Г.Амартүвшин: Жилийн 32 хувийн хүү төлдөг төмөр зам нь мухар, далий
УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороогоор өнөөдөр /2023.10.10/ “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын талаар мэдээлэл сонслоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Амартүвшин жилийн 32 хувийн хүү төлж барьсан төмөр зам нь мухар далий болохыг онцлоод, гэрээг нь өөрчилж хүүг буулгах арга чарга байдаггүй юм уу гэдэг асуудлыг хөндлөө.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатын хариултаар бол боломжгүй аж. Энэ тухай тэрбээр “Оффтейк гэрээтэй төмөр замын төслүүд тухайн үедээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Засгийн газрын шийдвэрт үндэслэж байгуулагдсан юм билээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосны дараа энэ оффтейк гэрээг өөрчилье, гэдэг асуудлыг удаа дараа “Бодь”-д тавьсан. Ам нөхцөлтэй гэрээг хил нөхцөл рүү шилжүүлье, хэлэлцээрт оръё гэдэг асуудлыг тавьсан. Тэдний зүгээс “нэгэнт байгуулагдсан гэрээн дээр дуусах шатандаа орсон байхад энэ асуудлыг босгож тавих байсан бол бид энэ гэрээг хийх байсан уу” гэдэг асуудал ярьдаг. Ийм учраас бид хугацаа нь дуусгавар болсон гэрээг л цуцлаад явсан” гэлээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг бариулахын тулд “Бодь интернэшнл” групптэй оффтейк гэрээ байгуулсан юм. Уг төмөр замын ажлын гүйцэтгэл 82 хувьтай. Гүйцэтгэгч компанийн хувьд 800 гаруй сая ам.долларыг зарцуулсан гэж тайлбарладаг. Мөн төрөөс авах авлага нь 225 сая ам.доллар.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барихын тулд гүйцэтгэгчтэй оффтейк гэрээ байгуулж, өндөр дүнгээр төмөр зам бариулж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д хохирол учруулсан гэдэг асуудал хөндөгддөг юм. Үүнээс гадна уг төмөр зам мухар. Тодруулж хэлбэл, Хятадын талаас тавьсан төмөр замтай холболтын цэг зөрсөн гэдэг асуудал хөндөгдөх болсон. Эл асуудлыг шийдвэрлэхийн тулд холбогдох яамд холболтын төмөр зам барих асуудлыг судалж буй.