Д.Сумъяабазар: Болзошгүй эрсдэл, аюулаас сэргийлэхийн тулд олон жил ужгирсан асуудлыг одоо л шийдэх ёстой
Өчигдөр Улаанбаатарт орсон аадар борооны улмаас үүсээд буй нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан мэдээлэл өглөө.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар:
-Өчигдөр орсон борооны улмаас 195 барилга байгууламж, 59 гэр, байшин сууц, хашаа үерт өртөж, эрсдэлтэй нөхцөл үүссэн. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Онцгой комисс Шуурхай штаб байгуулан арга хэмжээ авч ажиллаж байна.
Нийслэлийн 66 хорооны байршлуудад нийслэл болон дүүргийн Гамшгаас хамгаалах алба, Мэргэжлийн ангийн 693 ажилтан, алба хаагч 105 техниктэй үүрэг гүйцэтгэж буй. Тодруулбал, орон сууцны зоорийн давхар болон нийтийн эзэмшлийн зам, талбайд тогтсон усыг шавхах, соруулах, болзошгүй эрсдэлээс сэргийлэн салгасан хэрэглэгчдийн цахилгааныг сэргээж байна. Түүнчлэн усанд автаж эвдрэл үүссэн Тэрэлж, Богинын амны авто замуудад холбогдох албаныхан ажиллаж, шуурхай арга хэмжээ авлаа.
Үертэй холбоотой үүсээд буй нөхцөл байдал нь өнгөрсөн 30 жилийн хот төлөвлөлтийн алдаа, мөн замбараагүй газар олголт, голын ай сав, голдирлыг өөрчилсний уршиг. Тухайлбал, Туул гол дагуу, Богд уулын ам, Зайсанд түр отоглох зориулалтаар газар олгож ирсэн. Эцэст нь энэ газруудад отог биш, орон сууцны хорооллын барилгууд босож байна. Тэгэхээр энэ мэт асуудлыг нэн даруй цэгцлэх, хуулийн хүрээнд хоёрдмол байгаа зохицуулалтыг нэг тийш, тодорхой болгох зайлшгүй шаардлагатай. Энэ бол аль нэг сайд, Хотын даргын хоорондын асуудал биш, хуулийн зохицуулалт нь уялдахгүй, эргээд хариуцлага хүлээх механизм тодорхойгүй байгаа эрх зүйн гажуудал юм. Ерөөс газрын зөвшөөрөл, төлөвлөлт, ашиглалтын зориулалтад хяналт тавих, бүх шатандаа стандартыг мөрдөх, эргээд хариуцлага тооцох тогтолцоог бий болгох зэргээр өмнөх алдаагаа засаж ажиллах нь чухал. Цаашид болзошгүй эрсдэл, аюулаас сэргийлэх чиглэлд мэргэжлийн судлаач, эрдэмтэдтэй зөвлөж, шийдвэрүүдээ гаргах ёстой. Олон жил ужгирсан асуудлыг одоо л шийдэх ёстой хэмээсэн юм.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан:
-Баянгол дүүргийн Чингүнжавын гудамжны авто замын хучилтад нүхэн эвдрэл, ан цав, хагарал үүсэж, хучилтын тэгш байдал алдагдсан. Иймд авто замын ашиглалтын хугацааг уртасгах зорилгоор ээлжит болон их засвар хийх зайлшгүй шаардлагатай байна. Энэ зам нь анх 1974 онд ашиглалтад орсон бөгөөд 2007 онд “Жэй Кэй Си” ХХК их засварын ажил хийж гүйцэтгэснээс хойш ээлжит болон их засвар хийгээгүй.
Тус замын хучилт хууларч, үерийн усанд урсаж байгаа үндсэн шалтгаан нь Бичил хорооллын хойноос орж ирж байгаа уулын усыг зайлуулах суваг ажилладаггүйтэй холбоотой. Энэ жилдээ замыг нөхөн сэргээж, ирэх жилээс ус зайлуулах сувгийг хүчитгэхээс гадна зураг төслийг нь өөрчлөн, усыг баруун үерийн далан руу ордог байхаар голдирлыг нь тааруулахаар төлөвлөж байна гэлээ.
Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн:
-Өчигдөр орсон их хэмжээний аадар борооны улмаас Баянгол дүүргийн 15 хорооны 45 байршилд үерийн улмаас хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Өнгөрсөн шөнө есөн хорооны 23 байршилд холбогдох байгууллагуудаас ажиллан, хэвийн байдалд орууллаа. Бусад байршилд ажил үргэлжилж байгаа. Чингүнжавын гудамжны авто замыг борооны дараа газар хатсаны дараа нөхөн сэргээж, засварлана. Одоогоор зорчилт хөдөлгөөн хэвийн байна.
Явган хүний нэг зам эвдэрсэн бөгөөд тохижилтыг нь хийсэн аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, засварын ажлыг эхлүүлсэн. Дүүргийн хэмжээнд 1800 орчим барилга, байгууламж байдаг. Үүнээс 29 подвалд ус орсныг соруулж байгаа. Одоо хоёр зоорийн давхрын усыг соруулж дуусвал хэвийн байдалд шилжинэ. Их хэмжээний ус орсны улмаас барилгын нүх ухсан дөрвөн байршилд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Тодруулбал, 17 дугаар хорооны “Амур” зочид буудал, 9 дүгээр хорооны 85Б байрны урд, 33 дугаар хорооны 93 дугаар сургуулийн урд тал зэрэг дөрвөн байршилд барилгын нүх ухсанаас суурь нь усанд автаж, зам руу урсан, зам эвдэрсэн. Тухайн байршлуудын замыг хааж, барилгын ажлыг түр зогсоосон. Өмнө нь хэзээ олгогдсон нь мэдэгдэхгүй архитектур төлөвлөлтийн даалгавраар уг барилгын ажлууд эхэлсэн тул эдгээрийг зогсоох чиглэлээр Хотын дарга болон холбогдох албаныханд танилцуулна. Нөхцөл байдлыг үнэлүүлээд, барилгын суурийг булах арга хэмжээг авна гэсэн юм.
Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар:
-Налайх дүүрэг, Тэрэлжийн замд Туул голын гүүр гараад БОСА болон “Тэрэлж” гэсэн хоёр дэлгүүрийн хоорондох авто замын хөвөө усанд автаж, нурсан. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор тус хэсгийн зорчих хөдөлгөөнийг хязгаарласан ч 01:00 цагаас тээврийн хэрэгслүүдийг нэвтрүүлж эхэллээ. Одоогоор хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Өчигдөр 23:00 цагийн байдлаар 123 иргэн зорчиж явсан 22 тээврийн хэрэгслийг татаж гаргах, иргэдийн аюулгүй байдлыг хангах зэрэг ажлыг зохион байгуулсан. Энэ зам дагуу их хэмжээний шороо овоорсныг цэвэрлэж дууссан. Тодруулбал, үерийн 50 метр шуудуу татаж, 108 шоо метр дайрга буулгаж, замыг тэгшитгэлээ. Уулнаас болон зам дагуу их хэмжээний ус урсаж орж ирж байгаа тул халдваргүйжүүлэлтийг өнөөдрөөс хийж эхэлж байна. Энэ ташрамд, аялж зугаалахдаа сонор сэрэмжтэй байж, голын ус руу орохгүй байхыг сэрэмжлүүлж байна гэв.
Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан:
-Дүүргийн хэмжээнд 84 барилга байгууламжид ус орсныг алба хаагчид шөнөжин ажиллаж, 77 барилгаас усыг соруулж дууссан. Долоон байрны усыг соруулж байна. Яармагийн нүхэн гарц, Уулын замын эвдрэлийн хувьд ус зайлуулах шугамд зөвшөөрөлгүй барилга барьснаас үүдэн үерийн ус зам руу орж, зам удаа дараа эвдэрч байгаа. Бид ус зайлуулах шугам дээр барилга барьсан компанийн эзэдтэй уулзаж, Туул голын эрэг дагуух 28 айлыг нүүлгэнэ. Яармагийн нүхэн гарцыг “Туулын гүүр” ХХК барьсан, Улсын комисс хүлээж аваагүй байгаа гэлээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС