Сурвалжлага: Монголоос олборлох уран хэр аюултай вэ
Дорноговь аймгийн Улаанбадрах суманд орших Бадрах Энержи ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаад ирлээ.
Бадрах Энержи ХХК-ийн 66 хувийг Францын Орано групп, 34 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг. 1997 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн тус компани 2006 онд долоо мянга гаруй тоннын нөөцтэй Дулаан Уул, 2010 онд 93 мянга гаруй тоннын нөөцтэй Зөөвч-Овоо гэх ураны ордыг нээн илрүүлсэн түүхтэй. Манай улсын нийт ураны нөөц 200 орчим мянган тонн байдаг бол Бадрах Энержи ХХК нь Монгол Улсын ураны нөөцийн 50 хувийг эзэмшиж байна. Ийнхүү 25 жилийн хугацаанд хүчин чармайлт гаргасны эцэст Бадрах Энержи ХХК нь Зөөвч-Овоо ордоос тогтвортой олборлолт хийх хөрөнгө оруулалтыг хийх хүсэлтээ Засгийн газарт өгчээ. Үүний дагуу Монгол Улсын Засгийн газраас болон Франц улсын Засгийн газар тус бүр ажлын хэсэг байгуулж, Хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулж буй юм. Бадрах Энержи ХХК-ийн талаас хөрөнгө оруулалтын гэрээг энэ ондоо багтаан байгуулна гэсэн хүлээлттэй байна. Ялангуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн энэ сард Францад хийх айлчлал нь гэрээний явцыг нэг шатаар ахиулна хэмээн харж байгаа аж. Францууд Монголын ураны салбарт хэлтэй амтай, хэрүүлтэй тэмцэлтэй 25 жил ажилласан. Энэ бүхний үр дүн ураны тогтвортой олборлолтоо эхлүүлэх хүсэлтэй аж.
Бадрах Энержи ХХК-ийн гүйцэтгэх захирал Марк Мелеардын өгсөн мэдээллээр “Хөрөнгө оруулалтын гэрээ зурагдсанаар 1.6 тэрбум долларын шууд хөрөнгө оруулалт хийгдэнэ. (ТЭЗҮ батлагдах үед өөрчлөгдөж болно) Энэ ондоо Хөрөнгө оруулалтын гэрээгээ баталж амжвал 2024 онд барилга угсралтын ажлаа эхэлж, 2028 оноос үндсэн уурхайн ашиглалт эхэлнэ. Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр жилд 2500 тонн уран үйлдвэрлэнэ” гэсэн. 1.6 тэрбум доллар гэдэг бол манай улсын хувьд Оюу толгой ордын хөрөнгө оруулалтын дараагаар бичигдэх гаднын шууд хөрөнгө оруулалт юм.
Ингээд та бүхэн хөрөнгө оруулалтын гэрээ хийхээр хүлээгдэж буй Зөөвч Овоо ордтой танилцсан тэмдэглэлээ хүргэе.
Зөөвч-Овоо ордоос уран олборлохдоо газар доор уусган олборлох арга ашиглана
Уурхай гэхээр шороо тоос бужигнаж, том техник холхилдсон тийм л газар төсөөлдөг. Тэгвэл Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрших ураны уурхай энэ төсөөллөөс тэс өөр. Хэсэг газрын торлож хамгаалсан байх бөгөөд хажуу талаар тэмээ бэлчиж байгаа нь ямар нэг аюулгүй юм байна гэсэн итгэлийг төрүүлсэн юм. Торлосон хэсгийг торлол гэх бөгөөд торлол дотор шланкуудыг байршуулжээ. Ураны уурхай гэгч нь ингэж л харагддаг аж. Уурхай мөртлөө уурхай биш ч юм шиг харагдаж байгаа нь ураныг олборлож буй технологитой холбоотой. Ураныг ил, далд, газар доор уусган олборлох гэсэн гурван аргаар олборлодог байна. Ил болон далд уурхайн аргаар нүүрс, зэс олборлодгийг бид мэднэ. Тэгвэл Зөөвч-Овоо ордыг газар доор уусган олборлох аргаар олборлоно. Уг арга нь хамгийн сүүлийн үеийн арга ба байгаль орчинд хамгийн ээлтэй, байгалийн унаган төрхийг хэвээр нь үлдээдэг арга аж.
2021-2022 онд Бадрах Энержи ХХК-ийнхан уг аргыг ашиглан туршилтын олборлолт хийж, 10 гаруй тонн ураны амжилттай олборложээ. Туршилтыг монгол ажилтнууд гардан хийсэн ба нутгийн иргэдээс ч тус багт орж ажилласан байна. Ийнхүү туршилт амжилттай болсноор газар доор уусган олборлох арга нь Зөөвч-Овоо ордод хамгийн тохиромжтой, байгаль орчинд бага нөлөөтэй байгааг баталсан байна.
Уран олборлох нь хэр аюултай вэ
Ураныг олборлоно гэхээр хүмүүс Чернобылийн аймшигт сүйрлийн талаар төсөөлдөг. Монголчууд уранаа олборлоно гэхээр бидэнд ийм аймшиг нүүрлэх вий гэж айх нь бий. Тэгвэл бидний олборлох гэж буй уран хэр аюултай юм бол…?
Бадрах-Энержи ХХК-ийн 34 хувийг эзэмшдэг Мон-Атом ХХК (Засгийн газар)-ийн гүйцэтгэх захирал Д.Далайжаргалын тайлбарласнаар бидний олборлох гэж буй шар нунтаг нь ямар ч хор хөнөөлгүй. Тодруулбал, бидний олборлох гэж буй шар нунтаг нь атомын цахилгаан станцад хэрэглэдэг анхан шатны түүхий эд юм. Энэхүү түүхий эдийг атомын цахилгаан станцтай улс авч боловсруулан станцдаа хэрэглэсэн тохиолдолд дараагийн асуудал яригдана. Манай улсад атомын цахилгаан станц байхгүй, атомын бөмбөг байхгүй учир одоохондоо уранаа хэрэглэж чадахгүй, зарж л чадна.
Үүнээс гадна экспортлох ураныхаа хог хаягдлыг манай улсад булшлах уу гэдэг асуулт гардаг. Тэгвэл олон улсын эрх зүйгээрээ ураныг ашигласан газар нь хог хаягдлаа булшлах асуудлыг хариуцдаг байна. Өөрөөр хэлбэл, манай улс шар нунтгаа экспортолж байгаа нь атомын станцын хог хаягдлыг булшлах шалтгаан болохгүй. Манай улсын экспортолсон шар нунтгийг Франц улс боловсруулж хэрэглэлээ гэж бодоход гарч буй хог хаягдлыг өөрсдөө л зохицуулна гэсэн үг. Харин манай улс нутаг дэвсгэр дээрээ атомын цахилгаан станц баривал хог хаягдлаа хаана булшлах нь дараагийн асуудал болох юм. Одоо шар нунтаг боловсрууллаа гэхэд зөвхөн ахуйн хог хаягдал л гарах юм байна.
Хоёр толгойтой хурга, ишиг…
Ураны сэдвийг даган хоёр толгойтой хурга, найман хөлтэй ишиг гэх яриа гардаг. Уран үнэхээр хүн амьтны урагт нөлөөлж, гажиг болгодог хэрэг үү гэх асуулт хүн бүрд бий.
Тэгвэл 2014-2019 онд Монголын мал эмнэлгүүдийн дундын хоршооноос Улаанбадрах сумын малын эрүүл мэндэд судалгаа хийжээ. Судалгааг хийхдээ ураны ордын тусгай зөвшөөрөлтэй хэсгийн ойролцоо амьдарч буй 15 өрхийн мал, гадна амьдарч буй таван өрхийн малыг хамруулсан байна. Уг судалгааны үр дүнд Улаанбадрах сумын мал сүрэгт тохиолдож буй өвчлөл нь бүс нутгийн малын өвчлөлтэй харьцуулан авч үзэхэд адилхан гарсан аж. Мөн төсөлд хамрагдсан мал сүрэгт хийсэн ажиглалтаар энэ бүс нутагт малын эрүүл мэндийн онц гойд асуудал байхгүйн дээр төвлөрсөн цор ганц голомт байхгүй гэж тайланд дурджээ.
Түүнчлэн тус байгууллагаас 2019 онд ургийн гаж хөгжлийн талаар судалгаа хийсэн байна. Нийт 21 аймгийн мал дээр хийсэн судалгаанаас харахад Дорноговь аймаг малын гаж хөгжлөөр 11-т жагссан байна. Хамгийн сонирхолтой нь уул уурхайгүй аймаг гэгддэг Архангай, Төв аймаг жагсаалтыг тэргүүлсэн харагдана. Судалгааны үр дүн нь малын эрхтэн тогтолцоо болон бүтэн биед тохиолддог эмгэгүүд буюу ургийн гаралтай гаж хөгжил нь Монгол орны бүх аймагт тохиолдож байна гэжээ. Тэгвэл 2023 онд Монголын мал эмнэлгүүдийн дундын хоршооноос дахин Дорноговь аймгийн Улаанбадрах, Айраг, Хөвсгөлсумдыг хамруулан дахин малын эрүүл мэндийн судалгааг хийж гүйцэтгэжээ. Судалгааны үр дүнгээр дээрх гурван сумын мал сүргийн эрүүл мэндийн байдал онцгой ялгарах зүйлгүй, мал сүрэг нийтдээ хоол тэжээлийн болон усны дутмагшилд орсон байна гэжээ. Харин ургийн гаж хөгжлийн статистик дүнгээр Дорноговь аймаг улсын хэмжээнд 16-д жагсаж, 2019 оны үзүүлэлт нь бүр сайжирсан байна.
Бадрах Энержи ХХК-ийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ олон нийтийн дунд төөрөгдөл үүсгэдэг дээрх асуултуудад хариулт авснаа хүргэлээ.
Нэмэлт, мэдээлэл хүргэхэд хөрөнгө оруулалтын гэрээ зурагдсанаар дараах эдийн засгийн бөгөөд нийгмийн өгөөжийг монголчууд хүртэнэ.
- Европын холбоонд чухал нөлөөтэй, гуравдагч хөршийн орноос томоохон шууд хөрөнгө оруулалтын татах нь дараа дараагийн хөрөнгө оруулалтуудыг дуудах урилга болно.
- Францын ураны салбарын технологи дэлхийд тэргүүлдэг. Манай улсад ураны салбарт дэлхийд тэргүүлэх технологи орж ирж нутагшина.
- 1600 гаруй ажлын байр нэмэгдэнэ. Үүний 90-95 хувьд монгол хүн ажиллана.
- Жилдээ 2500 тонн шар нунтаг үйлдвэрлэж, экспортолно.
- Хөдөө аж ахуй, зам тээврийн зэрэг бусад салбарт шинэ хөрөнгө оруулалт хийх боломжууд үүснэ.