Дорнод: Нутгийн хөрсөнд ургасан ногоо, жимс жимсгэнээ жилийн 4 улиралд хэрэглэх зорилтыг тавиад байна
Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн энэ сарын 18-ны өдөр хүнсний ногооны массын тариалан эрхлэгчидтэй уулзалт хийж, тулгамдаж буй асуудлыг сонсон, төлөөлөл болгон 8 дугаар багт хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалдаг 3 тариаланчийн талбайтай газар дээр нь танилцлаа.
Хэрлэн сумын 8 дугаар багийн тус хэсэгт 6 иргэн, 2 ААН хүнсний ногооны массын тариалалт эрхэлдэг бөгөөд тэдэнд тулгамдаж буй асуудал нь дэд бүтэц, цахилгаан эрчим хүч байна.
Дорнод аймаг Монгол хүнсний ногооны 25%-ийг орон нутгаасаа хангаж байгаа нь цаашид хамгаалагдсан хөрсний тариалалтыг нэмэгдүүлэхэд бодлогоор хангаж ажиллах шаардлагатайг илтгэж байгаа юм. Иймд аймгийн Засаг даргын санаачилгаар “Арван мянган хүлэмж”, “Мянган зоорь “, “Жимсний мод тариалъя” зэрэг төслүүдийг хэрэгжүүлж байна.
Хамгийн идэвхтэй хүнсний ногооны тариалалт эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэдэд дэд бүтэц, худаг, хүлэмж, газар, борлуулалтын сүлжээг нэмэгдүүлэх зэргээр дэмжлэг үзүүлэн зарчмыг баримталж байгаа юм. Ялангуяа тариаланчид нөхөрлөл, холбоо болж, кластерийн системээр ажилласнаар, хэрэгцээт зах зээлийг хангах бүрэн боломжтой. Үр дүнд Дорнод аймгийн хүн ам нутгийн хөрсөнд ургасан шинэ хүнсний ногоо, жимс жимсгэнээ жилийн 4 улиралд хэрэглэж, хамгаалагдсан хөрсний тариалалт нэмэгдэж, хүнсний ногооны аюулгүй байдал хангагдан, тариалан эрхлэгчдийн орлого нэмэгдэж, зах зээл өргөжсөнөөр орон нутагт хөрөнгө оруулалтын урсгал тогтворжих юм