Төсөл, арга хэмжээний ажлын бодит гүйцэтгэл 100 хувьтай буюу бүрэн хэрэгжиж дууссан, санхүүжилтийн гүйцэтгэл 54.8 хувьтай байна. Өмнөх оны аудитын илрүүлэлттэй харьцуулахад алдаа, зөрчил 90.5 сая төгрөгөөр буурсан талаар Монгол Улсын Ерөнхий Аудитор Д.Занданбат танилцууллаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Авлигатай тэмцэх газарт хэмнэлтүүд гарсан нь Төрийн хэмнэлтийн тухай хуультай холбоотой эсэх, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Төрийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжсэнээр ямар үр дүнд хүрэв, мөн Монгол Улсын эдийн засаг, төсвийн орлого бүрдүүлэхэд төрийн өмчит компаниудын гүйцэтгэх үүрэг онцгой ач холбогдолтой. Гэтэл төрийн өмчит компаниудын менежменттэй холбоотой асуудлууд их гарч байна. Жишээлбэл, зарим төрийн өмчит аж ахуйн нэгжүүд Ирээдүйн өв санд олон тэрбум төгрөг дутуу төвлөрүүлсэн, заримыг нь хойшлуулсан гэсэн аудитын дүгнэлт гарсан нь хуульд нийцэж байгаа эсэх талаар асуулт асууж, хариулт авав.
Улсын Их Хурлын гишүүдийн асуултад Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Авлигатай тэмцэх газар нь Төрийн хэмнэлтийн хуулийн хүрээнд цалин хөлс, ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх шимтгэл, байр ашиглалттай холбоотой тогтмол зардал, хангамж, бараа материалын зардал, норматив зардал, эд хогшил, урсгал засварын зардал, томилолтын зардал, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр хураамж гэх зэрэг нийт зардлуудыг нэгтгэж гаргасан хэмээн хариуллаа.
Мөн Монгол Улсын Ерөнхий Аудитор Д.Занданбат, Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлангийн 12 дугаар бүлэгт Төрийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжсэнээр төсвийг арвилан хэмнэх, үр ашигтай зарцуулах эрх зүйн орчин бүрдсэн талаар дурдсан бөгөөд Төрийн хэмнэлтийн тухай хуулиар хэмнэлтийн бусад арга хэмжээг хэрэгжүүлж 49,7 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтын заалтыг хэрэгжүүлж 18,5 тэрбум төгрөг, тээврийн хэрэгслийн хязгаарлалтыг хийж 5,1 тэрбум төгрөг, албан тушаал, орлогч дарга нарыг чөлөөлснөөр 3,9 тэрбум төгрөг, хэмнэлтийн зарчмыг хэрэгжүүлж 1,7 тэрбум төгрөг, албан томилолтын зардлыг хязгаарлаж 1 тэрбум төгрөг, цалин хөлсний нийтлэг жишгийг тогтоож 700 сая төгрөг, дүрэмт хувцасны хязгаарлалтыг хэрэгжүүлж 100 сая төгрөг, албан тасалгааны хязгаарлалтыг хэрэгжүүлж 100 сая төгрөг, нийт дүнгээрээ 137 тэрбум төгрөг хэмнэснийг тайланд дурдсан. Төрийн хэмнэлтийн тухай хууль нь шинээр батлагдан гарсан хууль. Иймд эрх зүйн зарим зохицуулалт хийх шаардлагатай байна. Тухайлбал, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-т энэ хуулийн 3.1-д заасан этгээд нэн тэргүүнд үндэсний агаарын тээвэрлэгчийг сонгож үйлчлүүлнэ гэж заасан хэдий ч зарим тохиолдолд үндэсний агаарын тээвэрлэгчийг сонгох нь бусад агаарын тээврийн компанийг сонгосноос зардал өндөр байх тохиолдол гардаг. Түүнчлэн орон нутагт албан томилолтоор хуульд заасан эрх бүхий этгээд газар дээр нь хяналт шалгалтаар ажиллахад хувийн хэвшлийн аж ахуйн нэгж эсхүл төрийн болон орон нутгийн өмчийн авто тээврийн байгууллагаар үйлчлүүлэхээс бусад тохиолдолд автомашиныг ашиглахыг хориглоно гэж заасан боловч зарим чиглэлд төрийн болон орон нутгийн өмчийн авто тээврийн байгууллага үйлчилдэггүй, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжээр үйлчлүүлэх боломжгүй байна. Мөн цахим дэлгүүрт байршсан бараа үйлчилгээг бусад этгээдээс худалдан авахыг хориглоно гэж заасан боловч цахим дэлгүүрт байгаа бараа, бүтээгдэхүүн нь зах зээлийн үнээс өндөр байх тохиолдол байна. Ийм зүйлүүд амьдрал дээр гарч ирсэн учраас хуулийн зарим зохицуулалтыг эргэж харах шаардлагатай байна хэмээн хариуллаа. Мөн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат, Засгийн газар 2022 оны төсөв батлагдахаас эхлэн төрийн өмчит компаниудын менежментийг сайжруулах, өр төлбөрийг нь барагдуулах, үйл ажиллагааг нь сайжруулах, үр ашгийг нь нэмэгдүүлэх чиглэлээр хэд хэдэн удаагийн шийдвэр гаргасан. Энэ хүрээнд төрийн өмчит компаниудыг өр үүсгэхгүй байх талд нь онцгой анхаарч, төрийн өмчит компаниуд зайлшгүй зээл авах тохиолдолд Сангийн яамнаас зөвшөөрөл авдаг байх, Өрийн удирдлагын тухай хуулийн зохицуулалттай нь уялдуулах, Засгийн газрын өрийг нэмэгдүүлэхгүй байх талаас зохицуулалт хийн ажиллаж байгаа бөгөөд төрийн өмчийн компаниудын гүйцэтгэх удирдлагуудтай хийх гэрээг нэг жилээр байгуулж дүгнэдэг, хэрэгжилтэд нь хяналт тавьдаг тогтолцоог бүрдүүлж байна. Төрийн өмчит компаниудын өмнөх жилүүдийн хуримтлагдсан өр төлбөрүүд бий. Энэ өр төлбөрүүдийг богино хугацаанд төлж барагдуулах талаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон Засгийн газраас төрийн өмчийн бүх компаниудад хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Биелэлтийг нь гаргуулан ажиллаж байна. Зөвхөн Эрдэнэс тавантолгой компани дээр гэхэд 4,2 их наяд төгрөгийн өр төлбөр байсан. Зохих арга хэмжээ авч тухайн компаний өр төлбөр 1,6 их наяд төгрөгөөр буурсан үр дүн гарч байна. Цаашид төрийн өмчит компаниудын бие даасан байдал, хариуцлагыг сайжруулах, шилэн болгох талд нь онцгой анхаарч ажиллаж байгаа гэлээ.
Ийнхүү Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.