Боловсролын реформыг бодит болгох эхний алхам

0

Боловсролыг зольсон 30 жил

Бид дэлхийн хаахна явна вэ? Энэ асуултад янз бүрээр л хариулах байх. Эдийн засгийн агуулгаар нь ярьвал ямар боловч Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ 5000 ам.долларыг давж чадлаа. Оюутолгой, Тавантолгой зэрэг дэлхийд томд тооцогдох уул уурхайн төслүүд хэрэгжиж байна. Байгалийн баялаг, асар өргөн уудам нутаг, бэлчээрийн мал аж ахуй гээд тоочвол Монголд давуу тал олон. Бас Засгийн газрын оновчтой бодлого аялал жуулчлалын салбарыг өндийлгөөд ирэв. Энэ зун жуулчдын их “нүүдэл”-ийг бид харлаа. Сайн талаас нь харвал Монголд болж байгаа, бүтэж байгаа юм маш олон бий. Гэхдээ бас сайны хажуугаар саар нь ч их. Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хэрэг, төрийн өндөр албан тушаалтнуудын авлигын гэмт хэрэг гээд тоочвол асуудал их байна. Энэ олон асуудлын хамгийн том учир шалтгааныг хайвал нэг л цэг дээр очно. Тэр нь боловсрол.

1990 онд нийгмийн шилжилт хийхдээ орхиж гээсэн олон зүйлсийн нэг нь боловсролын салбар. Үндсэндээ өнгөрөгч 30 жил бол боловсролыг зольсон он жилүүд байв.

Байдал одоо ч дээрдсэнгүй. Багш нар нь эх орондоо мэргэжлээрээ ажиллахын оронд Солонгост очиж хар ажил хийхийг илүүд үзэх болж. Хичээсэнд нь очих ёстой Боловсролын зээлийн санг улстөрчид нь хэрхэн тонож байсныг нийтээрээ саяхан мэдлээ. Хүүхэд залуусын боловсролын түвшин бол дэлхийн яг хаана явж байна гэж хэлэхэд ч хэцүү ноцтой байдалд орчихлоо. Гурван ээлжээр хичээллэдэг сургууль, сугалаагаар хамрагддаг цэцэрлэг, дээд боловсролтой ажилгүйчүүд гээд маш олон асуудал овоорчихсон байлаа.

Үр дүнд нь бид юунд хүрэв. Дэлхийн хаахна явна вэ?

Монгол Улс өнөөдөр Хүний хөгжлийн индексээрээ дэлхийн 189 орноос 92-т жагсаж байна. Боловсролын индексээр 189 орноос 103-т, Өрсөлдөх чадварын индексээр 141 орноос 102-т жагсаж байгаа. Товчхондоо дэлхийн улс орнуудын боловсролын салбарыг хэмждэг гол үзүүлэлтийг харахад бид дэндүү хоцрогдсон байна. Бүр сүүл мушгиж байна гээд хэлчихэд ч буруудахгүй.

Наад зах нь хөдөлмөрийн зах зээл дээр жил бүр 110 мянга орчим хүн ажилгүй гээд зарлаж байгаа хэрнээ компаниудад сул байгаа 30-40 мянган ажлын байранд тэнцэх хүн алга. Нэг ёсондоо ажил олгогчдод боловсон хүчин нь гологдоод байна гэсэн үг. Монголын боловсролын салбар өнгөрсөн 30 жилд ингэж л золиослогдсон байна.

Хамгийн ноцтой нь боловсрол бол ирээдүй гэдгийг бид мартаж! Боловсролоос болж баян, хоосны зааг ялгаа улам алсарч, боловсролоос болж ажилгүйдэл нэмэгдэж, асуудал овоорч байна. Энэ салбарын хямралын нөлөө эргээд бүтэн улсаа ч самрах хэмжээнд хүрч мэдэх юм.

Боловсролд зорьсон 2030 он

Бид ийм байдлаар цаашаа яваад байж болохгүй. Хүнээ хөгжүүлж байж, боловсролтой болгож байж л улс орон хөгжинө. Байгалийн баялаг бол шавхагдана. Боловсролтой иргэн бол шавхагдахгүй. Өнөөдөр дэлхийн улс орнуудыг харахад, боловсролдоо хөрөнгө оруулсан нь, боловсролд анхаарсан нь л хөгжиж чадаж байна. Иймээс ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2030 он хүртэл боловсролд зорьж ажиллана гэсэн үг цагаа, бас цэгээ олсон гэж бодлоо. Ямар боловч гүйцэтгэх засаглалын тэргүүн өнгөрсөн 30 жилд золигдчихоод байсан боловсролын салбарын согогыг олж харсан нь сайн хэрэг юм. Тэрээр “Нийгмийн шилжилтийн хугацаанд боловсролын салбарыг анхаарлын гадна орхисон. Үүнээс болоод хөдөлмөрийн зах зээл хүний нөөцтэйгөө уялдахгүй болсон. Өөр олон сөрөг үр дагавар гарсан. Энэ шилжилтийн хугацаанд цэг тавьж, хөгжлийн реформыг эхлүүлж байна. Боловсролын багц хууль баталсан. Багш нарыг цогцоор дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн хүрээнд Засгийн газар багш мэргэжлийг сонгон суралцагсдын төлбөрийг даахаас гадна орон сууц, олон улсын сургалт, цалин хангамжийн асуудлыг ч шийдвэрлэнэ. Энэ бүхэн бол зөвхөн эхлэл. Сайн инженертэй, сайн шүүгчтэй, сайн эмчтэй болохын тулд эхлээд сайн багштай болох ёстой. Үүнд улс үндэстнээрээ анхаарах цаг болсон” гэж онцолсон.

Ямар боловч боловсролын салбарт реформ эхэлж буйг Ерөнхий сайд зарлачихлаа. Энэ бол сайн мэдээ. Гэтэл бид энэ реформоос ердөө нэгхэн хэсгийг нь шүүрч аваад л сошиалд “дүүжлээд” унах юм. ЭЕШ-т өндөр оноо авсан багшийн мэргэжил сонгосон залуусын төлбөрийг төр даана гэсэн ганцхан агуулгыг шүүмжлээд байна. Угтаа энэ том реформын ердөө ганцхан нь. Цаашлаад багшийн үнэлэмжийг өсгөх, цалин хангамжийг нэмэх асуудлыг шат дараатай шийдээд явахаа Засгийн газар зарласан. Мөн багш бэлтгэхэд онцгой анхаарна гэдгээ ч гүйцэтгэх засаглалын тэргүүн мэдэгдэж, гадаад улсад хийсэн айлчлал болгоноороо энэ чиглэлд дорвитой анхаараач байгаа нь олзуурхууштай. Жишээ нь, Боловсролын багц хуулиар англи хэлийг бага ангиас оруулахаар хуульчлаад өгчихлөө. Энэ шийдвэрийг олон нийт алга ташин хүлээж авсан. Гэтэл нөгөө талдаа англи хэлний багш дутагдалтай байгааг хаа хаанаа л мэдэж байгаа. Иймээс ч Ерөнхий сайд АНУ-д айлчлахдаа англи хэлний багш бэлтгэх чиглэлд хамтарч ажиллахаар тохирсон. Хятадад айлчлахдаа ч бас багш, оюутан сургах талаар тодорхой шийдлүүд тохироод ирсэн.

Энэ бүхнээс харахад боловсролын салбарт реформ хийгдээд эхэлчихлээ. Боловсролын багц хуулийг бодит амьдрал дээр хэрэгжүүлэхийн тулд багш бэлтгэхээсээ л эхлэх ёстойг сая онцолсон. Үнэхээр ч багшийн дутагдалд орчихоод байгааг салбарынхан нь хүлээн зөвшөөрч байгаа шүү дээ. “Шинэ Монгол” сургуулийн захирал асан П.Наранбаяр цахим хуудастаа энэ талаар “ЭЕШ-ын өндөр оноо авсан сурагчдад багшаар суралцахад төрөөс 100 хувь тэтгэлэг олгох бодлогыг Засгийн газар зарлав. Энэ бол богино хугацаандаа зөв бодлого. МУБИС дээр явагдаж ирсэн ажлыг Монголын багш бэлддэг их, дээд сургуулиудад тэлнэ гэсэн үг. Ерөнхий боловсролд жил бүр 20 орчим мянган хүүхэд нэмэгдэн элсэж байна. Тэр хэмжээгээрээ хүн ам өссөөр байна гэсэн үг. Багшийн тоог нэмж бэлдэхгүй бол хүрэлцэхгүй болох нь ойлгомжтой. Одоо сургуулийн өмнөх боловсрол, бага ангийн багш, математик болон байгалийн ухааны багш нарын олдоц муу болж, үүнээс болж зарим хувийн хэвшлийн сургуулиуд ч хаалгаа хаахад хүрч байна. Олдоц муу үед хангалтын зөв шуурхай бодлого хэрэгтэй болно. АНУ-д ч гэсэн багшийн хүрэлцээ муудсанаас зарим мужид сургуулиуд хаагдсан мэдээ явж байв” гэж бичсэн байна лээ.

Салбарынхан, мэргэжлийн хүмүүс нь ийм байр суурьтай байгаагаас харахад Засгийн газар зөв цэгээсээ асуудлыг эхэлсэн байна. Дэлхийд боловсролын чанараараа гайхагддаг Финланд улс ч яг ийм замаар явсан байдаг юм байна. Өнөөдөр Финландад багшийн мэргэжил хамгийн үнэ цэнтэй. Тэнд багш болохоор их сургуульд элсэх гэж буй элсэгчдийн өрсөлдөөн ихтэй. Үүний дээр багш мэргэжил олгодог сургууль нь Финландын хамгийн хатууд тооцогддог. Түүнчлэн багш мэргэжилтнүүд ажилд орохоосоо өмнө магистрын зэрэг хамгаалсан байх учиртай байдаг юм байна. Энэ мэт сайн туршлагыг шат дараатай хэрэгжүүлээд явбал боловсролын салбарт үүссэн хямрал нөхөгдөнө.

УИХ-аас Боловсролын багц хуулийг баталж, энэ хуулиар хүүхдийг шалгалтад биш, амьдралд бэлддэг тогтолцоог бий болгосон гэдгээ Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдэгдсэн. Багш байхгүй бол энэ хууль, энэ реформ хэрэгжих боломжгүй. Тиймээс боловсролын реформыг бодит болгох эхний алхмыг нь шүүмжлэхээ азная.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *