ЦУОШГ: 30 мм дээш хэмжээтэй бороог аюултай гэж үздэг
Цахим сүлжээнд “Өнөөдөр 20 цагийн үед Улаанбаатар хотод 11 мм аадар бороо орох юм байна. Харьцуулахад уржигдрын бороо 4 мм байжээ. Сэлбэ, Туулын эх рүү ялгаагүй орно. Бүгд гараашаас машинаа гаргаад шуудайтай элсээ бэлдэхээс өөр замгүй” гэсэн мэдээлэл тавигдсан. Тэгвэл тус мэдээллийн талаар Цаг уур орчин шинжилгээний газрын мэргэжилтэн н.Цасанчихэрээс тодрууллаа.
Тэрбээр “Үдээс хойш усархаг бороо орох төлөвтэй байгаа. Цахим сүлжээнд байгаа мэдээллийг манай байгууллагаас өгөөгүй, гадаадын цаг агаарын сайтаас оруулсан байсан. Бид борооны миллиметрийг хэмжиж бичдэггүй. Манайхаас гаргасан цаг агаарын мэдээн дээр усархаг гэж бичсэн байвал 2-30 мм бороо орно, аюулын хэмжээнд хүрч магадгүй гэдгийг анхааруулсан байдаг. 30 мм дээш хэмжээтэй бороог аюултай гэж үздэг” гэв.