ТАВДУГААР ХУРАЛДААНААР БООМТЫН 40 АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХЭЭР ТОХИРОЛЦОВ

0

Монгол, Хятадын хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны комиссын тавдугаар хуралдаан БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотноо энэ сарын 21-нд боллоо.

Тус хуралдаанд Монгол Улсын Боомтын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга урилгаар оролцож үг хэлэхдээ, “Боомтуудын нэвтрэх урсгалыг сайжруулж, боомт түшиглэсэн эдийн засгийн чөлөөт бүсийг бий болгох зорилгоор Монгол Улсын Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Боомтын сэргэлтийг тэргүүлэх чиглэлд авч үзэн хөгжлийг түргэтгэх гол хөшүүрэг хэмээн тодорхойлсныг онцолж, хоёр улсын гадаад худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилт дэвшүүлснийг тодотгосон юм.

Түүнчлэн энэ удаагийн хуралдаанд монголын талаас Хилийн боомтын захиргааны дарга бөгөөд Засгийн газрын Бүрэн Эрхт төлөөлөгч Б.Батхишиг, БНХАУ-ын Үндэсний боомтын захиргааны дарга Жао Зөнлян тус тус төлөөлөгчдөө ахлан оролцов.

Тавдугаар хуралдаанаар дөрөвдүгээр хуралдаанаас хойш хийсэн ажлыг дүгнэж, хоёр улсын боомтын захиргааны холбогдох байгууллагууд, орон нутгийн засаг захиргааны зүгээс цар тахлын үед хил дамнасан халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, боомтоор ачаа тээвэрлэлтийн нөхцлийг хангах чиглэлээр үр дүнтэй ажилласныг өндрөөр үнэлэв. Тухайлбал, дөрөвдүгээр хуралдаанаар хоёр улсын Ерөнхий сайд нарын уулзалтын тохиролцоог идэвхтэй хэрэгжүүлж, нүүрсний чингэлэг тээвэрлэлтийг “Ногоон гарц”-ын түр горимоор эхлүүлж, Гашуунсухайт-Ганцмод автозамын боомтын Цагаан хад агуулахаас 8 сая тонн нүүрсийг БНХАУ-д бүрэн зөөж тээвэрлэх үүргийг 2022 онд амжилттай гүйцэтгэснийг талууд онцолсон.

ХАНГИ-МАНДАЛ БООМТООР ХИМИЙН АЮУЛТАЙ БОДИС НЭВТРҮҮЛЭХ АСУУДЛЫГ УРАГШЛУУЛАХААР БОЛОВ

Монгол, Хятадын хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны комиссын тавдугаар хуралдаанаар хоёр улсын боомтын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах зорилгоор Монгол Улсын Боомтын сэргэлтийн Үндэсний хороо БНХАУ-ын Үндэсний Боомтын захиргаатай хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар зарчмын тохиролцоонд хүрэв.

 Мөн үеэр химийн хорт болон тэсэрч дэлбэрэх аюултай бодис, тэсэлгээний хэрэгсэл, химийн урвалж тээвэрлэх боомтуудыг тодорхой болгох саналыг монголын талаас тавьж, хятадын тал боомтын холбогдох чиг үүргийг өргөжүүлэхийг дэмжиж, хилийн боомтоор шаардлага хангасан импорт, экспортын бараа нэвтрүүлэхийг идэвхтэй дэмжихээ илэрхийллээ. Дээрх асуудлаар талуудын орон нутгийн Засгийн газар болон гаалийн байгууллага нягт холбоотой ажиллаж, гаалийн холбогдох хяналтын талбайн бүтээн байгуулалтыг сайжруулах, Ханги-Мандал боомтоор химийн аюултай бодис нэвтрүүлэх асуудлыг урагшлуулахын зэрэгцээ нөхцөл бүрдсэн бусад боомтуудын тээвэрлэлтийн боломжийг эрэлхийлэх нь зүйтэй гэдэгт талууд саналаа нэгтгэв.

ЗАРИМ БООМТЫН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРИЙГ СУНГАНА

Мөн дээрх хуралдаанаар зарим боомтын ажиллах цагийн хуваарийг сунгах, хилийн боомтын бүтээн байгуулалтын ажлыг түргэтгэхэд анхаарч ажиллахаар боллоо. Тодруулбал Замын Үүд- Эрээн боомтыг 2023 онд 24 цагийн ажиллагаатай болгох үнэлгээг хийх, бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг байгуулахыг Монгол Улсын Хилийн боомтын захиргаа болон Хөх хотын гаалийн газар, Өвөр Монголын шалган нэвтрүүлэх Ерөнхий боомтод даалгав. Туршилтын ажлыг яаралтай явуулан бүрэн дүүрэн үнэлгээ хийсний дараа албажуулахаар талууд тохиролцсон юм. Мөн Бичигт-Зүүн хатавч боомтын ажиллах цагийн хуваарийг судлан үдийн цайны цаггүй ажиллуулах урьдчилсан үнэлгээг хийх ажлын хэсэг гаргахаар болов. Улмаар Булган-Такашикэн боомтын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, хоёр улсын хууль ёсны амралтын өдрүүд, Бямба, Ням гарагт зорчигч болон ачаа тээврийг нэвтрүүлэх, өвөл, зуны ялгавартай хуваарь хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов. Тодруулбал, зуны улиралд тавдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 30-ны өдрүүдэд Бээжингийн цагаар 10:00-21:00 цаг, өвлийн улиралд ажиллах цагийн хуваарийг жил бүрийн 10 дугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 30-ны хооронд Бээжингийн цагаар 10:00-19:00 цаг байхаар тогтлоо.

Түүнчлэн тавдугаар хуралдаанд Шивээхүрэн-Сэхээ боомтод чингэлэг тээврийн болон AGV тээврийн тусгай гарц нээхийг талууд идэвхтэй дэмжин, Монгол Улсын Хилийн боомтын захиргаа болон ӨМӨЗО-ны Боомтын захиргаа, Хөх хотын гааль, Өвөр Монголын хилийн шалган нэвтрүүлэх ерөнхий газар зэрэг холбогдох байгууллагууд хамтран урагшлуулахаар санал нэгдэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *