Н.Учрал: Мэдээлэл, технологийн ажил үйлчилгээг хувийн хэвшил, ТББ-уудаар гүйцэтгүүлэх тогтоолын төслийг баталлаа
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 30 гаруй асуудлыг хэлэлцсэн. Тэгвэл хуралдаанаас гарсан зарим шийдвэрүүдийн талаар холбогдох сайдууд мэдээлэл хийж байна. Энэ үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,
“Өнөөдрийн хуралдаанаар “Мэдээлэл, технологийн ажил үйлчилгээг хувийн хэвшил, ТББ-уудаар гүйцэтгүүлэх” талаар авах арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа. Бид өнгөрсөн зургаадугаар сард ICT EXPO-г зохион байгуулсан. Энэ үеэр гурван чиглэлээр санал дүгнэлт гаргасан.
Төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, тэдгээрийн салбар, харьяа байгууллагуудын хүрээнд программ хангамжийн судалгааг авч үзэхэд,
- Яам, түүний эрхлэх асуудлын хүрээний төрийн захиргааны байгууллага 187
- Нутгийн захиргааны байгууллага 53
Нийт 240 нэр төрдийн программ хангамж ашиглагдаж байгаа. Эдгээр программ хангамжийг зориулалтаар нь авч үзвэл,
- Байгууллагын дотоод үйл ажиллагааны чиглэлээр 41
- Төсөв, санхүүгийн чиглэлээр 15
- Тусгай зөвшөөрлийн чиглэлээр 15
- Иргэдийн гомдол, санал хүсэлт, гомдол мэдээлэл хүлээн авах чиглэлээр 5
- Салбарын үндсэн үйл ажиллагааны чиглэлээр 150 программ хангамж байна гэсэн судалгаа гарсан.
Гэвч эдгээр системүүд нь хоорондоо улядаж, холбогддоггүйгээс болоод төрийн байгууллагууд хоорондоо цахимаар бичиг хэргээ бүрэн солилцож чадахгүй байсныг өнгөрсөн хугацаанд системүүдийг нэгтгэсэн. Цаашлаад олон нэр төрлийн программ хангамжуудыг нэгтгэх байдлаар шийдвэр гаргах нь зохимжтой биш. Тиймээс зах зээлд нэвтэрсэн, хэрэгжсэн программ хангамжуудыг шууд авч хэрэглэх, шаардлагатай бол төрийн байгууллагууд тендер зарлаж, хувийн хэвшлүүдээр ажлыг гүйцэтгүүлэх нь системийн тогтвортой байдалд дэмжлэг үзүүлнэ” гэв.