ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛ ҮЙЛДЭГДЭХЭД НӨЛӨӨЛСӨН ШАЛТГААН, НӨХЦӨЛИЙГ АРИЛГУУЛАХААР 24 БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД МЭДЭГДЭЛ БИЧИЖ ХҮРГҮҮЛЛЭЭ

0

Прокурорын байгууллага 2023 оны 9 дүгээр сарын 04-өөс 08-ны өдрүүдэд мөрдөгч болон эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 506 даалгавар бичгээр өгч, эрүүгийн болон зөрчлийн хэрэг бүртгэх, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчлийг арилгуулахаар харьяа байгууллагуудад 8 шаардлага хүргүүллээ.

Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 24 байгууллага, албан тушаалтанд  мэдэгдэл хүргүүлсэн байна. Тухайлбал:

  • Хан-Уул дүүргийн прокурорын газраас  Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны гурвын даваанд П.Э нь Л.Л-д тахимаа өгөх үедээ түүнийг түлхсэн, барилдааны дөрвийн даваанд Ц.С нь  Г.Ж-г барилдааны талбайд тохойлдож, ёс зүйгүй үйлдэл гаргасан гэх зөрчлийн хэрэгт холбогдуулан Үндэсний их баяр наадмын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Монголын Үндэсний Бөхийн Холбооны ёс зүйн дүрэм, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм зэрэг холбогдох хууль тогтоомжийг бөхчүүдэд мэдээлэх, сурталчлах, хууль тогтоомж, дүрэм, журмыг зөрчсөн бөхчүүдэд тухай бүрт хариуцлага тооцох, олон нийт, бөх сонирхогчид, хүүхэд залуучуудад ёс суртахуун, зөв төлөвшил, хүмүүжлийн үлгэр дуурайлал үзүүлэхэд чиглэсэн ажил, арга хэмжээг зохион байгуулах талаар Монголын үндэсний бөхийн холбоонд;
  • Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Б” ТӨХК-н вакцин хадгалах өрөөнөөс вакцин хулгайд алдагдсан” гэх хэрэгт холбогдуулан байгууллагын дотор, гадна талыг бүрэн камержуулах, гэрэлтүүлэг байршуулах, ажилтан албан хаагчдад хууль тогтоомжийн талаар яриа таниулга хийх, дахин дээрх төрлийн гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлж ажиллах арга хэмжээ авах талаар компанийн удирдлагад тус тус мэдэгдэл хүргүүлжээ.

Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, 1 сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй.

Нийслэлийн прокурорын газраас “БНХАУ-ын 60 гаруй иргэний оршин суух зөвшөөрлийг аваагүй, оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн” гэх  зөрчилд холбогдох арга хэмжээг авхуулахаар “С”, “Ө”, “Э” ХХК-ийн удирдлагуудад хүргүүлсэн  мэдэгдлийн мөрөөр тус компаниуд зөрчилд холбогдсон гадаадын иргэдийг нутаг буцаах, ажилтан албан хаагч нарт Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн талаар сургалт орох,  оршин суух үнэмлэх авах, сунгалт хийх ажил хариуцсан ажилтан томилох зэрэг арга хэмжээг авч, энэ тухай хариуг тус прокурорын газарт ирүүлсэн байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *