Нууцад орохоос өмнө “Бодь“-той төмөр зам барих санамж бичиг байгуулж, “Бодь Интернэшнл“-ийн төмөр зам барих тусгай зөвшөөрөл Тавантолгой-Гашуунсухайт төмөр замын гэрээ байгуулагдсаны дараа гарчээ

0

“Нүүрсний хулгай” ярихад хажууд нь заавал хэлэлцэх ёстой зүйл бол төмөр замын бүтээн байгуулалт. Бид өнгөрсөн удаад Тавантолгой Зүүнбаян чиглэлийн төмөр замтай холбоотой ТЭЗҮ-гүй баригдаж эхэлсэн, цэргүүд бүтээн байгуулалтын дөнгөж 14-хөн хувийг гүйцэтгэсэн зэрэг мэдээллийг хүргэсэн. Тэгвэл энэ удаад Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам барих төслийн талаар зарим мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт дээр “Бодь Интернэшнл” ХХК-тай төрийн нууцад хамруулахаас өмнө төмөр зам барих талаар санамж бичиг байгуулж байсан. Мөн төмөр замын бүтээн байгуулалтыг гүйцэтгэх гэрээг байгуулахдаа “Бодь Интернэшнл” ХХК нь төмөр зам барих тусгай зөвшөөрөлгүй байсан. Гэрээ байгуулсныхаа араас нь тусгай зөвшөөрлөө авсан. “Тавантолгой Төмөр зам” ХК нь Тагнуулын Ерөнхий газрын зөвлөмж болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн тогтоолыг зөрчиж бүхэл дүнгээр ерөнхий гүйцэтгэгч “Бодь Интернэшнл” ХХК-тай гэрээ байгуулсан зэрэг ноцтой байж болохуйц хэд хэдэн дүгнэлт гарсан нь анхаарал татаж байгаа юм.

НЭГ, Төрийн нууцад авч ерөнхий гүйцэтгэгчийг сонгохоос өмнө “Тавантолгой Төмөр зам” ХК болон “Бодь Интернэшнл” ХХК хоорондоо төмөр замын барилгын ажлыг эхлүүлэх санамж бичиг байгуулсан байжээ

Эхнийх нь уг бүтээн байгуулалтыг бариулахаар сонгон шалгаруулахдаа төрийн нууцад орсон учраас шууд гэрээ байгуулсан. Шууд гэрээ байгуулах хүрээнд “Бодь Интернэшнл” ХХК-ийг сонгосон гэдэг. Гэтэл төслийг төрийн нууцад орох он цагаас өмнө “Тавантолгой Төмөр зам” ХК болон “Бодь Интернэшнл” ХХК нарын хоорондоо уг төслийг санхүүжүүлэх, төмөр замын барилгын ажлыг эхлүүлэх, цаашдын хамтын ажиллагааны хэлбэрийг тодорхойлох зорилго бүхий санамж бичиг байгуулж байжээ. Уг санамж бичгээ 2019 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр байгуулж, хоёр компанийн хооронд аль хэдийн төмөр замын төсөлтэй холбоотой харилцаа үүссэн байжээ.

Өөрөөр хэлбэл, төмөр замын бүтээн байгуулалтыг төрийн нууцад хамруулсан учраас шууд гэрээ байгуулах нөхцөл бүрдэж, улмаар “Бодь Интернэшнл”-ийг сонгосон бус бүр өмнө нь буюу сонгон шалгаруулалт хийх боломжтой байх үеэс л уг компаниар гүйцэтгүүлэх үйл ажиллагаа явагдаж бололтой.

Мөн “Тавантолгой Төмөр зам” ХК худалдан авалтын журам боловсруулаагүй. Тодруулбал, төрийн нууцад хамруулсан аливаа асуудалтай холбоотой бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад тухайн байгууллаг нь худалдан авах ажиллагааны тусгай журам боловсруулж, худалдан авалт хийх шаардлагатай. Гэвч худалдан авах ажиллагааны журам боловсруулалгүйгээр “Тавантолгой Төмөр зам” ХХК нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалт явуулалгүй “Бодь Интернэшнл” ХХК-ийг шууд сонгосон байгаа юм.

ХОЁР, Төмөр зам барих тусгай зөвшөөрлөө “Бодь Интернэшнл” ХХК гэрээ байгуулсныхаа дараа нөхөж авсан

Өөр нэг сонирхолтой зүйл байгаа нь төмөр замын бүтээн байгуулалтыг гүйцэтгэсэн “Бодь Интернэшнл” ХХК нь төмөр зам барих зөвшөөрөлгүй байхдаа уг ажлыг гүйцэтгэхээр гэрээ байгуулсан байгаа юм. Тодруулбал, Төслийн ерөнхий гүйцэтгэгчийн гэрээг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан бөгөөд төмөр зам барих тусгай зөвшөөрлийг ерөнхий гүйцэтгэгчийн гэрээг байгуулснаас хойш буюу 2019 оны 11 дүгээр сард авсан байна

Өөрөөр хэлбэл, “Бодь Интернэшнл” ХХК нь энэхүү гэрээ байгуулагдах үед төмөр зам барих тусгай зөвшөөрөлгүй, өмнө нь төмөр зам барьж байсан туршлагагүй компани байсан гэж дүгнэжээ.

ГУРАВ, “Тавантолгой Төмөр зам” ХК нь ТЕГ-ын зөвлөмж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн тогтоолыг зөрчиж ерөнхий гүйцэтгэгчтэй бүхэл дүнгээр гэрээ байгуулжээ

Төрийн нууцад орсон тул тухайн үед Тагнуулын ерөнхий газраас уг гэрээг ямар хүрээнд байгуулах талаар 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр тодорхой зөвлөмж болон “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн ТУЗ-ийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 47 дугаар тогтоолоор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын зураг төсөл, барилгын ажил гүйцэтгэх гэрээг зөвхөн төмөр замын суурь бүтцийн хөрөнгө оруулалтын хүрээнд хийнэ гэж заасан.

Өөрөөр хэлбэл, хөдлөх бүрэлдэхүүн болон засварын тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт болох 216 сая ам.долларын худалдан авалтыг гэрээний дүн болон ажлаас хасаж 575.4 сая ам.долларын ажил гүйцэтгэх гэрээ болон санхүүжилтийн гэрээг байгуулах ёстой байв. Гэвч бүхэлд нь хамруулж Ерөнхий гүйцэтгэгчийн гэрээ болон санхүүжилтийн гэрээг байгуулжээ.

Эх сурвалж: ubn.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *