Парламентад суудалтай намуудын төлөөлөл Бундестагд ажиллаж байна
Улсын Их Хуралд суудалтай улс төрийн намуудын төлөөлөгчид Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад 09 дүгээр сарын 24-29-ний өдрүүдэд ажиллаж байна.
2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд 126 гишүүнтэй парламент үйл ажиллагаагаа явуулна. Тус парламентын өдөр тутмын үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт болон хуралдааны дэгийг боловсруулахад парламентын соёл өндөр хөгжсөн улс орнуудын туршлагыг судалж, олон улсын сайн жишигт нийцүүлэх шаардлагатай.
Төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх Үндсэн хуулийн өөрчлөлт, Намын дотоод ардчиллыг бэхжүүлж, санхүүжилтийг нь ил тод нээлтэй болгох Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлт, Тогтолцооны хувьд шинэчлэл хийгдэх Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтөд Монгол Ардын Нам манлайлан оролцсон.
Монгол Улс нь 1992 оноос хойш ХБНГУ-ын хууль, эрх зүйн орчныг судалж, хуулийн мэргэжилтнүүдтэй олон жилийн турш хамтран ажиллаж ирсэн түүхтэй. Хуулийн салбарын 30 гаруй жилийн хамтын ажиллагаа нь хоёр улсын хууль, эрх зүйн орчин болоод парламентат ёс, соёлд адил төстэй нөхцөлийг бүрдүүлсэн гэж судлаачид үздэг. Иймээс ч УИХ-д суудалтай Монгол Ардын Нам, Ардчилсан Нам, ХҮН намын төлөөлөгчид ХБНГУ-ын Бундестагд ажиллаж байгаа юм.
Бундестагд ажиллах хугацаандаа парламентын бүтэц, байнгын болон түр хороодын чиг үүрэг, бүрэн эрх, бүрэлдэхүүний тоо, тусгай хороодын эрхлэх асуудлын зааг ялгаа, хүрээ хязгаарын талын мэдээлэл авч байна.
2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд манай улсын парламент анх удаа 126 гишүүнтэй болно. Тэгвэл сонгуулийн дараа Нам эвслийн бүлэг байгуулах журам, Нам эвслийн бүлэг байгуулах гишүүдийн тооны дээд доод хязгаар, Нам эвслийн бүлэгт харьяалагдахгүй гишүүдийн эрх, үүргийн онцлог зэрэг олон асуудлуудын талаар холбогдох эрх бүхий албан тушаалтнуудтай уулзан нарийвчилсан мэдээлэл авч байгаа юм.
Энэ оны 06-р сарын 08-11-ны өдрүүдэд Монгол Улсад Германы Социал Демократ намын дарга Ларс Клингбайл Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний урилгаар албан ёсны айлчлал хийсэн. Энэ үеэрээ анх удаа Ази тивээс анхны улс төрийн хүчинтэй “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулсан нь Монгол Ардын Нам болсон юм.
Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ХБНГУ-ын Бундестагд ажиллах үеэрээ Германы Социал Демократ Намын дарга Ларс Клингбайлтай уулзаж хоёр намын хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцлоо.