Х.Нямбаатар: Өнөөдөр Монголын талаас ХөОГ-нд оруулах саналаа Францын талд тавина
Францын “Орано” групптэй Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан, ахлагчаар нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ажиллаж байгаа. Энэ өдрүүдэд Францын “Орано” группийн удирдлагууд манай улсад ирээд байгаа юм. Хэлэлцээрийн талаар ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараас цөөн асуултад хариулт авлаа.
-Францын “Орано” группийн төлөөлөл манай улсад ирсэн байгаа гэсэн. Хэлэлцээр ямар түвшинд явж байна вэ. Сүүлийн үеийн мэдээллийг өгөхгүй юү?
-“Орано” группийн дэд захирал Оливер Монголд ирчихсэн байгаа. Бид өнөөдөр 09.30 цагт уулзана. Өнгөрсөн долоо хоногт бид Засгийн газрын хуралдаанаар сонгон шалгаруулсан зөвлөх үйлчилгээний компанийг баталгаажуулж авсан. Мөн эхний ээлжид манай талаас баримтлах чиглэлээ Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр авсан. Өнөөдөр авсан чиглэлийнхээ хүрээнд саналаа Францын талд тавина. Францын тал бидний саналыг аваад тодорхой хугацааны дараа хариу өгөх байх. Ингээд хоёр талаасаа ХөОГ-ий эхний суурь зарчим дээрээ ойлголцолд хүрвэл хэлэлцээр цааш үргэлжлээд явна.
-Хоёр тал аль болох хурдан хугацаанд гэрээ байгуулах байр суурьтай байгаа гэсэн?
-Тийм ээ. Энэ төсөл бол 1997 оноос хойш судлагдсан төсөл. Туршилтын олборлолт, үйлдвэрлэл эхэлчихсэн. Одоо бид цаг алдахгүй ХөОГ байгуулах хэрэгтэй. Гэхдээ аливаа асуудалд хөнгөн хандаж болохгүй. Энэ бол Оюу толгойн дараа хийгдэж байгаа хоёр дахь том хөрөнгө оруулалтын гэрээ учраас бид алдаа гаргахгүйг хичээж ажиллах ёстой.
-Хөрөнгө оруулалтын хэмжээг 1.6 сая ам.доллар гэж байсан. Эцэслэн тогтсон уу?
-Би энэ асуултад хариулахад арай эрт байна. ХөОГ-г хийх тохиолдолд бид хууль эрх зүйн орчноо тодорхой болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагч тал “Энэ харилцаан дээр танайх Ашигт малтмалын тухай хууль, Цөмийн инергийн тухай хууль гээд давхардаж зохицуулаад байна. Тиймээс тоглоомын дүрмээ тодорхой болгож өгөөч ээ” гэдэг асуудал тавьж байгаа. Тиймээс манай талаас үүнийг судлаад хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг гаргаад ажиллаж байгаа.
Нөгөө талдаа энэ хэлэлцээр нууц явж байгаа учраас би өнөөдөр бүх хөзрөө ил болгоод ярихад арай эрт байна. Тодорхой үр дүн гаргаад, хоёр талаасаа нэлээд ойлголцолд хүрсэн зүйлүүдээ хоёр талаасаа харилцан нийтэд мэдээлж болно гэсэн зүйлийн хүрээд ярих ёстой.
-Урантай холбоотой олон асуудал хөрөнгө оруулалтын гэрээ ярихаар хөндөгдөж, зарим нь эсэргүүцдэг шүү дээ. Энэ нь зөвшилцөл хийхэд нөлөөлж байна уу?
-Монгол Улсын Шинжлэх ухааны академи Дорноговийн Дулаан-Уул, Зөөвч-Овоо орд дээр ажиллаад дүгнэлт гаргасан. Олон толгойтой мал төрөөгүй, ойр орчимд аюул учруулаагүй гэдэг ШУА-ийн дүгнэлт гарчихсан. Үүнийг албаны хүмүүсээс асуух хэрэгтэй.
Мэдээж хэрэг хөрөнгө оруулалтын гэрээ хийх гээд яриа хэлэлцээр хийх гэхэд гаднын улс орны захиалгаар, том төсөл хөтөлбөрийг явуулахгүй байх хүсэл сонирхол өнгөрсөн хугацаанд байсан. Одоо ч байгаа. Тэгэхээр бид алийн болгон гаднынхны гар хөлөөс болж өөрсдийнхөө эдийн засгийн хөгжилд чөдөр, тушаа болох вэ.
-Энэ ХөОГ-г зурж чадвал манай улс ураны цахилгаан станцтай болох боломжтой юу. Эхний ээлжид шар нунтгаа үйлдвэрлээд явах уу?
-Шар нунтаг гэдэг хоцрогдсон ойлголт. “U3O08” гэдэг бүтээгдэхүүн. Бидний ойлгож байгаа шар нунтаг гэдгийг 600 орчим хэмийн зууханд халааж, шараад чийгшлийг нь 60-70 хувь байхгүй болгоод дэлхийн зах зээл дээр Олон улсын цөмийн байгууллагын зөвшөөрөгдсөн стандартын хүрээнд “U3O08” гэдэг бүтээгдэхүүнийг худалдаална. Энэ байгууллага нэг грамм болгоныг хаашаа худалдаалж байгаа дээр хяналт тавьдаг ийм л бүтээгдэхүүн. Бидний ойрын үед тавьж байгаа зорилго бол энэ. Цөмийн цахилгаан станц бол дараа яригдах асуудал.
“U3O08” гэдэг бүтээгдэхүүнийг цөмийн түлш болгоход дахиад дөрвөн үе шат дамжина. Үүнийг дэлхийд зургаан улс л хийж байгаа. Тодруулбал, НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн байнгын таван гишүүн тэргүүтэй зургаан улс л цөмийн түлш хийдэг. Тэгэхээр “U3O08”-ыг эдгээр улсуудад зарна. Эдгээр улсад боловсруулж түлш болгоно. Тэгэхээр түлш, цөмийн станц, нунтаг гурав гурван тусдаа ойлголт.
-Ярилцсанд баярлалаа.