ТОМИЛОЛТ: Нэг сумаар хоёр биш гурван туулай
Монгол Улсын нийслэл Улаанбаатар агаарын бохидолтой хотуудын жагсаалтад Энэтхэгийн Делигийн араас бичигдэж байна. Уг нь агаарын бохирдол эрх баригчдын амлалт, арга хэмжээний ачаар жил бүр 10, 20, 30, 40, 50 хувиар буурч өдгөө буурах утаагүй, бүртийх тоосгүй байх байлаа.
Ирэх өвөл “утаагүй” Улаанбаатарын утааг дахин 50 хувь бууруулахаар Эрчим хүчний сайд шахмал түлшний чанарыг сайжруулж, 177.5 тэрбум төгрөгөөр БНХАУ-аас хагас коксжсон нүүрс худалдан авч турших болсноо мэдэгдсэн. Ийнхүү нийслэлчүүдийг турших салбарын сайдын мэдэгдлээс төд удалгүй Засгийн газраас сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулж, коксжсон нүүрсийг хэрэглээнд үе шаттай нэвтрүүлэхийг дэмжив. Иймд иргэдээс хасах, эрх баригчдаас нэмэх үнэлгээ авсан коксжсон нүүрсний ашиг тус, үр дүнг “мянга сонсохоор нэг үз” хэмээсээр БНХАУ-д байрлах коксжуулах нүүрсний үйлдвэрүүдтэй танилцлаа.
Засгийн газрын шийдвэрээр Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Нисэх, Яармагийн орчим, Налайх дүүрэг болон Дархан-Уул аймгийн гэр хорооллын 26,825 айл өрхөд 2023 оны арванхоёрдугаар сарын 15-наас хагас коксон шахмал түлшийг асаагчийн хамт нийлүүлэх болсон. Эдгээр гурван байршлын айл өрхүүдийг хагас коксон шахмал түлшээр хангахад 24,500 тонн хагас кокс, асаагчийн зардалд нийт 32.0 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдана.
Хятадын хагас коксын үйлдвэртэй танилцав
Нийслэлд туршихаар зэхээд буй энэхүү хагас кокс нь иргэдийн мэдэх байгалийн хүрэн нүүрсийг 650-700 хэмд “жигнэснээр” бий болдог байна. Энэ нь шатаах бус халаах технологи гэдгийг онцлох нь зүйтэй. Яг энэ технологиор хүрэн нүүрсийг коксжуулж буй урд хөршийн хоёр үйлдвэрээр оров. Тухайлбал, БНХАУ-ын Шаньси мужийн Shenmu Energy Development компанийн хагас коксын үйлдвэр нь тус бүрдээ 200 мянган тонн хагас кокс боловсруулах хүчин чадалтай дөрвөн зуухтай аж. Жилд 800 мянган тонн хагас коксыг бэлтгэдэг. Тэгвэл хамгийн хачирхалтай нь, нүүрсний гэх тодотголттой энэхүү үйлдвэрийн гол бүтээгдэхүүн нь хагас кокс бус хий, давирхай аж. Товчхондоо, БНХАУ-д үйл ажиллагаа явуулж буй 300 гаруй хагас коксын үйлдвэрийн гол бүтээгдэхүүн нь хагас кокс бус үйлдвэрлэх явцад гарч буй бүтээгдэхүүн гэсэн үг.
Дээр дурдсан үйлдвэрийн тухайд хагас коксыг “жигнэж” бэлэн болгох явцдаа жилд 700 сая м3 шатдаг хий, 60-80 мянган тонн давирхай үйлдвэрлэдэг. Үйлдвэрээс гарч буй хийг цэвэршүүлэн цахилгаан эрчим хүч бий болгодог бол давирхайг тусгай тээврээр давирхай боловсруулах химийн үйлдвэрт нийлүүлж, үүнээсээ дизель түлш, “замын хар” зэргийг гарган авдаг байна. Энгийнээр хэлбэл, нэг сумаар хагас кокс, эрчим хүч, давирхай гэх гурван туулайг буудаж байна гэсэн үг.
Нүүрсний эх орон гэх манай улс энэ чиглэлийн нэг ч үйлдвэргүй байгаа нь харамсалтай. Иргэдийн санал ч энэ чиглэлийн үйлдвэрийг барих шаардлагатай гэдгийг анх туршилт хийхээр мэдэгдсэн үеэс гарсан билээ. Тэгвэл албаныхны хэлж буйгаар манай улс 2025 оноос хагас коксын үйлдвэрийг ашиглалтад оруулна хэмээгээд байгаа. Харин өмнө нь үйлдвэрийн хоёр ч ТЭЗҮ хийгдэж байсан ч, өдгөө дахин үйлдвэрийн ТЭЗҮ-г хийж аравдугаар сарын хагасаас бэлэн болгох аж. Уг үйлдвэрийг 600 мянган тонны чадалтай Багануурын уурхайд түшиглэн барих юм. Хөрөнгө оруулалтыг гаднын санхүүжилтээр шийдвэрлэж, Монголын талаас үйлдвэр барих газрыг гаргаж өгөх юм. Хэрэв ийн үйлдвэрийг байгуулж чадвал эрчим хүч, түлш, утааны асуудлаас багахан ч болтугай нимгэрэх юм.
Ингэж хэлэхийн учир нь, хагас коксыг боловсруулахад гарсан хийнээс ойролцоогоор 30-50 мвт-ын цахилгаан гаргаж авна гэдэг эрчим хүчний хараат улсын хувьд тодорхой хувь нэмэр оруулж буйн шинж. Түүнчлэн, үйлдвэрийг эхний ээлжид 600 мянган тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөж байгаа. Цаашид энэ нь 1.2 сая тонн болж өсөх юм. Манай улсын хэрэглээнээс давсан үзүүлэлт тул бид түүхий нүүрс бус хагас коксжсон нүүрс экспортлох боломжтой болж буй. Тухайлбал, БНХАУ гэхэд л үйлдвэрлэсэн коксжсон нүүрсээ Саудын Араб, БНСУ, Австрали руу экспортолдог. Энэ нь бидэнд нэг дохио өгч байгаа биз ээ.
Хамгийн гол нь утаа буурах буурахгүйн асуудал
Сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах зорилгоор 2-4 дүгээр сард “Тавантолгой түлш” ХХК болон төр, хувийн хэвшлийн лабораториудад хагас коксоор шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэрлэлийн туршилт, галлагаа болон асаагчийн лабораторийн болон практик туршилт, үйлдвэрлэсэн түлш болон асаагчийг лабораторийн шинжилгээ хийж холбогдох үнэлэлт, дүгнэлт гаргах ажлуудыг зохион байгуулсан байдаг.
Дүгнэлтээр хагас коксон түлшний техникийн үзүүлэлт, утаанд агуулагдах хорт хийн хэмжээг мидлингээр үйлдвэрлэсэн түлштэй харьцуулахад дэгдэмхий 51.9, хүхэр 57.7, үнслэг 37.2 хувиар тус тус бага, хаягдал утаанд агуулагдах тоосонцрын хэмжээ 72.6 хувь, хүхэрлэг хийн хэмжээ 85.5 хувь, угаарын хийн хэмжээ 10.8 хувь, азотын исэл 23.5 хувиар тус тус буурсан үзүүлэлт гарчээ.
Товчхондоо, хагас кокс нийслэлд он удаан жил тогтсон утааг багахан ч болтугай багасгах нь судалгаагаар батлагдчихсан. Монголд ч, дэлхийд ч адил. Иймд удаан бодож, удаан хөдлөхөөс илүүтэй хурдан бодож, хурдан хөдлөхгүй бол 2025 он гэхэд хойш суусаар үлдэх нь…